Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэг хэрэгслэл нь гаалийн байгууллага

0аөэаөаөЭдийн засгийн ухааны доктор Ph.D

Монгол Улсын нийг­мийн тогтолцоо өнгөрсөн зууны сүүлээр өөрчилөг­дөж, манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих болсон нь төрөөс эдийн засгийг удирдах арга хэлбэрийг үндсээр нь шинэчлэхэд  хүргэсэн билээ.

Эдийн засгийн харил­цааг захиргааны аргаар бус харин эдийн засгийн төрөл бүрийн хөшүүрэг, механиз­мыг ашиглан төрөөс зохи­цуулан удирдах боллоо. Өнөөдөр манай улсад эдийн засгийн бүх салбарыг ха­мар­сан төрийн зохицуулал­тын шинэ тог­толцоо бий болоод байгаа бөгөөд үүний дотор  төрийн гаалийн бодлого, зохицуу­лалт чухал байр эзэлж байна. Гаалийн байгуул­ла­гын олон талт үйл ажил­лагааны харилцааг зохи­цуулсан эрх зүйн үндэс 90-ээд оны эхээр бий болж, улам боловсронгуй болж байна. 2008 онд Ул­сын Их хурлаар Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудын шинэчи­лэн най­руулсан  төслийг батал­сан нь гаалийн үйл ажилла­гааны эрх зүйн хөг­жилд гарсан том өөрчлөлт юм.

Эдгээр хуулиуд  гарс­наар гаалийн байгуул­лагын  үйл ажиллагааг иргэд, ард түмэнд нээлт­тэй байлгах, гаалийн ажилд мөрдөх дүрэм жур­мыг хялбаршуулах, гаалийн ажилтан  авлига авахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, гаалийн хяналт шалгалтыг иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд­рэл­гүй түргэн шуур­хай хийх, гаалийн мэдээл­лийн автоматжуулал­тын төв­шинг дээшлүүлэх эрх зүйн үндэс сайжирсан байна. Мөн гаалийн ха­рил­­цаанд оролцогчид та­виг­дах шаардлага, тэ­дэнд үзүүлэх гаалийн үйлчил­гээний төв­шинг олон улсын стандартад ний­цүү­­лэх боломж бүрдэж байна.

 

Төрийн дотоод болон гадаад бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь гаалийн бодлого мөн. Га­даад худалдааны үйл ажил­­лагааг зохицуулах болон эдийн засгийн аюул­гүй байдлыг хангах, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн болон зохион байгуу­лалтын шинж чанартай иж бүрэн арга хэмжээ нь  гаалийн бодлого юм. Гаалийн бодлого нь гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөт­гөх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь гааль нь  улсын үүд хаалга болж, түүгээр дамжин гадаад худалдаа, хамтын ажиллагааны үйл ажиллагаа явагддаг билээ.

Орчин үеийн нөхцөлд гаалийн албаны үйл ажил­лагааны үндсэн зарчим нь нэг талаас гадаад худал­дааны салбарт  улсын эрх ашгийг хамгаалж, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах,  төрийн эдийн засаг-нийгмийн асуудлыг шийдвэрлэдхэд  дэмжлэг үзүүлэх; улсын төсвийн орлогыг бүрдүү­лэх ажлыг зохион байгуу­лах, нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдээс бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулах тааламжтай нөхц­лийг хангахад чиглэх бо­лов. Бараа, тээврийн хэ­рэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавихтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг зах зээлийн эдийн зас­гийн шаардлагын дагуу хянаж, зохицуулах үүрэг бүхий гаалийн байгуул­лагын шинэ тогтолцоо бүрэлдэн  бий болсон.

Гадаад худалдааны үйл ажиллагааг гаалийн та­риф, татварын хөшүүргээр дамжуулан зохицуулж, улмаар импортын болон экспортын бараанд гаалийн татвар, хураамж ногдуулан төсөвт төвлө­рүүлэх ажлыг гаалийн байгууллага хариуцан гүйцэтгэх болов. Гаалийн байгууллагын олон талт үйл ажиллагааны нэг нь Монгол Улсын хуулиар тогтоосон гадаад худал­даатай холбогдох албан татвар (Гаалийн албан татвар)-ыг  ногдуулан ху­раах, улсын төсөвт төвлө­рүүлэх явдал юм. Гаалийн ерөнхий газрын шугамаар төсөвт төвлөрүүлж байгаа гаалийн татварын орлого нь   Улсын төсвийн орло­гын 40 хүртэл хувь, ДНБ-ий 6 хувьтай тэнцэж байна. Энэ нь гаалийн байгууллага улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.

Гаалийн бодлогын нэг чиглэл нь улсын эдийн засгийн аюулгуй байдлыг хангах. Даяарших үйл явц улам бүр газар авч, том жижиг орнууд олон улсын хөдөлмөрийн хуваарьт татагдан орохын хэрээр үндэсний зах зээлээ хам­гаа­лах асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Манайх шиг жижиг орны хувьд нэг юм уу хэсэг бүлэг орны эдийн засгийн эрхшээлд орж, түүнээс хараат болж тусгаар тогт­но­лоо хүртэл алдах аюул байгаа юм. Үүнээс сэр­гэмж­лэх нэг арга нь гаалийн идэвхтэй бодлого явуулах явдал. Экспортод гаргах боловсруулаагуй түүхий эд, эрдэс баялгийн хэмжээг багасгахаас ава­хуу­лаад үндэсний үйлд­вэр­лэлээ дэмжих хүртэл иж бүрэн арга хэмжээг гаалийн зохицуулалт, гаалийн тариф, татварын бодлогоор дамжуулан хэ­рэг­жүүлэх ажлыг эрчим­жүүлэх нь чухал байна.  Нөгөө талаар гаалийн хяналтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгох шаардлага тавигдаж бай­на. Үндэсний үйлдвэрлэ­лээ гадаадын өрсөлдөө­нөөс хамгаалах, аль эсвэл олон улсын хөдөлмөрийн хуваарьт өргөн оролцож, чөлөөт худалдааг дэмжих зэрэг арга, ухааныг уян хатан хослуулах замаар гаалийн бодлогыг хэрэг­жүүлнэ. Протекционизм буюу дотоод эдийн засгаа хамгаалах гаалийн бод­лого нь гаднаас импортлон  оруулж байгаа бараанд гаалийн өндөр татвар ног­дуулах замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих явдал юм.

Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаа­лах шаардлагын дагуу гаалийн хяналтыг боловс­ронгуй болгоход гаалийн байгууллага онцгой ан­хаарч байна. Гаалийн хяналтын материалаас үзэхэд гааль, татварын хууль зөрчих явдал бага­сахгүй байна. Гадаад ха­рил­цаа, хамтын  ажилла­гаа өргөжихийн хэрээр контрабандын хэрэг, нэртэй пүүс, компанийн нэрийн барааг хуурамчаар үйлдвэрлэж экспортлох явдал улс орныг дамжсан шинж чанартай болж бай­гаа нь гаалийн хяналтыг улам хүчтэй болгохыг шаардаж байна.

Иймээс гаалийн хяналтыг сайжруулахад гаалийн төв байгууллага анхаарч, тодорхой арга хэмжээ авч байна. Гаа­лийн хяналтын хэлбэр, зарчмыг хэрэгжүүлэхэд хяналт бүрдүүлэлт, бүр­дүү­лэлтийн дараахь шал­галтыг зохион байгуулж, орчин үеийн техник тех­нологийн ололтыг нэвт­рүүлэх дорвитой арга хэм­жээнүүд авлаа. Өнөөдөр гол томоохон ачаалалттай боомтуудыг рентген тоног төхөөрөмжөөр хангах, сүү­лийн үеийн компью­тераар үндсэнд нь бүрэн хангаж үйл ажиллагаа явуулах сүлжээ програ­маар хангагдлаа. Гаалийн байгууллагын үйл ажил­лагаанд гаалийн шинэч­лэл төслийг хэрэгжүүлэн ГАМАС-ийн технологийг бүрэн өөрчилж орчин үеийн мэдээллийн дэв­шилтэд технологийн шаард­лага хангасан прог­рамм хангамж  CAIS, CEPS системийг нэвтрүү­лэв. Системийн туршилт амжилттай хэрэгжиж, 2010 оны гуравдугаар са­рын 1-нээс  CAIS систе­мийг төмөр замын дагуухь өндөр хурдны шилэн кабе­лиар холбогдсон Улаан­баатар, Замын-Үүд, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Ор­хон, Дархан, ОУШИГХ, Сайншанд дахь гаалийн газар, хороодод нэвтрүүл­сэн. Улмаар 2010 оны долдугаар сарын 1-нээс CAIS системийг бүх харьяа газар, хороодын гаалийн бүрдүүлэлт хийж буй 35 цэгт албан ёсоор бүрэн нэвтрүүлэв. СAIS системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүрдүү­лэл­тийн программ хан­гам­жид 130 гаруй, мани­фес­тийн программд  90 гаруй, бусад программ хангамжид (DW, RM) 30 гаруй нэмэлт өөрчлөлтийг манай гаальчид гүйцэт­гэсэн байна.

Сүлжээний дэд бүт­цийг боловсронгуй болгох зорилгоор сүлжээ хоо­рондын аюулгүй бай­дал, мэдээлэл дамжуу­лалтын найдвартай байдлыг хан­гах, орчин үеийн сүлжээг нэвт­рүүлж, аймгийн төвд байрлах гурван (Баян-Өлгий, Увс, Дорнод) гаалийн газрыг шилэн кабелиар, ачаалал ихтэй алслагдсан таван ( Ца­гааннуур, Боршоо, Ханх, Арцсуурь, Хавирга) хилийн боомтуудын үйл ажиллагааг сансрын хий­мэл дагуулын VSAT сис­темээр ГЕГ-тай онлайн холбосон болно.

Орхон, Буянт-Ухаа, Цагааннуур, Боршоо, Ханх, Арцсуурь, Хавирга зэрэг гаалийн газар, хо­роо­дын хяналтын бүсийн 28 цэгт хяналтын камер суурилуулснаар гаалийн хяналтын ажиллагааг дүрс­жүүлэн хянах, хад­галах, мөн ГЕГ болон бусад газар, хороодын удирдлага шууд өрөө­нөө­сөө хянах боломжийг бүрдүүллээ.

Гаалийн хяналтыг сайжруулах талаар авч байгаа эдгээр арга хэмжээ нь эцсийн дунд улсын эдийн засгийн аюулгуй байдлыг хамгаалахад чиглэж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих