Египетийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчөө дахин унагахыг хүсч байна

okokОдоогоос хоёр жилийн өмнө “Арабын хавар”-ын давалгаанд өртсөн Египет улсад ард иргэд нь эрх баригч дэглэмийг эсэргүү­цэн жагсаж Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огц­руулж байсан билээ. 30 орчим жил улс орноо да­ран­гуйлж, авлига, хээл хахууль, ядуурлыг гаа­руул­сан Ерөнхийлөгчөө авч хаясан египетүүд “ард­чилал, эрх чөлөө ир­лээ” хэмээн баярлан цэнгэж байсан ч тийм юм бол­сон­гүй. Харин ч ядуурал, эмх замбараагүй байдал улам газар авч, египетүүд тал­цаж хуваагдан хоорондоо тэмцэлдэх нь нэмэгдсээр байна.

Өнгөрсөн бямба гаригт Египетийн Порт Саид хот орчмын шоронгийн ойрол­цоо аюулгүй байдал сахиулах хүчнийхэн болон жагсагчдын хооронд ши­рүүн мөргөлдөөн болсны улмаас дор хаяж 36 хүн амиа алдаад байна. Тэд­ний дотор хоёр цагдаа байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь дотуур цус алдаж, бусад нь бууны суманд өртөн амиа алдсан хэмээн Порт Саид хотын эмнэлгийн дарга мэдэг­дэв. Египетийн эрх бариг­чид тус хотод энх амгалан байдлыг эргүүлэн авчра­хын тулд цэргээ оруулаад байна. Үүний өмнө Суэц хотод армийн танкууд орж ирээд байсан юм. Цэрэг, армийнхан тогтвортой байдлыг сахиулахаас гад­на олон нийтийн, улсын барилга байгууламжийг хамгаална хэмээн Египе­тийн зэвсэгт хүчний штабын дарга, генерал Ахмед Васли мэдэгдлээ.

Нэг жилийн өмнө Порт Саид хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр хоёр багийн хөгжөөн дэмжигчид маргалдаж зо­долдсоны улмаас олон хүн амь насаа алдсан юм. Египетийн шүүх энэ хэрэгт оролцсон 21 хүнд цаазаар авах ял оноосны дараа тус хотод эмх замба­раагүй байдал үүсч, хүчир­хийлэл дэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гарс­ны дараа ял сонссон хүмүү­сийн ар гэрийнхэн, Порт Саид хотын “Аль-Масри” багийн үндсэрхэг хөгжөөн дэмжигчид шо­рон руу нэвтрэхийг оролдон хамгаалалтын албаныхан­тай тулжээ. Иргэд галт зэвсэг, гар аргаар хийсэн гранат ашиглан хамгаа­лалтын албаныхныг дов­тол­сон аж. Энэ үеэр шо­рон­гийн хамгаалалтын албаны хоёр офицер жаг­сагч­дын бууны суманд өртөн амиа алдсан хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Эрх баригчид босогчдын довтолгоог зог­соохын тулд автомат зэв­сэг, хүнд зэвсэглэл хүртэл ашигласан тухай мэдээ ирж байна.

Порт Саид хотод хү­чир­хийлэл дэгдэхээс нэг өдрийн өмнө Хосни Мубаракийн дэглэм нуран унасны хоёр жилийн ойг тэмдэглэж байсан иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, одоогийн Ерөн­хий­лөгч Мохамед Мур­сийг огцрохыг шаарджээ. Суэц хотод болсон жаг­саалын үеэр найман хүн амиа алдсан бол, тэндээс холгүй орших Исмалия хотод нэг хүн амь үрэгдсэн байна. Каир хотод 172, Александр хотод болсон мөргөлдөөнд 102 хүн гэм­тэж бэртжээ.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Суэц хотод жагсагчид цагдаагийн хэс­гийг эзлэн авч, тэнд саатуулагдсан хүмүүсийг суллаж, дараа нь цагдаа­гийн хэсгийг шатаасан байна. Мөн үл мэдэгдэх этгээдүүд Суэцийн сув­гаар орж ирсэн хэд хэдэн хөлөг онгоц руу гал нээ­жээ. Израилийн Хайфа хотоос ирсэн Грекийн хөлөг онгоц буудалтад өрт­сөн бололтой.

Египетийн батлан хам­гаалах зөвлөл яарал­тай хуралдаан хийж ард иргэдийг эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхийг уриалав. Эс бөгөөс эмх замбараагүй байдал нүүр­лэсэн газруудад онц бай­дал тогтоож магадгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих