Алт, зэсийн үнэ огцом хэлбэлзэхгүй

altzesМонгол Улсын эдийн засгийн богцон дахь гол санхүүгийн эх үүсвэр болох хоёр металлын үнийн хандлага энэ онд бидний магнайнд үрчлээ суулгахааргүй байх нь. Бас хагартал нь ч баярлуулахгүй нь. Учир нь алт, зэсийн үнэ төсөв батлагчдын төсөөллөөс энэ онд нэг их зөрөхөөргүй байх прогноз ажиглагдаж эхэллээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар алтны үнэ гэхэд Лондонгийн металлын бирж дээр унци нь 1660-1670 ам.долларын хооронд хэлбэлзэж байлаа. Харин өчигдөр www.bbc.com сайтын үнийн буланд 1670.25 ам.доллар байв. Гэхдээ эл тоо өмнөх өдрөөсөө -6.75 нэгж буюу 0.4 хувийн бууралттай байсан юм. Түүнчлэн зэсийн хувьд тус сайтад мэдээлснээр 8028.50 ам.доллар буюу өмнөх өдрөөсөө 79 нэгжийн бууралттай гэх үзүүлэлтэй гарчээ. Гэвч гурван оронтой тоогоор өөрчлөгдөөгүй уг хэлбэлзлийг нэг их сөрөг өөрчлөлтөд тооцохгүй нь лавтай.

 

АЛТНААС АЛДАГДАЛ ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

 

Шинэ  он гарахаас өмнө шин­жээчид уг хоёр металлын үнийн 2013 оны хандлагыг янз бүрээр тайлбарлаж байсан. Харин дээр дурьдсанаар энэ оны төсөв боловсруулагчдын таамаг олон  ул-сын  судал­гааны байгууллагууд, шин­жээч­дийн төсөөлөлтэй бараг дүйж эхэллээ. Учир нь  энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төсөвт нийт 1257.12 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэх өөдрөг төсөөлөл бий. Үүнд 19.7 тонн алтнаас татварт 121.5 тэрбум төгрөг оруулахаар тооцсон байгаа. Тэгвэл олон улсын зах зээл дээр тус металлын үнэ хэрхэх, шинжээчид ямар байдлаар тайлбарласныг авч үзье. Цахим хуудсуудад зургаан банк болон олборлогч компаниуд, хувь шинжээчид үндсэндээ ойролцоо төсөөллийг гаргасан байна. Хэлбэлзэл нь тэдний шинжсэнээр 1650-2200 ам.доллар байх аж. Тухайлбал Citigroup-ийн шинжээч Д.Вилсон унци алтны үнэ 2013 онд 1695, Standart Chartered bank-ийн Д.Смит 1900, Deutsche bank-ийн Д.Бхебнер 2050, Credit Suisse group-ийн Т.Кендалл, BNP Paribas-ийн А.Трембли 1900, Westpac bank-ийн Ж.Смирк 1650, Bank of America Merrill Lynch-ийн М.Видмер 1750 ам.доллар байна гэж өөрсдийн тайлбараар онцлов. Шинжээчид ийм байдлаар харж болно. Харин гол ашиг ологч буюу олборлогчид эдгээрээс арай өндөр тоогоор төсөөлж байгаа бололтой. Уул уурхайн компаниудын 80 гаруй хувь нь өөр, өөрсдийн таамгаар шар металлын үнийг 1900-2200 ам.долларт байх талаар тооцсон байна.  Хэрэв тэдний эл таамаг үнэн байх аваас бид 2013 онд алтнаас төдийлөн их алдагдал хүлээхгүй. Харин ч татварт 121 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан бол энгийнээр бодоход бараг 140 орчим тэрбумыг халаасална.

Одоохондоо алтны үнийн өсөлт 1700 ам.долларт хүрэхгүй байгаа. Үүнийг зарим шинжээчид сөргөөр тайлбарлаж буй хэдий ч энэ байдал түр зуурын асуудал гэнэ. Учир нь Лондонгийн металлын бирж болон, Нью-Йоркийн “Comex” биржид зэс, алтны нөөц өссөнтэй холбоотойгоор эрэлт багассан байна. Цаашдаа Хятад, Энэтхэгийн алтны худалдан авалт буурахгүй учраас үнэ  өсөх нь тодорхой гэдгийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд тайлбарлажээ. Нөгөөтэйгүүр АНУ, Япон, Хятад, Индонез зэрэг улсууд эдийн засгаа сэргээх олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөт металлын худалдан авалтад сайнаар нөлөөлж байгаа гэнэ. Түүнчлэн баячуудын хөрөнгөө алтанд хувиргах сонирхол хэвээрээ байх учраас үнийн өсөлтөд таатай орчин бий болох бололтой.

 

ЗЭСИЙН ҮНЭ МОНГОЛООС ХАМААРНА

 

Он гарснаас хойш зэсийн үнэ төсөл боловсруулагчдын төсөөллөөс дунджаар 100 ам.доллараар дутуу явж байна. Учир нь 2013 онд улбар металлын ашгаас төсөвт /945 мянган тонн баяжмал/ 457.9  тэрбум төгрөгийг халааслахаар зорьж буй. Ингэхдээ нэг тонн зэсийг олон улсын зах зээл дээр 8152 ам.доллар байхаар тооцов. Харин олон улсын металлын биржүүд дээр тэдний тооцсон үнэд төдийлөн хүрэхгүй байгаа. Энэ үед зэсийн үнэ цаашид хэрхэх талаар шинжээчдийн байр суурь харилцан адилгүй байна гэхэд болно. Яагаад гэвэл манай улсын Оюутолгойн зэс, алтны ордны үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцээд энэ төрлийн металлын нийлүүлэлт нэмэгдэх учраас оны хоёрдугаар хагасаас үнэ нь буурах хандлага бийг ашиглагчид нь онцолж буй. Түүнчлэн Лондон, Нью-Йоркийн “Comex” биржид өнгөт металлын нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор ойрын хугацаанд зэсийн үнэ нэг их өсөхгүй аж. Гэхдээ эрэлт буурлаа гээд 8000 ам.доллараас доош орохгүй гэнэ. Хамгийн гол нь дэлхийд томоохонд тооцогдоод буй Оюутолгойн зэсийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтээс хамаараад оны хоёрдугаар хагаст зэсийн үнэд нэлээд өөрчлөлт орж магадгүйг шинжээчид хэлж байна. Тухайлбал CPM группийн Судалгааны газрын захирал Катерин Вирга “Оюутолгой зэрэг хэд хэдэн томоохон зэсийн орд үйлдвэрлэлээ эхлүүлж буй болохоор хоёрдугаар хагаст үнэ нь буурах магадлалтай” гэжээ. Тиймээс улбар металлын үнэ Монголоос ихээхэн хамаарахыг олон шинжээч онцолж байгаа аж.

 

Гэхдээ Оюутолгойн орд ашиглалтад орлоо гээд зэсийн хэрэгцээ өндөр улсууд манайхаас хамааралтай болчихгүй нь мэдээж. Тус ордоос эцсийн бүтээгдэхүүн биш зөвхөн баяжмал гаргаж байгаа болохоор олон улсын зах зээл дээрх ханшийн хэлбэлзэлд тийм ч хүчтэй нөлөөлөхгүй юм. Ямартай ч энэ онд судлаачдын төсөөлж буйгаар зэсийн дундаж үнэ 8000-8400 ам.долларт хэлбэлзэх аж. Харин Оюутолгойн хувьд үйл ажиллагаа нь жигд байвал 1.1 сая тонн баяжмал экспортлоно гэсэн тооцоо гаргажээ. Шинжээчдийн судалгааны үр дүн харьцангуй байгаа хэдий ч зэсийн ирээдүй өөдрөг харагдаж буй юм. Учир нь энэ төрлийн металлын том зах зээл болох Хятад улсын хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол бий болох магадлалтай учраас эрэлт нь их байна гэсэн үг. Мэдээж хэрэг эрэлт их байна гэдэг нь үнэ, ханшид эерэг орчинг бий болгоно. Ингэснээр зэс үйлдвэрлэгч, баяжмал экспортлогч орнуудын эдийн засаг зэсээс оолох ашигт анхаарлаа хандуулсан хэвээр байх юм. Эцэст нь хэлэхэд алт, зэсийн үнэ, ханш 2013 онд огцом хэлбэлзэхгүй нь бололтой.

 

Л.Баатархүү


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих