Тавантолгойн олборлогч “МакМахон Лимитед” Монголыг орхино гэв

makАвстралийн “МакМахон” холдинг компанийн зүгээс өн­гөрсөн баасан гарагт ийн мэдэгдлээ. Монголын төрийн өмчит “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-тай хамтран ажиллаж, оператор ком­па-ниар ажиллаж буй тус ком­панийн гэрээний хугацаа ирэх дөрөвдүгээр сард дуусах юм. Хэрвээ дөрөвдүгээр сар гэхэд “Эрдэнэс Тавантолгой” сан­хүүгийн асуудлаа шийдэж чадах­гүйд хүрвэл Монголыг орхиж гарч магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Засгийн газ­рын бодлогын дагуу Тавантолгойн ордыг ашиглах­даа баруун болон зүүн цанхи гэж хуваасан. Зүүн цан­хид опе­ратор ком­паниуд ажиллуулж, Баруун цан­хид стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар болж байсан.

 

Энэ хүрээнд өнгөрсөн 2011 оны аравдугаар сард оператор компаниудтай гэрээ байгуулж, Автралийн “МакМахон Лимитед” болон Анлийн “ББМ Оперта” компаниудтай хамтран ажиллаж эхэл­сэн. “Эрдэнэс Тавантолгой” “МакМахон лимитед”-тэй 491 сая ам.дол­ларын гэрээ байгуулсан. Харин тус компани 2012 онд Тавантолгойгоос гурван сая тонн нүүрс олборлож өгөх үүрэг хүлээсэн байдаг. “МакМахон лимитед”-ийн Стратеги, бизнес хөгжлийн ерөнхий менежер Эшли Мэсон “Бид үүссэн нөхцөл байдалд тийм ч их санаа зовохгүй байна. Дөрөвдүгээр сар гэхэд асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа. Компанийн хувьд одоо ч гэсэн Тавантолгойгоос нүүрс олборлож, төлбөрөө хэвийн авч буй. Бид гэрээтэй учраас төлбөрийн хувьд дор хаяж дөрөвдүгээр сар хүртэл найдвартай төлөгдөх болно” гэж Ройтерс агентлагт ярьжээ.

Эргэн сануулахад “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн арван­нэг­дүгээр сараас эхлэн нүүрсний экспортоо зогсоосон. Үүнтэй хол­боо­тойгоор Хятадын “Чалко” компанитай хийсэн урт хугацааны гэрээний заалтыг өөрчлөх талаар хүсэлт гаргаад байсан. Харин “Чалко” өнгөрсөн долоо хоногт хариулт ирүүлэхдээ “Гэрээний үндсэн заалтуудыг өөрчлөх боломжгүй” гэдгийг дурьдсан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” 2013 онд ямар нэгэн IPO хийхгүй гэдгээ мэдэгдсэн гэдгийг ч “Ройтерс” мэдээлсэн байна. Ийнхүү гэрээг өөрчлөх гэсэн Я.Батсуурь захирлын оролдлого бүтэлгүйтэж байна. Тонн нүүрсний үнэ оны сүүлчээр ердөө 53 ам.долларт хүрч, Тавантолгойгоос хил хүртэлх 61 ам.долларын өртгөө ч нөхөж чадахгүйд хүрсэн учраас экспортыг зогсоосон байгаа. Түүнчлэн он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний тээвэр, логистикийн “Алтанбогд” компанид таван тэр­бум төгрөгийн өртэй болж, төлөх боломжгүй болсноор тээвэрлэлт бүрэн зогссон. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” хүнд байдалтай байна. Тус компани Засгийн газраас 500 сая ам.долларын тусламж хүсч буй. Харин Засгийн газраас 350 сая ам.долларыг шийдэж өгнө гэж байгаа аж. Энэ тусламж шийдэгдвэл “Эрдэнэс Тавантолгой” хүнд, хэцүү байдлаас гарах боломжтой гэж захирал Я.Батсуурь хэлж байгаа. Зүүн цанхид гэрээт олборлогчийн үүрэг гүйцэтгэж буй “МакМахон лимитед”-ийн зүгээс ч “Ирэх дөрөвдүгээр сард гэхэд “Эрдэнэс Тавантолгой” Засгийн газрын тусламжтайгаар өрийн асуудлаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байсан.

Гэхдээ асуудлыг шийдэж чадах­гүйд хүрвэл гэрээт олборлогч ком­паниуд лав Монголыг орхих нь. “МакМахон лимитед”-ийн хувьд энэ салбартаа чамгүй томд тооцогддог, дэлхийд нэр хүндтэй компани. Ийм компани Монголоос гарвал бусад хөрөнгө оруулагчдад хэрхэн тусах вэ. Тэр тусмаа Засгийн газрын тогтворгүй, бодлогогүй байдалтай холбоотойгоор шүү дээ. Нүүрс олборлогч гараад явлаа гэхэд “Эрдэнэс Тавантолгой” бие даагаад олборлолтоо жилд таван сая, түүнээс ч их хэмжээнд хүргэх боломжтой юу гэх мэтчилэн олон асуулт “хөвөрнө”. Хөрөнгө оруулагчид Монголын тогтвортой байдалд эргэлзэж эхлэх вий гэсэн болгоомжлол төрөх. Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхан УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ “Хоёр ч компани Монголыг орхих талаар ярьж байгаа” гэсэн зүйлийг дурьдаад өнгөрсөн. Түүнчлэн энэ салбарын мэргэжилтнүүд ч бас “Монголыг чиглэх хөрөнгө оруулалт буурах вий” хэмээн болгоомжилж буй. Өөрөөр хэлбэл, Монголын хөгжлийг түргэтгэх уул уурхайн салбар тэртээ тэргүй хөрөнгө оруулагчдын хувьд “онцгүй” байдалтай болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсанаас хойш хөрөнгө оруулалт эрс татарч, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын гадаадын зах зээл дээрх хувьцааны ханш унасаар ирсэн. Үүн дээр нэмээд шинэ батлагдах Ашигт малтмалын хуулиар төр бүх зүйлийг хянана, хатуу чанга байлгана гэх зүйлийг ярьж буй. Энэ мэт нөхцөл байдлаас хөрөнгө оруулагчид айж байна. Хэрвээ “МакМахон Лимитед” Монголыг орхивол ёстой нөгөө “Дарин дээр давс” гэгч нь болох ч юм бил үү.

“МакМахон Лимитед”-ийн хувьд Тавантолгойгоос ердөө л нүүрс олборлож өгөх үүрэгтэй. Өөрсдийн шилдэг технологи, техникээрээ Тавантолгойгоос нүүрс олборлож өгөөд оронд нь зохих ёсны мөнгөө авдаг. Оператор компаниудыг дагаад шилдэг техник, технологи Монголд орж ирж, нутагших боломж бүрдэнэ гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-н албаны хүмүүс анх гэрээ байгуулахдаа хэлж байсан. “МакМахон” гарлаа гээд Тавантолгой нүүрсээ олборлож чадахгүйд хүрнэ гэвэл арай өрөөсгөл болно. Монголчууд нүүрсний салбарт хангалттай олон жилийн туршлагатай, боломжийн техник, технологитой. Гэхдээ нэгэнт олон улсын гэрээ байгуулсан хойно үүргээ биелүүлж, харилцан ашигтай ажиллах ёстой биз ээ. Өөрөөр хэлбэл, “МакМахон” ч байна уу, өөр хэн нь ч байсан зүгээр л явуулчихаж болохгүй гэсэн үг. Эцсийн дүндээ Тавантолгойд бид дэлхийн шилдэг технологи, тэргүүн туршлагыг ашиглаж байж илүү үр өгөөжтэй, илүү ашигтай ажиллах ёстой болов уу. Тэр хэрээр Монголын ард түмэнд ногдсон 1072 ширхэг хувьцааны үнэ цэн ч өндөр байх боломж бүрдэнэ. Ямартай ч Тавантолгой эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс болж хамтрагч компаниа алдаж магадгүй болжээ.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих