Дагаж мөрдөх ёстой зүйлийг л ёс гэж хэлдэг биш үү?

bokkkӨнөөдөр монгол бөх хөгжиж байна уу гэвэл яалт ч үгүй хөгжиж байгаа. Бөхийн сургууль, дэвжээ олноор байгуулагдаж, үүнийг дагаад зөв цэгцтэй бэлтгэгдсэн залуус тун ч олон болсон. Ямар ч барилдаан байсан улс, аймгийн алдар цолтнууд шижигнэсэн залууст унах нь наад захын үзэгдэл мэт болж. Энэ бол бөх хөгжиж буйн тод жишээ юм. Гэвч сайныг дагаж саар байдаг нь чин үнэн.
Сайхан барилдацгааж буй залуу хүчтэнүүд маань Монгол бөхийнхөө нандин сайхан ёс, уламжлалуудыг ор мөр төдий хийх болсон нь харамсалтай. Гараа дэвээ, шаваа өрөөнөөс эхлээд тахимаа зөв авч өгөх нь цолтой ч цолгүй ч барилддаг хүн бүрийн үүрэг юм. Энэ үүргээ ухамсарлахгүйгээс болж эргээд нийт олны дунд бөхийн нэр хүнд унах бас нэгэн шалтгаан болж байна.
Ахмад бөхчүүд, бөх сонирхогчид “Түвдэндорж аварга мөн ч сайхан гараа дэвээтэй шүү. Тэгж дэвдэг хүний хийморь сэргэлгүй яахав. Тэгээд ханхайтлаа сайхан өрнө. Бас “өмсдөг” Дамдиндорж заан тахимаа хамгийн сайхан өгдөг байсан. Элэг бүсээ тайлаад гүйж ирээд ахмад бөхийнхөө суган доогуур мэхийгээд эргээд гарах нь мөн ч золбоотой шүү” хэмээн ярьдаг.
Бөх сонирхогч гэдэг ганц барилдахыг нь харах биш бүхий л зан үйл, ёс горимыг нь хардгийн баталгаа энэ. Тэгвэл монгол хэлний тайлбар тольд юу гэж тайлбарласныг толилуулъя. “Учирсан хоёр бөх унасан давсанаа харилцан зөвшөөрч, унаснаа баталж ахмад дээд цолтой бөхийнхөө суган доогуур тэргүүнээ мэхийн гарч, бие биеийн ууц хонгон дээр гараа хүргэж эетэй дотносон хүндлэн, дараа сайн барилдахыг илэрхийлдэг монгол бөхийн хүндлэх ёс” гэжээ.
Гэтэл сүүлийн үед яаж хүндлэх ёс гэж үзэх вэ, заримдаа тахимаа өгөх гэж ар шилэн дээр нь нидрэх, тохойлдох, хоорондоо хорон үг шидэлцэх зэрэг сөрөг, муу үзэгдлүүд гарч, учраагийнхаа ууц хонгонд гараа хүргэх ёстой байтал зэгсэн сайн алгадчихаад бушуухан гүйдэг “мода” дэлгэрчээ. Заримдаа бүр тахимаа өгөлгүй шууд явчихдаг болж.
Ингэж хэрхэвч болохгүй. Дагаж мөрдөх ёстой зүйлийг л ёс гэж хэлдэг биш үү? Хэн нэгэн дур зоргоороо өөрчилж, орхигдуулдаг байж таарахгүй. Тиймээс мянга, мянган оныг өртөөлж ирэхдээ алдалгүй хадгалсаар ирсэн нандин сайхан ёс уламжлалууд бидний үед ирээд устаж болохгүй. Барилдаж, ноцолддог, өөрийгөө бөх гэж боддог бүхэн үүнийг анхаараасай.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
Эх сурвалж: “Бөх”

URL:

Сэтгэгдэл бичих