Киргизэд гуравдахь хувьсгал гарах уу?

Одоогоос яг нэг жилийн өмнө цөөн буюу 5,3 сая хүн амтай, далайд гарцгүй, эдийн засгийн хөгжил сул зэргээрээ Монголтой төстэй Киргиз улсад Курманбек Бакиевын дэглэмийг эсэргүүцсэн ард олны хөдөлгөөн дэгдэж, түүнийг түлхэн унагасан билээ. Өнөөдөр тус улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй, парламентын тогтолцоотой Төв Азийн анхны орон болжээ. Энэ хувьсгалын дүнд тус оронд ноёрхож байсан гэр бүл, отог омгийн дангаар захирах дэглэмийг түлхэн унагааж, парламентын засаглалыг тогтоосон билээ. Засгийн эрхнээс зайлуулагдсан К. Бакиев гэр бүлийнхээ хамт одоогоор Беларусь улсад байгаа бөгөөд Лукашенко түүнийг Киргизийн эрх баригчдын гарт шилжүүлж өгөхөөс татгалзсаар байгаа юм.      .
Хэдийгээр улс төрийн салбарт шинэчлэл явагдаж байгаа ч эдийн засагт нь ухралт гарснаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад хүрчээ. Энэ тухайд ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудыг судлах хүрээлэнгийн Дунд Ази, Казахстаны хэлтсийн эрхлэгч Андрей Грозин дорхи дүгнэлтийг хийж байна.
«Киргизид үүссэн асуудал нь ихэнхдээ эдийн засгийн сул хөгжилтэй холбоотой юм. Тус улс ньТажикстаны нэгэн адил ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсуудын дотроос хамгийн ядуу, эдийн засгийн хөгжил доройд тооцогдож байсан. Ер нь бол өндөр уулын бүсэд оршдог орнуудын хөгжил сул байдаг нь түүхийн явцаас харагддаг юм. Киргизийн улс төрчид өөрийн оронд тулгарч буй эдийн засгийн бэрхшээлүүдийг тус улсад газрын тос, байгалийн хийн ордууд байдаггүйтэй холбон тайлбарлах нь бий. Гэхдээ гол шалтгаан нь байгалийн баялаг байхгүйдээ биш, харин Киргизийн дээд зиндааныхны өөрсдийнх нь мөн чанарт нь байгаа юм. Орд газрууд огт байхгүй гэж ярих нь ч бас өрөөсгөл юм. Хэмжээгээр бага ч гэсэн хийн хэд хэдэн орд тус улсад бий, бас аварга том Жерой гэдэг алтны уурхай байдаг. Харамсалтай нь, эдгээр баялаг нь тус улсын төсөвт олигтой орлого оруулдаггүй . Гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй бараг тэнцэж байна. Энэ бүхэн нь дээд зиндааныхан уул уурхай, эрчим хүчний салбараас орох орлогыг бараг бүгдийг нь халаасалдагтай холбоотой юм» гэж Оросын тоймч үзэж байна.
Энэ мэт олон шалтгаанаас үүдэн “Дөрөвдүгээр сарын” хувьсгалаас хойш ердөө ганц жил өнгөрч байхад Киргиз улсад дараагийн гуравдахь хувьсгал гарч магадгүй тухай дам яриа нэгэнт газар авчээ. Энэ хавар улс орны нийгэм-улс төрийн байдал хурцдаж магадгүй байгаа тухай Ерөнхийлөгч Роза Отунбаева ярьсан нь уг асуудал бодитой байж магадгүйг харуулж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, киргизүүд парламентын тогтолцоо болон улс орныхоо шинэ удирдлагад сэтгэл дундуур байгаа юм. Учир нь эрх баригчид нийгэм-эдийн засгийн байдлыг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа ажээ. Улс төр судлаач, « Дөрөвдүгээр сар» гэдэг хөдөлгөөний удирдагч Бакыт Бакетаевын үзэж байгаагаар, тус улсад энэ хавар дахин хувьсгал гарч магадгүй байгаа бөгөөд жагсаал цуглаан хаврын дунд үеэс эхэлж намар хүртэл үргэлжлэх гэнэ. Бүр тодорхой хэлбэл, эсэргүүцлийн ажиллагаа 4 дүгээр сарын 7-нд эхлэх ажээ. Ноён Бакетаев 2010 оны эхээр хувьсгал хэдийд гарах тухай яг таг урьдчилан хэлж байсан удаатай.
« Хүн амын 80 хувь нь шинэ засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Цалин хөлс нэмэгдээгүй, нийгмийн халамжийн салбарын байдал огт дээрдэж өөрчлөгдөөгүйн дээр ЗГ-ын хийж байгаа ажил ил тод бус байгаа нь хувьсгал гарах магадлалыг бий болгож байна» гэж тэрбээр ярьжээ. Түүний үзэж байгаагаар, гуравдахь хувьсгалын хөдөлгөгч хүч нь парламентад суудал авч чадаагүй 24 нам байх гэнэ. « Ноднингийн хувьсгал авлигын эсрэг чиглэсэн байсан бол энэ удаагийнх « нийгмийн « шинжтэй байх болно” гэж Бакетаев онцлон дурдсан байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн тохиолдолд ард олныг тогтоон барихад тун хүндрэлтэй байх болно гэдгийг Киргизийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Эмильбек Каптагаев хүлээн зөвшөөрч байна. Түүний хэлснээр, эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд улс орны байдлыг хяналтандаа авч, тогтворжуулж чадах улс төрийн хүчин одоогоор байхгүй ажээ.
Харин үүнийг парламентын гишүүд эрс үгүйсгэж байна. «Өнөөдөр төрийн бүтцэд байдал маш өөр болсон. Парламентад 5 улс төрийн төлөөлөл байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох дөхөж байна. Киргизид гуравдахь хувьсгал гарахгүй, харин парламент дахь олонхийн эвсэл задарснаар Засгийн газар огцорч, оронд нь шинэ эвсэл, сайд нарын танхим байгуулагдаж магадгүй. Гуравдахь хувьсгал гарах урьдчилсан нөхцөл бүрдээгүй» гэж Жогорку Кенеш-ийн /Киргизийн парламент/ депутат Ташболот Балтабаев ярьж байна. Парламент ард олны итгэл найдварыг биелүүлж чадаагүй болохыг тэрбээр хүлээн зөвшөөрчээ.
Саяхан Киргизийн хүний эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөгчид Вашингтон хотод байрладаг Нээлттэй нийгмийн хүрээлэнд болсон уулзалтын үеэр “ Дөрөвдүгээр сарын хувьсгалын” үр дүнг хэлэлцэн ярилцсан юм.
Хүний эрхийг хамгаалагчид Киргизид хууль сахиулах болон шүүхийн тогтолцоонд шинэчлэл хийх нь чухал болохыг онцолж байлаа. Өнгөрсөн оны 6 дугаар сард Киргизийн өмнөд нутагт гарсан үндэстэн хоорондын мөргөлдөөн нь хууль сахиулах болон шүүхийн байгууллагуудын ажилд маш олон ноцтой алдаа дутагдал байгааг илрүүлсэн юм. Киргизийн Үндэсний комиссын мэдээгээр, мөргөлдөөний явцад 426 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний 276 нь узбекүүд, 105 нь киргизүүд байжээ.
Киргизийн ТББ-уудын эвслийн тэргүүн Динара Ошурахуновагийн үзэж байгаагаар, 2010 оны 4 дүгээр сарын 7-ны хувьсгал нь ард олон, иргэний нийгмийн итгэл найдварыг биелүүлж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Түүний хэлснээр, улс оронд зарим нааштай өөрчлөлтүүд гарсан хэдий ч иргэний нийгмийнхний дэмжлэгээр засгийн эрхэнд гарсан хуучин сөрөг хүчнийхэн одоо болохоор төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахыг оролдох болсон байна. «Бид парламент дахь фракцууд болон засгийн газартай гар нийлэн ажиллахад суралцаж байна. Тиймээс иргэний нийгмийнхэн, парламентын гишүүд, төр, захиргааны байгууллагынхан хамтын ажиллагааны шинэ арга барилд суралцах хэрэгтэй болохыг тэрбээр цохон дурдсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Роза Отунбаева төрийн бус байгууллагуудыг нилээд дорвитой дэмждэг хэдий ч шинэ үндсэн хууль ёсоор шинэчлэл хийхэд хангалттай эрх мэдэл төрийн тэргүүнд байдаггүй ажээ.
Өнөөдөр олон улс төрчид Киргиз улс парламентын засаглалд шилжихэд эрт байна, Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Отунбаева ардчилсан шинэчлэлийг санаачилсан цөөхөн хүмүүсийн нэг гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг санаачилга цаашид дэмжлэг авах уу гэдэгт эргэлзэж байна. Ошурахунова хэлэхдээ, « засгийн эрхэнд ардчилагчид гараагүй, харин хувьсгалаас өмнө улс орныг захирч тэр хүмүүс л буцаж ирсэн» гэсэн юм.

Б.Адъяахүү

МонЦаМЭ


URL:

Сэтгэгдэл бичих