Тураалд орсон Тавантолгой минь

ajnai_zoosТавантолгой тураалдаа орчихжээ. Зуны халуунд өтөндөө баригдсан мал турж эцээд нэг л ёозгүй байдаг даа. Яг л тийм зовлон Тавантолгойд учирчээ. Өр хэмээх өтөнд баригдаад одоог хүртэл таргалахгүй байгаа юм байна. Түүн дээр 300 тэрбум өт шавчихаж. Үүний 190 тэрбум нь “Чалко”-ийнх, 110 тэрбум нь арилжааны банкнуудынх гэсэн. Тэгээд үр төл нь сар бүр үржээд л олон болоод байгаа гэнэ.
Хэрэв 300 тэрбум өтөө эзэнд нь буцаагаад өгчихвөл Тавантолгой тарга хүчээ авч, зуны дэлгэр цагт ашиг шимээ монголчууд бидэндээ хайрлачихаар юм билээ. Харин тэр өтнүүдээ Тавантолгой өөрөө буцааж өгөх чадалгүй байгаа юм уу даа. Яаж ийгээд Засгийн газар өтийг нь үр төлтэй нь цэвэрлэчихвэл Тавантолгой өөдөө гарна гэсэн. Тэгээд “Чалко”-д өтнүүдийг нь буцааж өгөөд ч олигтой таргалахгүй юм билээ.
Цаана нь хоёр талын гэрээ гэж бас том өт байгаа гэнэ. Тэрийг нь Засгийн газар устгах тусгай ажиллагаа боловсруулж буй гэсэн. Уг нь Тавантолгойн өтийг цэвэрлээд зуны халуу шатаж ялаа шумуул шавахаас өмнө аятайхан таргалуулаад авчихвал арга нь олдоно гэсэн. Түүнийг өөд нь татчих өөр хөрөнгө оруулагч хайх юм байна. Энэ бол манай Засгийн газрын бодлого. Даанч тэр гэрээг нь цуцлахад 50 сая ам.доллар хэрэгтэй юм байна.
Тэр мөнгө нь манай Засгийн газарт байхгүй л дээ. Монгол минь мөнгөгүй болчихоод бондоо гаргаад өр тавьчихсан шүү дээ. Хаа хаанаа л зовлонтой юм. Ядахад яр гэгчээр Оюутолгой гэдэг юм байна. Бас л явуургүй шинжтэй юм Ерөнхий сайд хэлчихнэ лээ. Хөрөнгө оруулагчид нь хоёр тоон дээр манайхныг будилуулаад байгаа юм билээ. Эхлээд 4.4 тэрбум амдолларын хөрөнгө оруулалт хийчихээд одоо болохоор 6.7 тэрбум ам.доллар гээд тас гүрийчихсэн.
Энэ хоёр тооны учрыг яаж ийж байгаад олчихвол гэрээг сайжруулах эсэхийг цаашид судлах юм байна. Бас л Засгийн газрын толгойг гашилгаж тусгай ажиллагаа шаардаж байгаа бололтой. Сүүлийн үед Оюутолгой нэлээд “но”-той гээд учир мэдэх хүмүүс ярьдаг болсон. Тэр үнэн болж таарав. Оюутолгой минь бас өтөндөө баригдаад өмхийрчих вий.
300 тэрбум өтөнд баригдсан Тавантолгойгоо яаж таргалуулъя даа байз. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэсэн үг бий. Тэгээд л энэ компани өөдөлдөггүй юм байна. Тавантолгой минь таргалчихвал монголчууд бид бүхэн ч таргалах юм даа. Ингэхэд Тавантолгойг тэгтлээ тураалд нь оруулсан эзэд нь хэн юм болоо. Ямар хорлонтой өтнүүд вэ.
Эх сурвалж: “Өөр мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих