Хятад орон үрэлгэн байдалтай тэмцэж эхэллээ
Өнөөгийн байдлаар Хятад улс жилдээ 50 сая тонн хоол хүнсийг үрэн таран хийж байна. Энэ нь үнэндээ Хятадын 200 сая хүний нэг жилийн хоол хүнстэй тэнцэж байгаа юм.
Хятад хүмүүс олуулаа цуглан зоог барихдаа маш их хоол захиалдаг. Тэгээд түүнийгээ идэж барахгүй ихэвчлэн хогийн сав руу асгачихдаг. Сэтгүүлч Бээжин хотын Ү дао көү гудамжны зоогийн газруудаар явж сурвалжилсан байна. Зоогийн газруудын хананд “Үрэлгэн байдлаа багасгаж, соёлч боловсон хооллоё” гэсэн самбар өлгөөтэй байдаг ч хооллоод гарсан хүмүүсийн ширээг харахад хөндөөгүй загас, мах, ногоо гээд төрөл бүрийн хоол ундаа үлдээж хаясан нь тоогүй. Хумьж аваад гарч байгаа нь өдрийн од шиг цөөн ажээ. Зоогийн газрын эзэн сэтгүүлчид хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хүмүүс хоол ундаа идэлгүй үлдээх нь элбэгслээ. Ялангуяа албаны мөнгөөр хооллож байгаа хүмүүс бүр их хаядаг. Авсан хоолныхоо бараг тал хувийг ч бардаггүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, сарын борлуулалт 200 мянган юань бол 50—80 мянга нь албаны зардлаар хооллосон байдаг. Үнэндээ 2 хүн хоол идэхэд нэг хоёр хоол захиалбал хүрэлцээтэй. Тэгэхэд хүмүүс 5-6 хоол захиална. Тэр их хоолыг яаж идэж барахав дээ. Хаяад л гарна. Албаны мөнгөөр 10 хүний хоол авах бол бүр их үрэн таран хийнэ. Зарим хоолондоо бараг гар ч хүргэхгүй хаяад гарна. Нэг хүний 200 юанийн баримжаагаар хоол захисан гэж бодоход 10 хүний 2000 юань. Үүнээс наанадаж 1000 юанийг зүгээр хаяж байгаа юм шүү дээ гэжээ.
Их хоол аваад хаяад гардаг нь Хятадуудын нэг онцлог болжээ. Хүмүүс нэр нүүрээ бодоод ингэдэг юм гэж төрийн өмчийн аж ахуйн нэгжид ажилладаг Фү овогтой залуу хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, гэр бүл, садан төрлөөрөө хамт зоог барьж байгаа хүмүүс ерөнхийдөө үлдсэн хоолоо боолгож аваад явдаг. Харин албаны дайллага бол хүмүүс нэр нүүрээ бодоод үлдсэн хоолоо тэр болгон авдаггүй, хаяад л гардаг. Энэ үнэхээр бодууштай асуудал. Ингэж үрэн таран хийгээд байж болохгүй гэжээ.
Үрэн таран хийж байгаа хоол хүнсний дийлэнх нь албаны дайллага болно. Иргэд үүнд маш их саналтай байгаа юм.
Их сургуульд ажилладаг Жан хатагтай хэлэхдээ, албаны мөнгөөр ингэж хэмжээгүй дайллага зохиож болохгүй. Хэрвээ засгийн газрын салбар бол тэд ард түмний татварын мөнгийг хэрэгцээтэй газарт нь зарахгүй ингэж үрэн таран хийж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй. Хүмүүсийн татвар төлсөн мөнгө бол тэдгээр хүмүүст өгсөн хоолны зардал биш, харин үүгээр өөрийн биедээ үйлчлүүлэх гэсэн мөнгө юм гэжээ.
Сүүлийн үед Хятад орон олон арга бодлого авч, албаны хүлээн авалтыг цэгцэлж байна. Сянганы Да гүн бао сонины орлогч редактор Ма Хао лян энэ талаар тэмдэглэхдээ, хоол хүнсийг үрэн таран хийж байгааг зогсооход нэг талаар тогтолцооны талаас эхлэх, мэдээллийг ил болгох болон хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, нөгөө талаар засгийн газраас нийгэм олныг удирдан дагуулах арга хэмжээ авч, хүн төрөлхтний амь золгодог үр тариаг эрхэмлэн, үрэн таран хийхийг жигших дадал суулгах хэрэгтэй.
Сүүлийн үед Хятад оронд “үрэн таран хийхгүй, арвилан хэмнэх” шинэ хэлбэр буй болж байна. Мөн энэ тухайд интернет сүлжээнд дэлгэрсэн “Тавгаа хоослох” гэсэн үйл ажиллагаа нийт олны халуун дэмжлэгийг хүлээж байна. Энэ арга хэмжээнд хүмүүсийг идэх хэмжээгээрээ хоол авч, бараагүйгээ аваад гарах хэрэгтэй. Ширээн дээрээ хаяад гарч болохгүй. Хүн бүхэн үр тариаг хэмнэдэг дадалтай болох хэрэгтэй гэж уриалсан юм. Үүнийг хүмүүс ихээхэн сайшаан дэмжиж байна.
\Ц\ china radio
URL: