Д.Арвины гишүүн байх эсэхийг цэц шийднэ
УИХ-ын гишүүн Д.Арвинг оны өмнө тангараг өргүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн нэгэн иргэний ирүүлсэн гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээр болжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх сарын 1-нд товлосон байна. Тухайлбал, Д.Арвинг тангараг өргөхийг зөвшөөрсөн СЕХ-ны 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тухайн иргэн үзсэн аж.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь оролцоогүй байхад тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцон Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Арвинг УИХын гишүүнээр сонгогдсонд тооцож, Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлсэн СЕХ-ны тогтоол нь Үндсэн хуулийн 1. 2, 21. 2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Хэрвээ уг мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдвол Д.Арвины УИХ-ын гишүүн байх эсэх асуудал хөндөгдөх магадлалтай юм.
ЦАГ ТӨР
URL: