Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төлөвлөгөө 109.5 хувиар биелэлээ
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн 2012 оны жилийн эцсийн мэдээгээр 5 төрлийн санд 685.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулахаас 750.4 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд оруулж орлогын төлөвлөгөөг 109.5 хувиар биелүүлээд байна. Төв, орон нутгийн нийгмийн даатгалын санд сарын хуваарийн дагуу санхүүжилтийг олгож, иргэдэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээг цаг хугацаанд үзүүлж нийгмийн даатгалын сангаас 899.3 тэрбум төгрөгийг зарцууллаа.
Нийгмийн даатгалын төвлөрсөн сангаас хийсэн урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тооцвол 18110.3 сая төгрөгийг татан төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагад 16362.8 сая төгрөгийн урсгал, 1781.6 сая төгрөгийн хөрөнгийн санхүүжилтийг олгосон байна.
2012 оны жилийн эцсийн мэдээгээр улсын хэмжээнд нийгмийн даатгалын ажил үүргийг гүйцэтгэхэд 1409 хүн ажиллаж, 20799.5 сая төгрөгийг батлагдсан төсвөөс 18411.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 2388.0 сая төгрөг хэмнэжээ. Харин нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу төв, орон нутгийн нийгмийн даатгалын сангийн зарлагаас давсан орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 3 удаагийн тушаалаар 132.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлагнах хуваарийг батлуулж, холбогдох ажилтнуудад хүргүүлсэн төдийгүй төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудын нийгмийн даатгалын сангийн 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Сангийн яамны нэгтгэлийн “Plastic” програмаар хөрвүүлэн турших ажлыг амжилттай хийж дуусгалаа. Мөн сангийн болон байгууллагын 2012 оны 12 дугаар сарын мэдээг гаргаж Сангийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлээд байна.
URL: