Судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог бүрдүүлнэ

IMG_2071“Судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг БШУЯ санаачилж, МУИС, ШУТИС-тай хамтран нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Нийт 150 хүн оролцсон уг хэлэлцүүлэгт холбогдох мэргэжилтэн, эрдэмтэд судалгааны их сургуулийг байгуулахад тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьж, дугуй ширээний ярилцлага хийсэн юм. Дэлхийд нэр хүндтэй сургуулиуд бүгд судалгааных байдаг. Манай улс өнөөг хүртэл сургалтад суурилсан их сургуулийн тогтолцоотой явж ирсэн. Өдгөө их сургуулиудын хөгжил зогсонги байдалд орсон нь, мөн бүтэц, зохион байгуулалт хуучинсаг байгаа нь судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.Хэлэлцүүлгийг цаашид улиралд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ үеэр БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг “Монгол хүнийг боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, аж үйлдвэрлэл, бизнес санхүүгийн салбарт дэлхийн тавцанд бэлтгэх, улмаар Монгол Улсыг дэлхийн тавцанд тэргүүлэх үндэстэн болоход ихээхэн хувь нэмэр оруулах явдал нь Монгол Улсын мэдлэгийн институциуд, дээд боловсролын сургалтын байгууллагуудын эрхэм үүрэг юм.

Улс орны хөгжилд “Антрепренер” үзэл баримтлалтай сургалт, судалгааны их сургуулийг хөгжүүлж улмаар академик мэдлэгийг бизнес сэтгэлгээтэй нягт холбож их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал хамгийн чухал болохыг өндөр хөгжилтэй орнуудын туулж ирсэн түүхэн замнал бидэнд тодорхой харуулж байна. Иймд сургалтанд сууриласан их сургуулиудын түүхэн замнал, загвар болон арга замуудаа эргэн харж улс орныхоо болон өөрийн хэв шинжиндээ тохирсон сургалт-судалгааны их сургуулийн алсын хараа, хөгжлийг өндөр шатанд гаргахад төрийн өмчийн их сургуулиудын гүйцэтгэх үүрэг нэн чухал болж байна.

Монгол Улсын дээд боловсролын бодлогын цогц асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний мэдлэгийн тогтолцоог зөв удирдан чиглүүлэх, их сургуулиудаас төрөн гарсан шинжлэх ухааны шинэ мэдлэгийг үндэсний үнэт баялаг болгож, мэдлэгт сууриласан эдийн засгийг улс орны хөгжлийн хэлбэр болгож, их сургуулиудыг улс орны нийгэм-эдийн засагт манлайлах үүрэг гүйцэтгэхэд төр засгийн байгууллага, их сургууль, хувийн салбарын хамтын ажиллагаа ихээхэн шаардлагатай байна. Иймд “Шинэчлэлийн Засгийн газар”-аас боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, байгаль, орчин, нийгэм-хүмүүнлэгийн бүх салбарт шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, тэдгээрт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн идэвхижүүлж нийгмийн бүхий л шатанд ажлын чанарыг сайжруулахыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна.

Энэ чухал цаг үед Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас санаачлан “Судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэх нь” асуудал ба шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн дэмжлэгтэйгээр МУИС, ШУТИС-тай хамтран зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын их сургуулиудын өнөөгийн байдлыг дүгнэж, Засгийн газар, их сургуулиуд, аж үйлдвэрийн хамтын оролцоотой судалгааны их сургуулийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай стратегийн бодлогыг боловсруулахад зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход  чиглэгдэж байгаа билээ.

Цаашид дээд боловсролын сургалтыг сайжруулах, судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд цуврал нээлттэй хэлэлцүүлгийг Та бүхний идэвхитэй оролцоо, санал санаачлага, сэтгэл зүтгэл, дэмжлэгтэйгээр хийхээр БШУЯамнаас төлөвлөж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих