УИХ-ын гишүүд амаа хамхихаар шийдэв үү. аль эсвэл…

uiiiУИХ-ын чуулганаар Хэв­лэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцээд зарим нэгэн гишүүд яг л далдын хар малгай өмссөн мэт чив чимээгүй байхыг чухалчилж байгаа харагдсан. Уг нь бол өөрсдийнх нь эрх ашиг, хүсэл сонирхолт хөндөгдөж буй үед хувьдаа сонинтой, телевизтэй, сайттай гишүүд ам уралдан өөрсдийн хүсэл сонирхлыг илэрхийлж болох л байсан. Яг таг эхнээс нь тоолбол УИХ-д хэвлэлтэй гишүүдийн тоо арваар хэмжигдэхгүй их гэдгийг нь бид мэднэ. Зөвхөн орон нутгаас сонгогдсон гишүүд гэхэд бүгд аймагтаа өөрийн гэсэн сонин, телевизтэй.  Түүнийгээ дангаар нь эзэмшдэггүй юм гэхэд хамт-ран эзэмшигч нь болсон байдаг. Гэтэл энэ удаад тэдний хэн нь ч ил тодоор зарлаж, эрх ашгаа хамгаалахыг хүссэнгүй. Магадгүй УИХ-ын чуулганы хуралдааныг хоёр ч телевизээр ил тодоор шууд цацсан болохоор тэдний амаа жимийх шалтгаан нь үүнд оршиж байсан байж болох.

 

Тэгвэл нөгөө нэг хүчин зүйл нь өнгөрсөн УИХ-ын чуулганаар баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт. Уг хуулийн гишүүд жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрч байгаа бол өөрсдийнхөө эрх ашигтай хамааралтай хуулийн төсөлд өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхгүй байх бүрэн эрхтэй. Тэр дундаа санал хураалтад оролцохоос татгалзаж, бусад гишүүддээ шийдвэр гаргах эрх чөлөөг эдлүүлэх ч ёстой. Энэ удаад хувьдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй эздүүд дээрх хуулийн хэрэгжилтийг хангахаар чухалчилсан байж болох. Гэхдээ л яагаад нэг нь ч гэсэн “Редакцийн хараат бус байдлыг хамгаалахын төлөө бид давуу эрхээсээ татгалзахад бэлэн байна” гэж хэлж чадсангүй вэ. Энэ бол нөгөө л ашиг сонирхолтой холбоотой зөрчил. Иймд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах гэж байна гээд бүх асуудлыг таг чиг байдлаар намжаах бус асуудалд шударгаар хандах эр зоригтой байхыг эгэл олон бид шаардах хэрэгтэй бололтой.

Энэ ч утгаараа дараа, дараагийн чуулганд нэр бүхий гишүүдээс тодорхой нэгэн асуудалд нийтийн эрх ашгийг зоригтойгоор хамгаалж, өөрийн хүсэл сонирхлыг хязгаарлах арга ухаанд суралцахыг шаардах хэрэг гарах нь. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй хувьдаа банктай гишүүдийн зүгээс арилжааны банктай холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаагаа ил тодоор илэрхийлэх. Энэ талаар өөрийн санаа бодлыг илэрхийлснийхээ дараа УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тохиолдолд хуралдаанд суухгүйгээр барахгүй кноп дарахгүй байж болох юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гэхэд “М-Си-Эс” группын эрхэлж буй бизнесийн хүрээнд өөрийн үзэл бодол, байр суурийг ямар байдлаар илэрхийлэх вэ. Олны ойлгосноор бол УИХ-аар нарийн, өргөн царигийн асуудал хэлэлцэхэд Л.Энх-Амгалан гишүүн “М-Си-Эс”-ийн хувь эзэмшигчийнхээ хувиар байр сууриа илэрхийлбэл энэ нь дээрх хуулийг зөрчих ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-д яг тэр хууль нь хэр хэрэгжиж байгаан бол гэдэг нь тун эргэлзээтэй. Ердөө дуугүй байх гэдгээр хууль биелүүлж байна гэж харвал энэ нь ч тун өрөөсгөл тайлбар болох юм.

Наад зах нь, Засгийн газрын сайд өөрсдийн эрхэлдэг бизнесийнхээ чиглэлээр сайдын алба хашиж байвал энэ нь хэр зөв хуваарилалт болоход хариулсан хүн лав алга. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэг хэсэг ашиг сонирхлын зөрчилтэй ганц нэг сайдын талаар санал бодлоо илэрхийлж байсан ч өнөөдөр энэ талаар дуугарах хэн ч алга. Ер нь бүх сайдуудын цаана байгаа бизнесийг яг таг мэдэж, тэр бүхнээс нь ашиг сонирхлыг нь хамгаалж чадаж байна уу. Хэдийгээр үүнийг Авлигатай тэмцэх газарт өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлэг төдийхнөөр тайлбарлаж болох ч эцсийн дүндээ гэр бүлийн буюу ах, дүү хамаатан садангийнх нь бизнесийн эрх ашгийн зааг хэмжүүрийг өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй байгаа юм. Иймд төрд сонгогч олны итгэлийг дааж гарсан бол, төрийн бодлогыг чиглүүлж байгаа бол ашиг сонирхлын зөрчлөө ердөө амаа хамхих маягаар илэрхийлнэ гэвэл үнэнээс дэндүү хол бөгөөд худал хуурмаг сэтгэгдэл төрүүлэх аж. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарчмыг олон нийтэд тодорхой болгож, улстөрчдөд байр сууриа нууцалж үлдэх боломжийг олгохоос нь сэргийлэх цаг ирсэн санагдана. Тэгэхгүй бол тэд амаа хамхидаг, эс бол далдуур үгээ хэлэн үзэл бодлоо нэгтгэдэг тийм л жишиг рүү урсахаар ойлгогдоод эхэлчихэв бололтой.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих