“Монгол бөх” чуулга уулзалт зохиохоор болжээ
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны удирдлагууд Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийн хүсэлтээр уг зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийн даргаар Монгол Улсын аварга Д.Сумъяабазар ажилладаг юм. Энэ уулзалтад зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болох дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, аварга О.Балжинням нар ирсэн байна.
Тэд ССАЖЯ-ны удирдлагуудад олимп тив дэлхийн төрөлд ордог спортын төрлүүдээс гадна үндэсний бөхийг улам боловсронгуй болгох ёстой хэмээн санал солилцжээ. Учир нь Монголын Үндэсний бөх олон жилийн турш соёлын өвийг хадгалан, өвлөн тээж ирсэн болохоор ССАЖЯ-ныхан анхаарах хэрэгтэй гэсэн байна.
Мөн Үндэсний бөхийг хэрхэн хамгаалж, цэвэр ариун, ёс жудагтай байлгах талаар санал солилцож, үндэсний спортод эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байгаагаас гадна, хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дуулгасан байна.
Тэд Монгол үндэсний бөх нь спорт, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн учир шинэчлэл хийхийн тулд “Монгол бөх” чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар тохиролцжээ.
Д.Жавхлан
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: