“Фрийдландын парламент”-ыг тараая
Д.Зоригтыг огцруулах гэсэн биш Фрийдландын “цэргүүд”-ийг илчилж өглөө-
Дэлхий дахинаа ҮХЭЛ ТАРИГЧ гэх зартай луйварчин Канадын иргэн Фрийдландад манай сайдууд Оюутолгойн ордоо алдчихаад сууж байгаа. Хэн хэн нь энэ нөхрийн хань хамсаатан, гар хөл нь болж буйг УИХ-ын чуулганы нээлттэй хуралдаан харууллаа. Сайд Д.Зоригт харийнхны ашиг сонирхлыг хамгаалагч гэдгээрээ олонд танигдсан. Тэр тусмаа парламентын танхимд бүр ч ойлгомжтой байна билээ. УИХ-ын гишүүд нэг хэсэг нь “Монголынхоо төлөө”, нөгөө хэсэг нь “Мөнгөний төлөө” хар, цагаанаараа талцлаа, ялгарлаа. Энэ нь сайн хэрэг. Д.Зоригтыг огцруулахаас илүү эрхэм чухал зүйл гэвэл энэ л байлаа. Хууль тогтооогчдыг хахуульдсан гэх яриа ортой юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө. Тэд өмнө нь 300 сая ам.долларыг, одоо Д.Зоригтыг сайдын суудалд авч үлдсэнээрээ 220 сая ам.долларыг “Энержи ресурс”-аас халааслах сураг ч гарлаа.
Чуулганы дараа Засгийн газрын сайдууд Ардын намынхантайгаа саарал ордны зүүн жигүүрийг доргитол найрлалаа. Харин “Монголынхоо төлөө” гэсэн цөөнх “Бидэнд ялах цаг гарцаагүй ирнэ” гэсэн итгэл өвөртлөн уван цуван ордноос гарцгааж байлаа.
Фрийдландын “цэргүүд” УИХ-ын чуулганд юу айлдав
УИХ-ын гишүүн Х.Наранхүү:
Монголд хэрэгждэг хууль гэж хаана байна. Бидний баталсан хууль ямар билээ.
Захын жолооч нарыг хар л даа. Хотын дотор дүрэм, журам хэрэгжиж байна уу.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Залуу хүн учраас алдаж болно. Улс төрийн ашиг хонжоо хайсан этгээдүүд залуу сайд руу зохион байгуулалттай дайралт хийж байна. Би үүний эсрэг байна. Сайдыг хамгаална.
УИХ-ын гишүүн А.Тлейхан:
Сайдыг огцруулах гэсэн долоон үндэслэл нь хангалттай биш байна. Утааны хор уршиг нь сайдаас болоогүй.
УИХ-ын гишүүн, Ардын намын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд:
-Оюутолгойн төсөл дээр Ардын нам дангаараа яваагүй. Хамтарсан Засгийн газрын хийж яваа ажил. Хамтарсан Засгийн газар зөв зүйтэй гэж яриад явж байгаа. Сайд С.Баярцогт, Д.Зоригт нарт Засгийн газраас анхааруулга өгсөн. УИХ өөр өөр өнцгөөс хараад хэмхэртлээ маргалддаг. Дараа нь ажил хийдэггүй л байхгүй юу. Сайдыг огцруулах үндэслэл биш гэж үзэж байна. Огцруулах хэрэгтэй бол би өөрөө оруулаад ирнэ. Хариуцлагатай ярина шүү.
УИХ-ын гишүүн, Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан:
-Олон талаас нь маш нухацтай ярьсан. Д.Зоригт том чулуу хөдөлгөсөн. 2014 он гэхэд түлш, эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Алдсан алдаа дутагдал байгаа юу гэвэл байгаа. Хаана хаанаа хариуцлага ус, агаар мэт хэрэгтэй байна.
Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэгчид чуулганд юу айлдав
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-Сайдыг огцруулах асуудлыг хаа нэгтээ гудамжнаас биш. Гэнэтийн уур бухимдлаас биш. Огцруулах долоон үндэслэл тавьсан. Нийслэлд 12653 өрх цахилгаангүй харанхуйд амьдарч байна. Утаа гамшгийн байдалд хүрсэн. Сайд энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд төсөвт нэг ч төгрөг суулгаж оруулж ирээгүй. Бид хөөцөлдөж байгаад таван тэрбум төгрөг төсөвт суулгаж өгснийг үрэн таран хийсэн. Ажлаа мэдэхгүй сайдыг огцруулах ёстой. Мэддэг чаддаг нь хийг л дээ.(УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр залуу хүнийг гээд л үг хэлж эхэлтэл гишүүн маань унтууцан “Хуцаад байгаарай. Муу лицензний эзэн гэх нь сонсогдлоо)
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:
-Сайдыг огцруулах үндэслэл хууль эрх зүйн баталгаатай. Гэтэл олонхиороо хамгаалаад авч гарах нь л дээ. Д.Зоригтыг огцруулах олон үндэслэл бий. Зөвхөн долоог авсан. Дархан цаазтай газрыг хамгаалалтын бүсээс хууль зөрчиж гаргаад лиценз олгосон сайд. Могойт голын ДЦС барина гээд бас л хууль зөрчсөн. Гурав дахь нь өнөөдөр яригдаж байгаа асуудал. УИХ-ын 39, 40, 57-р тогтоолуудыг бүхэлд нь зөрчсөн. Хуулиас ангид дур зоргоороо ажиллаж байгаа сайд. Гол усны эх, ай сав, ой модыг сүйтгэж байгаа сайд. Хариуцлага, хяналт гэж манайд байна уу. Сайд нь хууль зөрчөөд байхад жирийн ард иргэдээс юугаа шаардах болж байна аа?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Усны эх, ай сав, ой газарт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглахыг хориглосон хууль баталсан. Сайд энэ бүхнийг зөрчсөн. Туйлын хариуцлагагүй явдал болоод байна. Лиценц олгосон гэхэд л 192, 361, 1700 гэсэн гурван өөр тоог ирүүлж байгаа. УИХ-ын тогтоолыг зөрчсөн. Засгийн газрын тогтоол зөрчсөн. Монгол Улсын хууль зөрчсөн. Хариуцлага алдсан сайдыг огцруулах нь ердийн үзэгдэл. 2008 оноос ихэд эмзэг ханддаг болсон нь төрийн хэрэгт зохисгүй зүйл. УИХ-ын даргаас хариуцлага тооц гэсэн албан тоот хүргүүлсэн учраас сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:
-Сайд бүх зүйл зөв зүйтэй гэж ярилаа. УИХ-ын тогтоолыг зөрччихөөд түүнийг яаж зөв болгож хамгаалж гарах гээд байгаа юм бэ. Эхлээд анхааруулсан. Дараа нь донгодох тэгээд гурван сарын цалинг хасах юм байна л даа. Хууль зөрчсөн хүнийг хамгаалахаа больё л доо.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Хууль дээдлэх үү, үгүй юу гэдэг л асуудал яригдаж байна. УИХ-ын 57-р тогтоолыг зөрччихөөд энд худлаа яриад сууж байна л даа. Тавантолгойн орд, Төмөртэйн ордын хагасыг орхичихоод ирсэн сайд л даа. Ойн сав, усны эх хагалбар газарт нийтдээ 192 лиценз хууль зөрчөөд олгочихсон сайд. Хүүхдийн мөнгийг гэр бүлд олгочихоод сайд огцорч байсан. Жирийн үзэгдэл. Засгийн газар УИХ-ын өмнө хариуцлага хүлээх хуультай. Сайд Д.Зоригт Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллаж болох л байсан. Огцруулах нь зүйтэй байх аа.
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Огцруулах ёстой. Хэрвээ хамгаалж үлдвэл УИХ өөрөө эвгүй байдалд орно. 2008 онд уул бүрийг, жалга бүхнийг ухлаа. Гол горхийг усгүй болголоо. Ашигт малтмалын хайгуул хийх, газар шороогоо ухаж төнхөхийг зогсоохын төлөө, хуулиа дээдлэх гэсэн нэг хэсэг хүн зүтгэж байна. Хууль хэрэгждэггүй юмаа гэсэн бас хэсэг хүн байна. Хэрэгжихгүй хууль баталдаг юм бол бид энд сууж юугаа хийх юм бэ. Больё л доо. Хэрэгжихгүй хууль гаргадаг. Сайд нь өөрийнхөө дур зоргоор ажилладаг бас ажиллахгүй ч байж болдог болох нь л дээ. Энэ Д.Зоригтыг дэмжээд байгаа хүмүүс чинь нөгөө урт нэртэй хуулийг уландаа гишгээд Монгол орны газар шороог ухаад, алтыг нь аваад явахыг дэмжиж байгаа хүмүүс болж таарч байна. Хамгийн энгийнээр хүмүүс ингэж ойлгоно.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Харамсаж байна. Нэг амаараа шударга эх орончийн дүр эсгээд байдаг. Нөгөө амаараа энэ олигархи бүлэглэлийг хамгаалаад байдаг. Одоо бүр УИХ-ын гишүүд хууль тогтоогчид маань жирийн иргэдтэй барьцдаг болж байна. Гишүүн Х.Наранхүүгийн хэлснээр. Ичээч ээ. Жолооч нар дүрэм биелүүлэхгүй байна гэнэ. Тийм болохоор УИХ-ын гишүүн сайд хууль зөрчиж байгаа юм байна л даа. Арай ч дээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр залуу хүн болохоор хууль зөрчиж алдаж болдог юм байна л даа. МАН дангаараа хуралдаад Д.Зоригтыг авч үлдэх гээд. Хаана байна. Нөгөө хамтарсан энэ тэр гээд байсан Засгийн газар. Ядуурал ихэслээ. Иргэдийн маань 50 хувьд хүрч байна. Ард түмэн үнэхээрийн туйлдаж байна, цаана чинь. Цагаан сар хаяанд ирлээ. Хүмүүс бүгдээрээ тэтгэврийн зээл рүү гүйлдэж байна. Хамаг байдаг өөдтэй өнгөтэй бүхнээ ломбардад тавьж байна. Нөгөө та нарын зээлж ирээд байгаа 21.000 төгрөг рүү чинь урт цуваа үргэлжилж эхэллээ. Ард түмэн зээл рүү хөвөрч байна. Хаана байна тэр сайхан болчихоод байгаа амьдрал. Гэтэл Фрийдландын банк зузаарч, түүний олсон ашиг хэдэн тэрбумаар ам.доллараар тоологдохоор урсаж байна. Манайд ирж байгаа ашиг алга. Тавантолгой чинь болохгүй байна аа. “Эрдэнэс Тавантолгой” компани нь байгуулагдаагүй байна. Улсын бүртгэлд ч алга. Биднийг сайхан хуураад л сууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Бид сайн үйлс хийх гэж энд сууцгааж байгаа. Эхлээд Эрүүл мэндийн сайдыг огцруулах санал гаргасан. За юүх вэ л гэсэн. Сангийн сайд С.Баярцогтыг огцруулах болсон. Хамтарсан Засгийн газар энэ тэр гэсээр байгаад болж бүтээгүй. Сайдуудтай хариуцлага тооцоод байсан бол энэ Засгийн газар шал өөр байх байсан. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр нийлж байгаад энэ Засгийн газрыг байгуулсан. Д.Зоригтыг огцруулдаггүй юм бол бидний гурван гишүүн дахиад нэг сайдыг огцруулахаар дараачийн долоо хоногт өргөн барина. 1994 онд дөрвөн ч Засгийн газрыг огцруулсан. Сайд огцрох нь асуудал биш ээ. УИХ сонгуулийн хуулиа баталж өгөөд, 2012 оны 06-р сард энэ Засгийн газар огцрох хамгийн шударга явдал болно.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Д.Зоригтод энэ Засгийн газар барьцаалагдсан байна. Амьдрал сайжирсангүй. Бололцоо байна уу гэвэл байна. Хэдхэн хүн дээгүүрээ “сэм хуйвалдаж”, нам болоод хагартлаа баяжаад, Монголын хамаг өөдтэй өнгөтэй бүхнийг гадаадынханд өгч байна. Зөвхөн “Айвонхоу”-д гэхэд л таван тэрбум ам.доллар алдчихсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд сууж байна. Тийм гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ Зоригт миний ард түмнийг ядууруулсан. УИХ-ын тогтоолыг гуйвуулсан сайд бол Д.Зоригт. Урт нэртэй хууль хэрэгжихээ байсан. Малаа бэлчээх бэлчээргүй, гэрийн ханаа дугуйлах газаргүй болгон миний ард түмнийг ингэж хохироосон хүн бол Д.Зоригт. Нийслэл хотыг утаанаас арилгах талаар арга хэмжээ аваагүй. Уурхайд 43 хүн амь насаа алдаад байхад яагаад энэ сайдтай харицуцлага тооцож болохгүй гэж. Төр засгийн газар ард түмний хооронд итгэлцэл алдарч байна. Д.Зоригтоос болж дараачийн сайдыг огцруулахаар өргөн барина. Энэ Засгийн газар тарна. УИХ яах болж байна. Улсын хөгжлийг Д.Зоригт 30 жилээр хойшлуулсан. УИХ-аас гэрээ байгуулах эрх олгосон. Юу хийснээ УИХ-д тайлагнаагүй. Бүх мэдээллээ нууцалсан. Хөөцөлдөж байж олж авсны дараа булхай нүгэл хоёр нь нүдээрээ гарсан. Монгол Улсын хууль тогтоомжийг үл ойшоосон. Монгол орны газар шороог гадныханд худалдсан сайд бол Д.Зоригт.
birduud.com
URL: