Ц.Нямдорж: Хэвлэл мэдээллийн байгууллагад шургалсан улс төрчдийг зайлуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос уг хуулийн төсөлтэй холбогдуулан байр суурийг нь сонирхлоо.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ямар асуудлыг зохицуулбал өнөөгийн шаардлагад нийцэх вэ?
-Та нар үнэн үг сонсох гэж байна уу. Үнэн үг сонсох гэж байгаа бол үүн дээр ганц л үг бий. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад шургалсан улстөрчдийг зайлуулах хэрэгтэй. Телевиз, сонин, сайтын эзэд нь улстөрчид. Эдгээрийг хэвлэл мэдээллээс зайлуулж холдуулах заалтыг уг хуульд оруулж, бүгдийг нь зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө худлаа болно. Би 1997 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бичсэн хүн. Э.Бат-Үүл, Т.Ганди хоёр гуйж, би бичиж УИХ-аар оруулж баталж байлаа. Түүнээс хойш шинэ телевиз, сонин, сайт гарч ирсэн ч бүгд улстөрчдийн зэвсэг боллоо. Зарим улстөрч 2-3 сонин, телевизтэй байна. Өдөр бүр өрсөлдөгчийнхөө талаархи худал мэдээллээр ард түмний тархийг угаадаг болсон. Би 2007 онд УИХ-ын даргын ажлыг өгөхдөө сануулга өгч “Монголд хэвлэлийн амин сүнс тасарлаа” гэж хэлж байсан. Бохир улстөрчдийн гарт хэвлэл мэдээлэл тэр чигээрээ орсон. Үнэндээ хэвлэлийн эрх чөлөөтэй юм шиг атлаа хамгийн эрх чөлөөгүй улс Монгол болчихоод байна. Улстөрчид хөрөнгө мөнгө тааруу байгааг нь далимдуулж эрхлэгчдийг нь гадаадад хувийнхаа зардлаар явуулж юм үзүүлчихээд хариу шанг нь гүтгэлэг тараах байдлаар зохицуулдаг болчихсон. Гол асуудал бол энэ.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас телевизүүдэд сануулга өгсөн. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар хэвлэл мэдээлэлд оролцдогоо болих хэрэгтэй. Сүүлийн үед гаарлаа. 30 телевизэд тэнсэнгийн хугацаа өгч байна. Гуравдугаар сарын 1 хүртэл алдаагаа зас, засахгүй бол арга хэмжээ авна гэж хариуцсан агентлагийн дарга нь дарамталж, сайтуудад хувийнхаа мэдээллийг оруул гэж Засгийн газар шахаж байгаа биз дээ. Энэ чинь Засгийн газар хэвлэлийг атгандаа оруулж, түүгээр ард түмний тархийг гартаа барих гэсэн оролдлого. Би 10 жил сайд хийхдээ ийм зүйл нэгийг ч оруулж байгаагүй. Хэдийгээр би Монголд хамгийн их муулуулж бичүүлдэг хүн. Гэхдээ нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч үзээгүй. Өнөөдөр хууль хэлэлцэж байгаа нь надад сонин биш. Хуулийг гоё болгох гэж байна гэдэг нь ард түмэн, сэтгүүлчдийг хууран мэхлэх гэж байгаа зүйл. Өөр юу ч биш. Асуудал үүнд л байгаа юм. Манайх шиг гурав, дөрвөөр нь сонин, телевиз авчихсан улстөрчидтэй орон дэлхийд байхгүй. Үүнийг шууд хориглох хэрэгтэй. Нэг бол хэвлэлийнхээ ажлыг эрхлээд яв. Эсвэл улстөрөө хий гэдэг сонголтыг улстөрчдийн өмнө тавих хэрэгтэй.
URL: