Тенор, Сопрано, Баритон хоолойтнуудын хүчийг шавхагч ”Тоска”
Нэг, хоёр, гурав… Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ингэж дохиураараа тогшиход түүний гарын хөдөлгөөнийг дуучид, хөгжимчид нүд алдалгүй харах ажээ. Тайзнаа УДБЭТ-ын алтан гургалдайнуудын нэг СТА Б.Эрдэнэтуяа, Армяны тенор Ованес Айвазян нар дуурийн хэсгээс дуулна. Тэд дуурийн Флория Тоска, Марио Каварадоссийн дүрийг бүтээх юм. Харин тэдний хажууд ирэх сард олон улсын дуурийн дуулаачдын наадамд өрсөлдөх СТА, гоцлол дуучин О.Хүрэлбаатар “Тоска” дуурийн дүрүүдийн нэг Чезаре Анжелоттийн дуулах хэсгээ бэлтгэх ажээ. Ингэж л тэд алсаас ирсэн зочинтойгоо ирэх ням гаригт тайзнаа амилах “Тоска”-гийн бэлтгэлийг базааж байв. Энэ дуурьт хэн дуртай нь дуулчихдаггүй. Тенор, сопрано, баритон хоолойтнуудын хүчийг шавхдаг, хурцалдаг бүтээл учраас дуучдаас ур чадвар, авьяас шаарддаг бүтээл юм. Хөгжимчид, удирдаачийн хувьд ч ялгаагүй дадлага туршлага шаардсан дуурьт багтдаг байна. Гурван бүлэг, гурван үзэгдэлт дуурийг манай улсад анх 1982 онд тавьсан түүхтэй. Харин “Тоска” дуурийг Ромын “Костанци” театрт үзэгчид анх үзсэн гэдэг. “Тоска”-д ардын жүжигчин Х . У р т н а с а н , А . Х а в л а а ш , гавьяат жүжигчин Д.Банди нар анх тогложээ. Харин 1994 онд эл дуурийг шинэчлэн тавьж, залуу уран бүтээлчдийг хамруулсан аж. Дуурийн хэсгээс сийрүүлбэл, Ром хотын төвд орших нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно. Энэ зуур Ромын эрх чөлөөний төлөө тэмцэгч, хоригдол Чезаре Анжелотти Каварадосси уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана. Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ. Тоска Каварадоссийн зурсан хөргийг харангуут өөрийнх нь танил сурвалжит бүсгүйтэй адилхан болохыг ажиж хардах сэтгэл төрнө. Харин Каварадосси сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан зөвхөн түүнд хайр сэтгэлтэйгээ баталж буйгаар дуурь эхэлснээр үйл явдал цаашид өрнөх ажээ.
Б.Сэлэнгэ
URL: