Хаана амьдрахыг Э.Бат-Үүл зааж, хэнтэй суухыг Ж.Батзандан мэднэ, Цахимыг ЗГ хянана. Энэ Ардчилал уу, дарангуйлал уу?
Ерөнхийлөгчөөс мессеж иржээ. Өмнө нь баяр ёслол бүрээр Сү.Батболд, Н.Алтанхуягаас мессеж авч байснаас биш Ц.Элбэгдоржоос ирээгүй тул содон санагдаж сонирхон уншлаа. Ерөнхийлөгч мессеждээ энэ онд хүн бүр амжилтаа ахиулсан, урагш тэмүүлсэн сайхан жил болохыг ерөөжээ. Тэрээр Монголын гар утастай болгонд ийм утгатай мессеж илгээсэн байх. Энэ бол Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртсоны дохио гэдгийг гадарлах хүн олон.
Ардчилсан төр иргэдийн олон эрх чөлөөг боомилж буйг ардчилсан Ерөнхийлөгчид хариу мессежээр хүргэх гэтэл refly хийх тодорхой дугааргүй байв.
Ард түмнийхээ унаж буй машиныг нь явуулахгүй, амьдарч буй газрыг нь булаана, барьсан байшинг нь нураана, үзэж буй телевизийг нь хаана, мэдээлэл дамжуулдаг хэвлэлийг хянана, эфирийг нь хаах гэнэ. Иддэг талх, махны үнийг бууруулж, авдаг цалинг нь нэмээгүй байж хаах, боох, булаах нь ардчилсан төрийн дарангуйлал биш гэж үү.
Хаана амьдарч, ямар машин унаж, аль телевиз үзэж, хэнтэй үзэл бодлоо хуваалцахаа ардчилагчдаар заалгаад зогсохгүй хэнтэй сууж, хэний хүүхэд гаргахыг мөн л тэд заах юм гэнэ. Бас болоогүй ээ. Цагаан сараар хэрхэн баярлаж, аав ээждээ ямар бэлэг өгөхийг хүртэл улстөрчид заадаг болж. Дарга нарын заавраар хүн шиг амьдарч, улс шиг хөгждөг юм болов уу.
СОЛГОЙ РУЛЬ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН PR БАЙЖЭЭ
Хотын даргаас мөн л мессеж ирэв. Тэрээр ням гаригт баруун талдаа жолоодлоготой машиныг хөдөлгөөнд оролцуулах уу, үгүй юу гэж асуужээ. Асуулгад оролцсон хүмүүсийн 75 хувь нь татгалзсан хариу илгээсэн гэнэ. Ингээд хотын дарга даагаа нэхэж дахин мессеж бичнэ гэдгээ телевизийн ярилцгаар зарлав. Хоёр дахь асуулга эхлэхээс өмнө Ерөнхийлөгч хотын даргад баахан банга хүртээлээ. Засаг дарга нарын уулзад оролцож нэг загналаа, Засгийн газрын хуралдаанд тааллаараа тухалж хоёр дахиа зандрав. Эцэст нь хотын дарга хоёр дахь санал асуулгыг цуцалжээ.
Асуудал нь машины руль баруун, зүүндээ ч биш, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлдээ л байж. Машины руль сэдэв биш, харин хоёр хүний сонгуулийн PR байсан нь ил боллоо. Зүгээр ч сонгуульдахгүй олон мянган жолоочийн уур бухимдлыг барах ямар хэрэг байсан гэж. Ардчилагчид хүний сэтгэл зүйгээр ингэж тоглосон нь харин ч эерэг дүн авчрахгүй болов уу.
Э.Бат-Үүл машины рулийг зөв, солгойгоор нь ангилах тэнэг санаа сэдэж, түүнийг нь Ерөнхийлөгч буруутгасан нь цаанаа учиртай байж. Энэ нь сонгууль угтсан шоу юм байна. Э.Бат-Үүлийн буруу, Ц.Элбэгдоржийн зөв болгож харагдуулах нь Ерөнхийлөгчийн PR байжээ. “Тэгээд л нээх нураана, хураана, булаана гэсэн юм яриад” гэж ирээд л Засгийн газрын хуралдаанд тааваараа морилсон Ерөнхийлөгч хотын даргыг баахан загналаа. Дарга, сайд нарыг загнадаг Ерөнхийлөгч болж ард түмэндээ таалагдахыг хичээсэн нь энэ биз.
Дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчих шийдвэр зөв гэдэг. Хотын дарга хийж буй ажилдаа олон нийтээс санал авч байгаа нь сайн хэрэг. Хэрэв баруун талын жолоодлоготой машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гараад үр дүн нь сөрөг болвол асуулгад оролцсон хүмүүс бүгдээрээ буруутан болно гэдгийг Э.Бат-Үүл дарга өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо онцолсон юм. Осол их гаргадаг учир буруу талын жолооны хүрдтэй машиныг бүтэн сайнд явуулахгүй гэж Э.Бат-Үүл дарга тайлбарласан. Гарсан ослын тоог харьцуулахад баруун, зүүн жолоодлоготой машин 50, 50 хувийг эзэлдэг тухай нэгэн судалгаанд байдаг гэж сонссон. Тэгээд ч ганцхан өдөр хязгаарлах нь зохимжгүй. Баруун талын жолоодлоготой машин ням гаригаас бусад өдөр осол гаргадаггүй болж таарах шив. Энэ шийдвэрийг улс төрийн өнцгөөс ч харж байгаагаа сэтгүүлч хотын даргаас асуужээ. Тэрээр “Би улс төрийн ашиг хонжоогоор ажилладаг хүн биш” гэв. Ардчилсан намын зарим гишүүн зүүн гарын жолооны хүрдтэй машин Солонгосоос оруулж ирдэг бизнестэй гэж дуулсан юм байна. Харин ч зүүн талдаа хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй гэж нэгэн хэвлэлд нийтэлжээ. Хотын даргатай тэрсэлдсэн, зориуд буруутан болгосон хүн Ерөнхийлөгч байжээ. Санаачилга нь, хариу үйлдэл нь ч эхнээсээ төлөвлөсөн шоу байв. Ийм инээдтэй, олон мянган жолоочийг бухимдуулсан эмгэнэлт шоу иргэдэд таалагдаагүй биз.
ХААНА АМЬДРАХЫГ Э.БАТ-ҮҮЛ ЗААНА
Ардчилагчид ард түмэндээ газар өмчлүүлсэн буянтнууд гэдэг. 1990-ээд онд иргэд малаа хувьчилж авлаа, газраа ч өмчилж хувийн өмч хөрөнгөтэй болов. Одоо бол эсрэгээрээ, газрыг нь булааж авна гэнэ. Хотын захиргаа, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч “Гудамж” төсөл боловсруулж Улаанбаатарын урдаас хойш хурдны зам барьж, шинэ гудамж байгуулахаар бэлтгэж байгаа юм. Хурдны зам, шинэ хорооллын дэд бүтэц дайрах газар амьдардаг иргэдийн газрыг албадан чөлөөлж авна гэнэ. “Албадан гэдэг нь булаах гэсэн үг” гэж энэ тухай Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр нэгэн судлаач тодотгож байсан.
Мөн хотын дарга ярилцлагадаа хөдөөгийнхөн Богдын хүрээ бараадах хэрэггүй гэсэн юм ярина лээ. Хөдөөгийнхнийг хотод нүүж ирэхийг хориглох ганц л арга түүнд байгаа аж. Хөдөөгийнхөнд хотод гишгэх газар ч үлдээхгүй юм байх. Одоо сул байгаа газруудыг эзэнтэй болгож өмчлүүлэх юм байх. Хөдөөнөөс хотод ирэхээр бол түрээсийн байранд амьдрах ганцхан сонголт үлдээнэ гэсэн шүү. Ингээд газраа булаалгаж, байшингаа нураалгаад барахгүй хаана амьдрахаа хотын дарга заахаар болов шив. Тэгж байтал газар албадан чөлөөлөхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгч гараад ирэх вий. Албадан авахаа больё гээд буцчих юм биш биз. Нэг нь сэдээд, нөгөөх нь эсэргүүцээд, эцэст нь иргэд сэтгэл зүйн дарамтад орж төгсдөг инээдмийн, эмгэнэлтэй жүжигт итгэхгүй байх шүү.
ЦАХИМ ЕРТӨНЦИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ХЯНАНА
Сэтгүүлчид бид олуулаа болмоор байна. Сүүлийн үед олон болж байгаа ч олуулаа болсон ардчилсан засгийн үед цөөрөх нь. Тэд хэвлэлийн эрх чөлөөг боомилж сэтгүүлчдийн амыг барьж эхлэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөрчил гаргасан хэвлэлийг хаахаар хуульд тусгалаа. Одоо парламентаар хэлэлцэж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нэрэндээ тохироогүй агуулгатай. Хэвлэлд эрх чөлөө өгөхөөс илүү хязгаарлах, торгох заалт орсон байгаа. Хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан юм.
Мөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн телевизүүдийг шалгав. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 42 сувагт шалгалт хийсэн бөгөөд 21 нь тус хорооноос гаргасан стандартыг мөрдөөгүй, шаардлага хангаагүй гэж дүгнэжээ. Эдгээр 21 телевизэд зөрчлөө арилгах 45 хоногийн хугацаа өгчээ. Ирэх гуравдугаар сарын 1-ний дотор зөрчлөө арилгахгүй бол эфирийг нь хаах юм байна. Цаашид кабелийн бүх суваг өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг шалгах юм гэсэн.
Мөн Засгийн газраас цахим хуудас дахь иргэдийн сэтгэгдлийг хянахаар боллоо. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлэх юм байна. Хэн, хаанаас юу бичиж байгааг цензурдана гэсэн үг. Уншсан мэдээллийнхээ талаар үзэл бодлоо ч бусадтай хуваалцах эрхийг хязгаарлана гэж ойлгож болно. Уг нь цахим хуудсаар жиргэдэг дарга, сайд олон. Энэ салбарт гаргууд мэдлэгтэй гэх УИХ-ын дарга З.Энхболд цаасыг халж цахимаар уулзаж учирч, мэндчилж байхыг уриалаад байгаа биз дээ. Энэ мэтчилэн ардчилсан дарга нарын шийдвэрт ан цав үүсч, уялдаа холбоо ч гэж алга байна. Хэвлэлийнхний амыг хаах бодлого үүгээр дуусахгүй. Сонин хэвлэлийн татварыг удахгүй нэмэх мэдээлэл ч гарчээ. Ийн эрх баригчид дөрөв дэх засаглалын гал тогоонд хошуу дүрж эхэллээ.
ХЭНТЭЙ СУУХЫГ Ж.БАТЗАНДАН МЭДНЭ
Ардчилал амьдрал руу арай хэтэрхий орж буй бас нэгэн жишээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ширээн дотор буй хуулийн төсөл юм. Төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд гадаад хүнтэй сууж болохгүй, гадаадад өмч хөрөнгөтэй болж болохгүй гэнэ. Гадаад эхнэр, нөхөртэй, хүүхэдтэй бол түүнийгээ Монголын иргэнээр заавал бүртгүүлнэ гэж хуулийн төсөлд заахаар бэлтгэж буй. Хүний эрх, эрх чөлөөг хэт боомилсон үйлдэл гэвэл энэ л байх. Одоогоор төрийн өндөр албан тушаал хашдаг 150 орчим хүнээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл л гадаад нөхөртэй. Тэр ардчилагчдынхаа энэ үйлдэлд эмзэглэж намын бүлгийн хуралдааны үеэр хэрүүл болсон гэх. Түүнийг нөхрөөсөө сал эсвэл Америкаас гаргаж Монголын иргэн болго гэсэн тулгалт хуулийн төслийн гол агуулга учраас Ардчилсан намын бүлгийн хурал халуухан болсон аж.
Манайх давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй орон. Казахуудыг Өлгийдөө амьдар эсвэл Казахстаны иргэн бол гэдэг. Шалгуур нь ийм хатуу. Тэгэхээр гадаад хүнтэй сууж болохгүй нь. Суучихсан нэг нь яахаа мэдэхгүй намын нөхөдтэйгээ ам муруйх жишээтэй. Өсөх ирээдүйтэй, төрийн өндөр албанд очих бодолтой залуучуудад сануулахад эхнэр авч, нөхөрт гарахдаа Ж.Батзандан ахаасаа асуучихад гэмгүй шүү.
ЦАГААН САРЫН БЭЛГИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗААНА
Удахгүй болох Цагаан сараа хэрхэн тэмдэглэж, хэнд ямар бэлэг өгөхөө УИХ-ын эмэгтэй гишүүдээр заалгах гэнэ шүү. Тэд Цагаан сараар үндэсний үйлдвэрлэгчээ дэмжин тэдний бараа бүтээгдэхүүнийг аав ээж, ах дүү, амраг садандаа бэлэглэж, ургийн бичиг хөтлөхийг уриаллаа. Санаачилга гаргасан нь сайн хэрэг. Гэхдээ л сэдэв нь таалагдахгүй байна. Жилд нэг удаа болдог Монголын уламжлалт баярыг азай буурлууд эртнээс ёс жудагтай тэмдэглэн ирсэн. Юу идэж уух, ямар бэлэг сэлт бэлдэхийг хэнээр ч заалгахгүйгээ мэднэ дээ. Тарган сайхан ууц, таваг дүүрэн бууз чанаж, идээ ундаа элбэг хангалуун тэмдэглэж ирсэн сайхан баяр. Эмэгтэй гишүүд ийм зүйл ярьж суухын оронд нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэмэрлэх ёстой биш үү. Жилд нэг удаа болдог Цагаан сарын бэлэгнээс илүү хүүхдийн цэцэрлэг, сургууль айл бүрт жилийн турш асуудал дагуулдаг. Цагаан идээгээ идэж ууж, ахмадуудаа хүндэтгэн баярлах нь зөв гэж эмэгтэй гишүүд телевизээр ярьж суусан. Өмнө нь байсан зүйл. Хэрэглэдэг л идээ ундаа. Цагаан сараар хэнийх гэдэг айл лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бусдад юуны хамаа байна.
Таалагдсан хүнтэйгээ сууж, авсан газартаа тааваараа амьдарч болдоггүй ямар ч хэцүү нийгэм вэ. Хүссэн машинаа унаж болдоггүй, хэрэгтэй мэдээллээ уншиж, үзэж, төрсөн сэтгэгдлээсээ бусадтай хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдоггүй ямар гээч нийгэм юм бол. Энэ ардчилсан нийгэм лав биш. Дарангуйлал гэвэл таарна. Дарангуйллын нийгэмд хүн шиг амьдарч, улс шиг хөгждөг юм байх даа.
М.ЦЭЦЭГ
URL: