Утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг зогсоохоор боллоо

004747470000000Утасгүй суурин холбооны үйлчилгээ гэдэг нь суурин телефон хэрэглэгчийн утсан шугамыг утасгүй холболтоор орлуулсан телефон ярианы үйлчилгээ билээ. Энэхүү үйлчилгээ нь суурин сүлжээ хөгжөөгүй буурай улсуудад анх хөгжиж эхэлсэн түүхтэй бөгөөд орчин үед хөдөлгөөнт үүрэн холбооны технологи, үйлчилгээ өргөн хөгжсөнөөр олон улсад зах зээлээс шахагдаж, үйлдвэрлэл нь ч зогсонги байдалд ороод байгаа юм.

Манай улсад WLL үйлчилгээг 1998 оноос нэвтрүүлсэн бөгөөд одоогоор нийт 35000 орчим хэрэглэгч энэхүү үйлчилгээг (55, 50-аар эхэлсэн дугаарлалтууд) ашиглаж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурах хандлагатай байна.

 

Энэхүү нөхцөл байдал болон олон улсын чиг хандлага, зөвлөмжийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос Үндэсний радио давтамжийн хуваарилалтын төлөвлөгөөнд утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж байгаа 800 МГц  болон 1900 МГц-ийн давтамжийн зурвасуудыг 2008 оноос эхлэн 3 дахь болон 4 дэх үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглахаар тусгасан юм. Монгол улсад 3 дахь үеийн хөдөлгөөнт холбооны системийг 2010 оноос ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан давтамжийн зурвасыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээнд утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж буй радио давтамжийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн чөлөөлөх, утасгүй суурин холбооны үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийг (50хх хххх, 55хх хххх) бусад (үүрэн холбооны болон суурин холбооны) үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгоод байна.

Дээрх арга хэмжээнүүдийг МЦХ ХК, Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК-ууд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан гүйцэтгэх бэлтгэлээ хангаад ажиллаж байна.

Иймд Монгол Улсад утасгүй суурин холбооны (WLL) үйлчилгээг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүрэн зогсоож байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна.

Жич: 50хх хххх, 55хх хххх дугаар бүхий хэрэглэгчид өөрийн үйлчилгээ эрхлэгчид хандана уу.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО


URL:

Сэтгэгдэл бичих