ХАН ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын болон дэд даргын баталсан удирдамжийн дагуу Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Газрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тушаалаар батлагдсан “Дархан цаазат газар”-ын болон “Байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын горим, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр хяналт шалгалтыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 05 дугаар сарын 8-наас ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэв.
Шалгалтанд хамрагдсан асуудлууд:
Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”,” “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай” хуулиуд, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 30 дугаар зүйлийн хэрэгжилт,
Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан байдалд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтанд хамрагдсан асуудлын талаарх мэдээлэл:
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хуулийн заалт тус бүрээр авч үзвэл:
Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, /ТХГНТХ- ын 30.1 дэх заалт-60%/
Хан Хэнтийн газар нутгийн хамгаалалтын захиргаанаас “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль, хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 105 удаа зохион байгуулж, 29 зөрчил илрүүлж, 470000 төгрөгийн торгууль, 1130412 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байна. Туул, Тэрэлжийн хэсгийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор байгаль хамгаалагчдын хариуцсан хамгаалах талбайг дахин шинэчлэн тогтоож өгснөөр хамгаалах талбай эзэнгүйдэх явдал зогссон байна.
Судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих, /ТХГНТХ- ын 30.2 дэх заалт- 50%/
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хамгаалагдсан газрын ойт хээрийн бүсэд багтах Хэнтийн нурууны ойн хөхтөн амьтдын судалгааг ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй, дархан цаазат газрын Батширээт, Өмнөдэлгэр сумдын нутагт хамаарах хэсгийн гол, горхи, нуур цөөрөм, булаг шандын, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын нутаг дэвсгэр дэх худгийн судалгааг Геоэкологийн хүрээлэнтэй зохих гэрээний үндсэн дээр хамтран гүйцэтгэсэн байна. Мөн цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран Горхи-Тэрэлжийн БЦГ-т усны шавьжийн судалгаа хийж мэдээллийн санд оруулсан байна. Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өв болон шим мандлын өвд бүртгүүлэх судалгааг UNESCO-ийн Монгол дахь салбарын ажилтнуудтай хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар дээж, сорьц авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, /ТХГНТХ- ын 30.3 дахь заалт-65%/
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, дээжийн зориулалтаар дээж авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах чиглэлээр ажил хийгдээгүй байна.
Горхи-Тэрэлжийн БЦГ-т Туул голын ай савын ойн санг сэргээх, суурин судалгааны ажлыг хийж, ойжуулалт хийх шаардлагатай 44910 га ойн сан бүхий талбайг судалгаанд хамруулжээ. Мод бэлтгэсэн 4608 га-д, түймэрт шатсан 720 га-д, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 850 га талбайд хөнөөлт шавьжтай тэмцэх ойн хортон устгал, мөн Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 70 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолтыг тус тус хийсэн байна.
Ан амьтанд зориулан ус задгайлах, хадлан бэлтгэх, өвс тэжээл, хужир, шүү тавих, нөмөр хорго барих болон биотехникийн бусад арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгэх, /ТХГНТХ- ын 30.4 дэх заалт-45%/
Хан Хэнтийн дархан цаазат газрын ОХУ-ын хил дагуух нутагт ан амьтан татах зорилгоор хужир мараа тарих төсөл боловсруулж хэрэгжүүлсэн байна. Цаг агаар хүндэрсэн үед ан амьтанд зориулж өвс, тэжээл тавих ажлыг зохион байгуулаагүй байна.
Рашаан, эмчилгээ, сувилгааны зориулалттай эрдэс, байгалийн дагалт баялгийг зохих журмын дагуу ашиглуулах /ТХГНТХ- ын 30.5 дэх заалт-65%/
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт эмчилгээ, сувилгааны зориулалттай халуун хүйтэн Ерөө, Естий, Онон, Тарс, Минж, Гутай, Барх, Зууг зэрэг тохоохон рашаанууд тэмдэглэгдсэн байна. Мөн GTZ-тэй хамтран Тарсын рашаан дээр хяналт шалгалтын пост, рашаанд амрагчдын түр отоглох байрыг шинээр барьсан байна. Дархан цаазат газрын гүнд байрлах рашаанд ирсэн иргэдэд тухайн нутгийн байгаль хамгаалагчид нэвтрэх зөвшөөрөл олгож, хяналт тавьж ажилладаг байна.
Байгалийн дагалт баялгийг ашиглахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дүгээр тушаалаар батлагдсан “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах журам”-ыг баримтлан орон нутгийн Засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Зөвшөөрөгдсөн бүсэд аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээ явуулах газар, журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцлийг нь хангах, тэдгээрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран тохижуулах,/ТХГНТХ- ын 30.6 дэх заалт-60%/
Хамгаалалтын захиргаанаас аялал жуулчлал явуулах замналыг Мэлхий хад, Агуй хад, Туул, Баруун баян гол, Гүнжийн сүм, Нэмэх, Чулуут гол, Тогоо хадны даваа гэсэн чиглэлүүдээр тогтоосон байна.
Зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих,/ТХГНТХ- ын 30.7 дахь заалт-45 %/
Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлаллтын бүсэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр нийт 109 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байна.
Эдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барьж буй барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зориулалтын дагуу баригдсан эсэхэд хяналт тавьж ажиллаагүй байна.
Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх ажиллагааг зохицуулах, /ТХГНТХ- ын 30.8 дахь заалт 60%/
Бурхан Халдун уулыг 1995, 2004 онуудад Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон байна. Бурхан Халдун уулыг тахих ёслол үйлдэх үед “Төрийн тахилгын үед тусгай хамгаалалттай газар нутагт горим дэглэм сахиулахад олон нийтийн мөрдөх нийтлэг журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-121 тушаалаар батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна..
Тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, хамгаалалтын горим, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх;/ /ТХГНТХ- ын 30.9 дахь заалт 65%/
Хан Хэнтийн тусгай хамгаалалтын захиргаанд “Байгаль орны тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах зорилго бүхий Мэдээлэл-сургалт- сурталчилгааны 5 төвийг байгуулан ажиллуулж байна.
Тус захиргаанаас ТХГН-ийн үндсэн мэдээлэл, хилийн зааг, байгаль, түүх, соёлын дурсгал, амьтан, ургамал, ой, хөрс, шавьж, ойн навч шилмүүсний хөнөөлт шавж, газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын судалгааг мэдээллийн санд тус тус оруулсан байна.
Зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох//ТХГНТХ- ын 30.10 дахь заалт-70%/
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт хязгаарлалтын бүсэд багтах Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт 9280 толгой малтай иргэд нутагладаг байна. Цаг агаар хүндэрсэн үед мал оруулж өвөлжүүлж, хаваржуулсан тохиолдол байхгүй байна.
Өмнөх шалгалтын талаар:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/34 тоот удирдамжийн дагуу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, тус байгууллагад ажиллаж буй байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2010 оны 09 дүгээр сард байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Шинэбаяр ахалж, газрын харилцааны хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг болон Хан Хэнтийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэнгүүдтэй хамтран хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлагыг тус хамгаалалтын захиргаанд болон 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгч, 8 албан тушаалтанд 400.0 мянган төгрөг, 5 аж ахуйн нэгжид 1050.0 шийтгэвэр ногдуулж барагдуулсан байна. Хамгаалалтын захиргаанд зөрчил арилгуулахаар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, хариуг тогтоосон хугацаанд нь ирүүлээгүй байна.
Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудлууд:
Хяналт шалгалтын явцад хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа нийт 42 мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт “Байгаль орчны тухай” багц хууль болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг тайлбарлан таниулж, байгаль орчны хяналтын улсын байцаагчдад хяналт шалгалтын явцад үйлдэх баримт бичиг, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал:
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь жил бүр хийгдсэн судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгаа шинжилгээний анхдагч материал болох он дарааллын бичиг хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлээгүй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дахь заалт / …он дарааллын бичиг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх /,
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт рашаан, эмчилгээ, сувилгааны зориулалттай эрдэс, байгалийн дагалт баялгийг зохих журмын дагуу ашиглахаар тодорхой ажил хийгдээгүй байгаа нь “Тусгай хамгаалалттай газрын газар нутгийн тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг,
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавиагүй нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.7 дахь заалтыг,
Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглагч зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль тогтоомж, тухайн нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан зураг төсөл, зориулалтын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд тавих хяналтыг хангалтгүй хийсэн нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7 дахь заалтуудыг,
Хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа улсын байцаагч нар нь үйлдсэн акт, албан шаардлагадаа нэгдсэн дугаар аваагүй нь “Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчын үйл ажиллагааны ерөнхий шаардлага” стандартыг тус тус зөрчсөн байна.
Газар ашиглаж байгаа 110 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр хийгдсэн кадастрын зургийг солбицол өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүй байгаа нь “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 6.1.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол, газрын кадастрын зураглалыг “Геодези, зураг зүйн тухай” хуульд заасан стандартын дагуу гүйцэтгээгүй байгаа нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт,
Геодезийн цэг тэмдэгтийн судалгааг гаргаагүй, геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаагүй байгаа нь “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх хэсэг,
Албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэглээгүй байгаа нь “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг,
Кадастрын зураглалын мэдээллийн санд жилд 1 удаа өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулаагүй нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горим”- 3 дугаар бүлгийн 15 /к/ заалт,
Газрын хянан баталгааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаар хийлгээгүй байгаа нь Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 3 дугаар бүлэг 16 /в/ заалт,
Иргэн хуулийн этгээдийн ашиглаж байгаа газрыг нийслэлийн газрын кадастрын зураглалын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй нь ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 13.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Дүгнэлт:
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиар хүлээсэн 10 заалтын хэрэгжилт 65 хувь, “Геодези, зураг зүйн тухай” хуулийн хэрэгжилт 25 хувь, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн хэрэгжилт 60 хувь байна. Хамгаалалтын захиргаанд хуулийг хэрэгжүүлэх талаар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг дүгнэхэд байгаль орчны хуулийн хэрэгжилт 16.7 хувь, “Геодези, зураг зүйн тухай” хуулийн хэрэгжилт 14.3 хувь байна.
Мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан ”Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтан томилж, дагаж мөрдөх журмыг боловсруулж, мөрдлөг болгоогүй байна.
Хан Хэнтий хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа нийт 8 байгаль орчны хяналтын улсын байцаагчдын үйлдсэн бичиг, баримтанд хяналт шалгалтын стандартын дагуу үнэлэлт, дүгнэлт өгөхөд нийт авбал зохих 60 онооноос 30-34 оноо авсан байна. Зөрчил арилгуулахаар албан шаардлага өгдөг боловч хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг дүгнэх үүрэгт ажлаа хийгээгүйгээс зөрчил даамжрах нөхцлийг бүрдүүлж, улсын байцаагчид үүргээ хангалтгүй биелүүлж байна.
Тусгай хамгаалалттай газрын захиргаанаас тухайн жилд хийгдсэн судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, мэдээллийн сан бүрдүүлсний үндсэн дээр тухайн газарт гарч буй байгалийн хувьсал өөрчлөлтөнд тулгуурлан биотехникийн болон хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн баримт болох он дарааллын бичиг хөтлөөгүй байна.
Хамгаалалтын захиргаанаас менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан боловч уг төлөвлөгөөнд тухайн газрын экологийн даацыг тодорхойлоогүй, ямар хүчин чадалтай хичнээн бааз байгуулах, газар нутгийн хэдэн хувийг ашиглах боломжтой зэргийг нарийн тодорхойлж, төлөвлөлтгүй газар олгосноос байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр аялал жуулчлал явуулах нөхцлийг бүрдүүлээгүй байна.
Хамгаалалтын захиргаа нь зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын кадастрын зураглал, геодезийн цэг тэмдэгтийн судалгааг гаргаагүй, кадастрын зураглалыг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй, газрын хянан баталгааг хийгээгүйгээс газрыг давхцуулан олгох, газрын даац багтаамж, зөв төлөвлөлтийг алдагдуулахад хүргэсэн байна.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/065/324 дугаар улсын байцаагчийн 10 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд тус газраас албан шаардлагын хариуг 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 177 тоот албан бичгээр ирүүлсэн болно.
URL: