“Болд төмөр Ерөө гол”-ын гангийн үйлдвэр үүдээ нээнэ
Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо саяхан байгуулагдаж, үйл ажиллагааны цар хүрээ, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ.
Төмрийн орд эзэмшин олборлолт явуулдаг арав гаруй компани нэгдсэн тус холбооныхон эхний ээлжинд Монгол Улс өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй байх боломжтой талаар ярилцаж энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэхдээ “Болд төмөр Ерөө гол” компанийн Сайншандад байгуулахаар техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж бэлэн болгосон ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж, төмрийн хүдрийг түүхийгээр нь гадагш гаргах бус боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах төслийг бодит ажил болгох нь зүйтэй хэмээн үзжээ.
“Болд төмөр Ерөө гол” компани өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй болох төсөл хэрэгжүүлэхээр сүүлийн хэдэн жилийн турш гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тодруулбал, тус компани Сайншандад барих гангийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг бүрдүүлэх боломжтой хэлэлцээг эхний байдлаар хийсэн гэнэ. Нэгэнт бий болсон энэ том суурин дээр Монголын төр төмөрлөг боловсруулж ган хайлуулах өөрийн гэсэн үйлдвэртэй болох боломжтой юм. Учир нь Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн “Болд төмөр Ерөө гол”, “Эрдэс холдинг”, “Бэрэн”, “Монгол металл майнинг”, “Монлаа” зэрэг компани нэгдэж гангийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр “Монгол ган нэгдэл” нэртэй компани байгуулсан. Энэ компанийн тодорхой хувийг төрд эзэмшүүлэх замаар хамтран ажиллах боломжтой гэсэн санал болон үйлдвэр байгуулах төслөө “Монгол ган нэгдэл”-ийнхэн Засгийн газарт танилцуулахад дэмжих боломжтой хэмээсэн байна. Тиймээс “Болд төмөр Ерөө гол”-ын санаачлага ажил болж, Монгол Улс өөрийн гэсэн гангийн үйлдвэртэй болох цаг айсуй. Төсөлд зааснаар уг үйлдвэрийг 2016 онд ашиглалтад оруулж анхны бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах боломжтой аж.
Г.УЯНГА
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
URL: