Аргалчин ээжийн бичээч хөвгүүд аргалын цэнхэр галыг тойроод…2

4005ghgfgf(Судалбар эсээ)

Хэлшинжлэлийн профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

 

Аргалын утаа боргилсан

Малчины гэрт төрсөн бий

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог

(Ч.Чимид)

 

「アルガリの煙が棚引く

牧童の住まいゲルに生まれた私

緑そよぐ草原のふるさとを

私のゆりかごと思っている」

―チ.チミッド/早藤猛訳

 

 

 

Бидний монголчууд бол олон зүйл язгуур соёлтой улс үндэстэн. Түүний нэг нь аргалын соёл. Мал сүргээ адгуулан маллах соёл, цагаан, улаан идээ шүүсний соёл, аргалын соёл, эх хэл, бичгийн соёл энэ тэр гэвэл бор дарсны соёлоос ч эртнийх. Мал манах, гал манах, хэл соёлоо манах гурав бол монгол туургатны хувьд нэгэн бүхэллэг бөгөөд амин холбоотой явж ирж. Аргал түлшний соёлыг юуны учир, яаж бүтээв, хэн бүтээв, тэр нь нүүдэлчдэд хэрхэн уламжилж, бичиглэж ирэв гэхлээр ард түмэн.

<<Аргал>> гэдэг үг нь <<ард>> гэдэг монгол үг-үтгын нэгжтэй ахан дүүс шиг ойрхон сонстох төдийгүй бас тийм халуун дулаан эрчим долгионтой, энгүүн сайхан эерэг үнэлэмжийг илэрхийлдэг. Тиймээс ч ардын билэг ухаанд <<Сэтгэлд гал байхад тулганд хомоол олдоно.>>, <<Тулгын гурван чулуу, түүх үүхийг өгүүлдэг.>>, <<Аргалд явсан ижий минь та арай ч дэндүү удлаа даа>> г.з. товчит хэлцүүд үүсч, домог түүхийг хадгалсаар өнөөдрийг хүртэл өртөөчлөн иржээ.

Аргал хорголын соёл гэхлээр араг үүрсэн эхнэрээс аргалчин ээжийн бичээч хөвгүүдийг хүртэлх нүүдэлчний удамт монгол хүмүүн, тэдний бүтээсэн олон зүйл <<ажил>> бодогдоно. Бид судалбар-эсээнүүдийнхээ <<Аргалчин ээжийн бичээч хөвгүүд аргалын цэнхэр галыг тойроод… -1>>, <<Хомоол>>, <<Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно…>> зэрэг эсээндээ танин мэдэхүй, төсөөлөхүй, ойлгохуйн үлэмж ач холбогдолтой, бас танихуйн хэлшинжлэл, соёл хэлшинжлэл, тайлалзүйн судалгаанд чухал түүхий эд болмоор Ч.Лхамсүрэн, Л.Түдэв, Ц.Бавуудорж тэргүүтэн 20-оод зохиолч, сэтгүүлчдийн эх бичвэрийг савардан самардан байж цуглуулан оруулж, зарим нэг задлалыг хийсэн билээ. Харин энэ удаа түүний залгамж холбоо болгож, яльгүй тодосгох, дэлгэрүүлэх, эх хэл, утга зохиол, танин мэдэхүйн монгол ухаан гурвыг ганзага нийлүүлэх зорилгоор <<… аргалын цэнхэр галыг тойроод… -2>>-ыг эмхлүүлэн, <<аргалын соёл-зохиолч найрагч нар-алаг чулуун бичвэрүүд>> гэсэн гурвалжаар зангидан, найруулан эмхэлж үзэв. Энэ нь гол санаагаараа:

Эргэн хоргодсон буцах шувууд

Үүлсийн цаагуур гангар гунгар,

Ижий бидэн хоёр аргал түүнгээ

Үүргэнтийн араар дүнгэр дангар… (Бавуугийн Лхагвасүрэн) гэсэн шиг л нэгэн зүйл төрөгдөл санаа, хүүрнэл, өчигдрийг маргааштай холбон өгүүлэхийг оролдсон өнөөдрийн <<диалог>>, монголчуудын аргалын соёлыг өнөөгийнхний ойлгож тайлахад нь дөхүүлэх оролдлого төдий зүйл, <<эргэх 4 цагийн өнгө>>-өөс олж таньсан бодрол бясалгал л юм гэж хэлж болно. Тэртээ, 30-аад жилийн өмнө авьяас билэгт яруу найрагч Ринчиний Чойном:

Үнэн хайраа өгсөн

Миний сайхан Монгол

Үдийн наранд дуниарах

Халхын уудам талд бий.

Үлээх салхинд дэрвэлзэх

Өрхний дөрвөн оосорт бий… гэж шүлэглэсэнчлэн, аргалын соёл, ардын ухааныг эргэх дөрвөн цагийн орчил дор, хүмүүний амьдралтай холбон шинжих нь зохистой гэж үзэв.

Чингэхлээр цаг цагийн эргэлтэд аргалыг түүж цуглуулах, дэлгэж хатаах, овоолж хамарлах, бүтээх шавах, ангилах ялгах, түүний эрдэм чадал, найрлага бүтэц, аргалын гал, аргалын утаа, аргал түлшний хэрэгсэл, эдгээрийн талаар хэн юуг өгүүлж, утга соёлын боловсрол, метафор загвар, мэдлэг-мэдээллийг зөөж тээж ирэв гээд л тусгайлан судалбал ач холбогдолтой юм. Энэ нь цаанаа эргэх дөрвөн цаг-хүн-мал-амьдрал-соёлын үнэт зүйл гэсэн холбоонд хөдлөнгө оршиж байгаа зүйл.

Хээр талд монгол хүн аргал хомоол түүж цуглуулж яваа тэр үйл хөдөлгөөнийг сониуч нүдээр сайн нягталбал ямар нэг бүжгийн хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагддаг бөгөөд гадаадынхны сонирхлыг ихэд татдаг байна. Монгол улсын ууган ардын уранзохиолч Цэндийн Дамдинсүрэн Альпийн уулнаа амраг хонгор бүсгүйтэйгээ зугаацан явахдаа (<<Зугаацахаар мордсон нь>>) үүл-ийг ажиглан байж,

…Араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа ч юм шиг

Ачаатай цагаан тэмээ хэвтэж ч байгаа юм шиг… гэж шүлэглэсэн байдаг нь малч удмын монгол хүний ажиглалт, туршлагаас үүдэлтэй метафор дүрслэл, үгэн урлагийн илэрхийлэл болсон юм.

Манай монголчуудад <<Адуучин>>, <<Эмнэг сургагч>>, <<Саальчин>>, <<Ямаачин>>, <<Хургачин>> г.м. бүжиг байдаг байхад, харин <<Аргалчин>> гэдэг бүжиг байдаггүй нь хачин юм! Гэхдээ Дамдинсүрэн гуай <<аргалчин бүсгүй>>-д бүжгийн хөдөлгөөн цогцлон байдгийг анх хэлсэн.

Одоогоос бүр 50-аад жилийн тэртээ юм даа, төрийн шагналт яруу найрагч Чойжилийн Чимид гуай алдарт <<Би монгол хүн>>-дээ:

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн, би.

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог… гэсэн 4 мөрөө бичжээ. Тэр шүлэг хийгээд <<аргалын утаа>>-тай энэхүү 4 мөр өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй улсын хэлээр орчуулагдсан гэдэг мэдээ-тоо байна аа. Ойрмогхны нэгэн баримтыг дурдахад, Япон улсын яруу найрагч Такэши Хаяафүжи гуай <<Миний хоёр дахь эх орон>> (My second homeland) хэмээх шүлгийнхээ эхэнд онцолж, нөгөө <<Аргалын утаа боргилсон…>>-ыг япон хэлээр орчуулан татаад:

Эртний өвөг дээдсээс дамжиж ирсэн

Монгол цусны үнэр,

Эртний өвөг дээдсээс маань мэндэлсэн

Тал хээрт суунаглах

Аргалын цэнхэр утаа,

Морин хуурын аялгуутай хорших

Хөөмэйн аялгуу нь

Хээр талын хязгааргүйд уянгална… гэж шүлэглэжээ. (Энэ шүлгийг англи хэлэнд Каэ Мории, Япон хэлэнд М.Мөнхзаяа орчуулжээ.) Эндээс харахад, монгол аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн шүлэг зохиол өнөөгийн <<Нэг ертөнц>>-дэх орон зай, цаг хугацааны хил хязгааргүйд орчин орчсоор байгаа нь тодорхой байна.

Аргал хоргол бол газар, тэнгэрийн эрхшээлд байдаг зүйл гэж хэлж болно. Нэрт зохиолч Д. Урианхай <<Аргал шиг хөх чулуу…, энэ чулуу-цагаас ах чулуу>> гэсэн. Аргал норох, хөлдөх, хатах сэврэх, чулуужих, асах бадрах нь газар тэнгэр, бороо цас, нар салхи, гал хөстэй амин холбоотой аж. Аргал, айл гэрийн голомтыг амь оруулдаг гэдэг. Гал хөсгүй гэр, эмэгтэй хүнгүй айл хоёрыг адилхан (Чимэдравдангийн Мягмарсүрэн) гэж, <<Галтай газар хүнтэй>> (Гомбожавын Мэнд-Ооёо) гэж өгүүлжээ. Яруу найрагч Данзангийн Нямсүрэн <<Дөрвөн цаг>>-таа:

Бороо ганц нэг дусах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Алсаас нэгэн морьтон ирэх нь сайхан

Айлын бүсгүй гарч, нохойгоо хорих сайхан… гэсэн бол, Арлааны Эрдэнэ-Очир найрагч маань <<Миний цуглуулсан хорвоо>>-доо:

Алсаас нэгэн морьтой хүн ирнэ,

адуугаа сураглах нь дээ.

Би чамайгаа санах нь.

Аадар гэнэтхэн шаагиж эхэлнэ,

аргал норох нь дээ.

Би чамайгаа санах нь… гэж бичсэн нь бий. Аадрын өмнө айлын бүсгүй гарч, аргалаа бүтээх тэр торгон агшин, алсаас хэн нэгэн түүнийг санагалзах, эсвэл дурандах гэрэлт мөчийг айлаар буух зуур адуугаа сураглах морьтны явдалтай гурамсалж томсон энэ уран санаа хөдөөгийн амьдрал мэддэг монгол хөвгүүнээс л гарч байна. Ингээд бодохлоор <<сайхан>>-ыг аргалаар ч дамжуулан маш хялбар дөт илэрхийлж болдог нь нүүдэлчдийн соёл сэтгэлгээний онцлог ажээ.

Аргал хомоол хийгээд аргал түлшний <<ажил>> дөрвөн улирлын шинжтэй, аргалын утаа нь өвөл, хавар, зун, намрын өнгө, үнэртэй гэдэг. Монгол зохиолчид түүнийг нарийн мэдэрч, зохиол бүтээлдээ ялгаж хүүрнэсэн байдаг. Тухайлбал, яруу найрагч Зундуйн Дорж, хавар-зэрэглээ-аргалын утаа гурвыг холбон хийсвэрлэж:

…Алсын уулс

Аргалын чинь утаа шиг сүүмэлзээд,

Алтайн оргил

Алчуурын чинь намираа шиг дэрвэлзээд… (<<Шаргын говийн зэрэглээ>>) гэсэн байхад, яруу найрагч До.Цэнджав <<Унага тамгалах намар>>-ын утааг:

Зэлэн дээр утаа суунаглаж,

Зэвэргэн намар унагаа тамгална… гэж тос даасан уул мэт өвгөд, морины шинжээ, монгол ёс жудаг, намар цагийн нүнжиг зэргийг холбон дүрсэлсэн нь өөр өнгө аясыг илэрхийлсэн сонин мэдрэмж гэдэг нь харагдаж байдаг.

Гэтэл бас бүүвэйлж өсгөсөн ижий минь санчигт насны хяруу унах, бүтээлэгтэй аргалын сэжүүрт намрын хяруу цайрах хоёрыг яруу найрагч П.Бадарч тэргүүтэн холбон адилтгасан байгаа нь амьдралыг таньсан буурал шүлэгчийн үг ажээ. Тэрээр:

Үүрээр таныг минь өрхөөн татахад

Үдшээр буусан хяруу цавцайж,

Аргалын бүтээлгийн сэжүүр сөхөхөд

Алган дээр чинь хяруу унана уу? гэж дүрсэлсэн байдаг. Энэ мэтээр хүмүүс-аргалын гал-амьдралын холбоо хэлхээг янз янзаар дүрслэх нь  даан ч баян бөгөөд, соёлын нэгээхэн зүйл аргагүй мөн ажээ.

Аргал түүх гэдэг <<ажил>> бол бодлогошрол, эргэцүүлэл, санаашрал, бас тайтгарал тайвшрал, эгээрэл гэгээрэл юм гэдгийг монгол зохиолчид маань маш уран сайхан илэрхийлсэн нь сонин байна. Тухайлбал, яруу найрагч До.Цэнджав <<Зохист аялгууны анир>>-таа:

 

Амьтан хүнээс ч ичдэг биз дээ, хөөрхий

Аргаа үүрээд явах минь, болоо гэх юм… гэж дүрсэлсэн байхад, яруу найрагч П.Бадарч:

Ижий нь хүүгээ их санах юм даа,

Араг, савар хоёроо зөрүүлж байж бодлоо.

Аргал, чулуу хоёрыг андууран байж түүлээ… гэж; залуу яруу найрагч Батшатарын Бямбасүрэн:

Ижий минь аргал түүх дуртай.

Энгэрийн бор хомоолыг эргүүлэх бүр дуртай.

Ганцаараа явахдаа хөөрхий, гуниг өвөрлөж явдаг.

Ганцхан үрийнхээ төлөө савраа тулж босдог оо… гэж тун сонин, өвөрмөц хэлсэн олон сайхан баримт байна. Дундговь, Төв, Өвөрхангай залгаа гурван нутгийн аргалч ээжийн бичээч хүүхдүүд-гурван үеийн найрагч нарын санаа ийнхүү нэгэн агшинд нэгдэж байгаа нь сонин юм шүү!

Аргал хоргол, ийнхүү галын бурхныг хүнтэй учруулан хүн ба байгалийн шүтэн барилдлагыг гэрэлтүүлдэг төдийгүй амьтан ургамалд ч эрчим долгионыг өгч, нөмөр нөөлөг болдог нь сонин. Өчүүхэн бага хулгана оготно, шавж хорхойноос өгсүүлээд урт хайрхан, арааатан, жигүүртэн хүртэл аргалыг амьдрал тэмцэлдээ зэвсэг болгон <<ашигладаг>> гэж хэлж болно. Тийм баримт, ийм явдал захаас аван байдаг. Нартай сайхан өдөр хөх цэцгий усны мандал дээр хөвж яваа аргалыг <<зөөлөн дэвсгэр>> болгон сууж байгаад, ялаа шумуулыг түүж өгнө. Усан дээр хөвж яваа нойтон хомоол, аргал дээр мэлхийнүүд тухлан хэвтэж, наранд биеэ ээнэ. Хуурай болон нойтон аргалын доогуур элдэв зүйл цох хорхой, дигваранз буюу хилэнцэт хорхой тэргүүтэн олон цаг, хоног, өдрөөр <<дулаан хөнжил>> болгон, <<орогнож>> хоол, тэжээлээ олж иднэ. Ер нь аргалд олон янз био-нэгдэл, дулааны эрчим байдаг гэж судлаачид тэмдэглэжээ. Аргалаар биеэ халхалж, амиа хамгаалдаг амьтад ч олон бий.

Болсон явдал: Хүү, өглөө адуундаа эрт мордож. Шаагитал нь цуглуулж аваад, гэрийн зүг ширүүхэн хөөжээ. Хурдны морьдоо уях цаг дөхөж буй учир жаахан яарчээ. Тууж явсан олон адуу нь

гэнэт үргэж, хоёр хуваагдан, ямар нэгэн юмыг сонирхон үнэртэж, хамраа тачигнуулж байна гэнэ. Сайн ажиглан харвал, үнэгний нэгэн гавар нүүрэн дээрээ том дунгуй хөх аргал барьчихсан, амиа аргалан, биеэ далдлан хэвтэж байж. <<Зальт шар>> гэж ном зохиол, үлгэр домогт гардаг нь аргагүй л үнэн юм даа, энэ сайхан хөх аргал л чиний амийг аварлаа гэж хүү бодсоор цааш оджээ.

Аргал дотроос дэгдсэн туулайн хөх бүжин

Анхны минь <<сонгодог>> болсон юм.

Тэр цагаас хойш туулай зурсангүй ээ.

Тэрлэгээ дэвсэж эрхлүүлдэг эмээтэйгээ ч олон уулзсангүй ээ… гэж яруу найрагч Цоодолын Хулан бичжээ. Бас л уран санаа, аргал дотроос туулайн бүжин босч дэгдэхийг сонирхож зурсан бяцхан Хулан охин, хожмоо <<Торгоны хээ>>-г таньсан, хорвоогийн явдлыг ухаарсан найрагч бүсгүй буюу Хулан хоёрыг аргал холбож байна л даа.

Ийнхүү аргалчин ээжийн бичээч хүүхдүүдийн шүлэг зохиол, уран санаануудыг цуглуулан, тана эрдэнэ болгон хэлхэж үзвээс нэгэн цогц судалбар-эсээний <<эх>> бүтэж байна. Хүн хүнээр нь, найрагч найрагчаар нь, санаа санаагаар нь салгаад ялгаад задалбал <<эх>>-ийн доторх <<эх>> болох учиртай юм. Ерөөс урансайхны болон аливаа хүүрнэл эх бичвэр, эцсийн эцэст үг ба нөхцөлийн хослол-сүлжээ, санаануудын нэхээс хэлхээс л юм. Ингээд, судалбар-эсээгээ залуу найрагч Л.Моломжамцын <<Дөрвөн цагийн мемори>> (2007) номд байдаг:

 

Тулганы захаас аргалын хөх цог улайж,

Судрын хуудаснаа хөх Монгол оршино… гэсэн санаагаар өндөрлөе гэж шийдэв. Номын хуудаснаа хамтарч, монгол утга соёлын галыг зохиолч сэтгүүлч та нартайгаа хамт маналцахын учир ийм буюу. Мэдээллүүдийг хэлхэж, мэдлэг болгон авч, хэл соёлын боловсролоо ахиулахад тань далайд дусал болог! Аргалын соёл судлалд нэг хомоол нэмэрлэе, би.

Аргалын цэнхэр галыг тойрч, бодол хэлхэн суусан, аргалчин ээжийн бичээч хөвгүүд-Ц.Дамдинсүрэн, Ч.Чимэд, Р.Чойном, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Ч.Мягмарсүрэн, З.Дорж, Д.Цэнджав, А.Эрдэнэ-Очир, П.Бадарч, Такэши Хаяафүжи, М.Мөнхзаяа, Ц.Хулан, Б.Бямбасүрэн, Л.Моломжамц тэргүүтэн. Утгаар нөхцөлдүүлж, эхийг бүтээж, найруулсан Бямбажавын Пүрэв-Очир.

Осака, 14.01.2013


URL:

Tags:

Нэр: nimaa Огноо: 17 November 2015

waw

Сэтгэгдэл бичих