Монголын сагсан бөмбөг юу болоод байна вэ?
Монголын сагсан бөмбөг юу болоод байна гэх хүмүүс энэ өдрүүдэд Твиттер, Фэйсбүүкээр дүүрэн. Учир нь олон жилийн турш сагсан бөмбөгийн “мэргэжлийн“ гэх лигийг зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ энэ жил тэмцээнээ зохион байгуулж чадахгүйд хүрч байгаа бөгөөд түүний оронд Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо /МҮСБХ/ гэдэг “шинэковууд” энэ жил нөгөөх тэмцээнийг нь зохион байгуулах болж байгаатай холбоотой аж.
Үнэндээ бол МҮСБХ нь шинэковууд биш, сонирхогчийн гэсэн тодотголтой Спрайт лигийг нэлээд хэдэн жил зохион байгуулж байгаа TLG-ийн Тулга ба түүний “багийнхан”. Тулгаа ер нь их сэргэлэн л дээ. Саяхан холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тавингуутаа, анхны хурлаа ТӨРИЙН ОРДОНд зохион байгуулаад хаясан!!! /Эрдэнэ гишүүний аав нь Содномзундуй гэж сагсан бөмбөгийн ууган мастеруудын нэг байсан бөгөөд энэ хүний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн нэлээн хэдэн жилийн өмнөөс жил болгон зохиогддог болсон. Мэдээж хүү нь л зохион байгуулдаг байсан байлгүй, тэгэхээр С.Эрдэнэ Монголын сагсан бөмбөгийн талаар нэлээн сайн мэдлэгтэй байх нь лавтай/
Бодвол Ардчилсан намынх нь сүлжээг ашиглан Спортын төв ордныг ганцаараа түрээсэлчихсэн байх. Тэр ойлгомжтой. Гэхдээ Тулгаа өдий түвшинд гарч ирж байгаа нь яг үнэн хэрэгтээ МСБХ-ны өөрсдийнх нь үйл ажиллагаа, зохион байгуулалтын доголдолтой шууд холбоотой гэж би үзэж байгаа.
Байр болгоны шахуу гадаа шийд, дунд сургууль бүрт стандартын бус ч сагсны заал байдаг. Ямар нэг тэмцээн зохион байгуулья гэхэд сайн шүүгч л олох хэцүү болохоос шүгэл, бөмбөг, пүүз асуудалгүй болсон цаг. Товчхон дүгнэхэд хамгийн сайн дэд бүтэцтэй спорт. Нэг жилд зохиогддог сагсан бөмбөгийн тэмцээнийх нь нийт тоог гаргавал дэлхийд дээгүүрт шаах байх шүү. Хорооны түвшинд тэмцээн зохиогдох тов гарсныг би орцныхоо зарын булангаас уншиж л байсан. Сагсан бөмбөгийн спортыг дэлхийд заадаг АНУ-д ийм микро түвшинд сагсны тэмцээн зохиож байхыг би лав хараагүй. Энэнээс харахад сагсан бөмбөг манай улсад үндэсний спортын түвшинд хөгжсөн юм шиг, хэхэхэ.
За тэгэхээр дэд бүтэц нь байна, сонирхогчид нь хар мянгаараа байна. Ерөнхийдөө бол “зах зээл” нь байх бөгөөд энд нэг тасарсан “компани” буюу МСБХ дангаар удаан ноёрхсон. Тэдэнд энэхүү зах зээл рүү нь хэн нэгэн орж ирэх бүх нүх сүвийг хааж, жинхэнэ монополь болох хугацаа хангалттай байсан. Тэртээ 20-иод жилийн өмнө одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тэргүүтэй хүмүүс НБА-ийн жишгээр энэхүү лигийг үүсгэж, спортод элэгтэй бизнесмэнүүд ивээн тэтгэж дэмжсэнээр эхэлсэн.
Угаасаа л НБА-аас хуулсан юм чинь тэрнийхээ бизнес моделийг Монголынхоо хөрсөнд жоохон буулгачихад болох байсан биз. Хэрэглэгч бол хаан гэдэг ухагдахууныг хэзээ ч ойлгоогүй, дээр нь бүр тэд нар руугаа нулимдаг бизнес хэдий том байгаад ч мөхөх тавилантай байх аа. Ядаж л заалан дотор нь утаа суунагладаггүй бол, заваан жорлонгуудаа сайжруулчихсан бол, завсарлагаанаар нь идэх уух юм зардаг бол, зайгүй шахцалдан суудаг сандлууд нь тохь тухтай байсан бол билетийнх нь үнийг нэмсэн ч гэсэн битүү дүүргэх сонирхогчид Монголд хангалттай байгаа. Сүүлийн хэдэн жил бол бараг л оролцох багуудаас авсан хураамж, ивээн тэтгэгч Сэнгүр, Пепсигээс авсан мөнгөөр л голоо зогоож явсан байх.
Харин энэ хооронд Тулгаа хүү юу хийв? Тэр сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, хоолоо олж идэж байгаа учир бизнес хийхэд тулгардаг зовлон, жаргал бүгдийг нь тууллаа. Нэлээн хэдэн жил сонирхогчдын лигийг зохион байгуулахдаа алдаа зөндөө л гаргаж байсан, хүний дургүй хүрэхээр юм ч их л хийдэг байсан. Гэхдээ тэр өнөөдөр нөгөө мангар том компанийг цохиод гараад ирлээ. Хийсэн мэх нь муухай байж болно. Гэхдээ иймхэн мэхэнд унадаг МСБХы өөрсдийн л буруу. Кока Колатай өрсөлдөхөөр орж ирж байгаа Пепси мэдээж маш их мөнгө хаясан байгаа. Авсан даруйдаа тэр мөнгөөр нь ядаж л спортын төв ордонг түрээслэх урт хугацааны /магадгүй 4 жилээр нь/ гэрээ байгуулчихсан л бол өнөөдөр ийм асуудал үүсэх байсан уу? Тэр хөнгөн жингийн бөхөд гэрээгээ харуулчихаад л сууж байх хэрэгтэй байхгүй юу. Өөг өөрсдөөсөө хайлгүй одоо энэ асуудлыг улс төржүүлж байгаа нь ёстой нээрээ ичиг ичиг.
За тэгээд энэ хавьд нь дүгнэчихэд ямар ч байсан энэ жилийн лигийг зохион байгуулах эрхийг бизнес гэдэг талаас нь харж, олон жил ажилласан залуу авчихлаа. Хувь хүн нь ямар байх нь хамаагүй. МСБХы хийж чадаагүй зүйлийг нь хийгээд, мууг нь сайжруулаад явбал сагсан бөмбөг сонирхогч, үзэгчид БИД Л ХОЖНО.
Харин нөгөө талд МСБХд энэ том сургамж болж байна. Энэ бол үхлийн цохилт биш. Хусаад арилахгүй түүх, олонд түгсэн нэр хүнд энэ холбоонд бий. Дэлхийн сагсан бөмбөгийн холбоонд ч Монгол Улс энэ нэрээр нь л бүртгэлтэй байгаа. Үе үеийн сагсан бөмбөгчид, тэдгээрийн холбоотнууд, үнэнч фэнүүд нь байж л байгаа. Босгоод ирэхэд их амархан даа. Бүтцээ өөрчлөх, үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Сагсан бөмбөг л сайн тоглож байсан хүн сагсан бөмбөгийн холбоог удирдах ёстой гэдэг тэнэг бодлоосоо салах хэрэгтэй. Миний таньдаг залуучууд дотор сагсанд дуртай, АНУд спортын мэнэжментээр сургуулийг нь төгсөөд ирсэн хүн ч байдаг. Ийм хүмүүсийг авч ажиллуулах хэрэгтэй. Тэгэх ч байх гэж найдаж байна.
Эцсийн бүлэгт БРАВО ТУЛГА, чи өөрчлөлт хийж чадлаа. Энэ л Монголын сагсан бөмбөгт хэрэгтэй байсан юм. Сүүлийн хэдэн жилд Монголын сагсан бөмбөгийн хөгжил үнэхээр унтраад байсан. МСБХы үйл ажиллагаа гэхээсээ илүү Боловсрол суваг НБАгийн тоглолтыг шууд дамжуулдаг болсноороо сагсан бөмбөг сонирхогчдын тоог урьдахаас нь нэг их унагаалгүй барьж чадсан байх.
Мөнхтөрийн Цолмон.
URL: