Архидалтыг багасгая гэвэл дөжирчихсөн нийгэмд “цочроо” өгөх хэрэгтэй

b4b8456c478743eabigАрхидалт хэрээс хэтэрлээ гэж амтай бүхэн л халаглаж байна. Энэ яриа бидний нэрлэж заншсанаар зөвхөн “өвгөнтчидийн” л асуудал төдий биш ээ. Хүн бүрт хамаатай. Ерөнхийлөгчөөсөө эхлээд уриалга гаргаж, элдэв хөдөлгөөн өрнүүлэн, ухуулга сурталчилгаа хийгээд ч архидалт багасах шинж алга. Сайндаа л баярын ерөөл хэлдэг хундагандаа сүү дүүргэсэн болж харагдах, үдэшлэг уулзалтаа “архигүй” гэж нэрлэн шоудахаас хэтэрсэнгүй. Архигүй баяр, ёслолууд нь ч огт архигүй биш. Хатуу архины оронд шар айраг сөгнөдөг гэдэг утгаараа бас л нэг төрлийн архидалт болчихдог. Тэгэхээр энд чанарын ялгаа огт алгаа.

Ерөөсөө бид архины хор хөнөөлийн тухай хангалттай сайн мэддэг, архинаас болж амьдралаа балласан олон хүмүүсийн гашуун түүхийг бишгүй л харж сонсдог хэрнээ архинаас татгалзаж чадахааргүй байдалд, архины хамааралд нийгэм даяараа гүнзгий орчихож.  “Архидалтын эсрэг” гэдэг үг ямар ч хүчгүй, хий хоосон номчирхол, байдаг л нэг уриа лоозон болон хувирч, нэг үгээр хэлбэл бид бүр дөжирчихжээ. Бид үүнийг өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд дөжирчихсөн нийгэмдээ ямар нэгэн “цочроо” өгөх хэрэгтэй байна.

ДЭМБ-ын гаргасан зөвлөмжөөс үзвэл насанд хүрсэн хүн хоногт хамгийн ихдээ л 30 грамм алькоголь хэрэглэхэд хангалттай гэжээ. Хоногийн норм хэтэрвэл эрүүл мэндэд аюул учруулж эхлэх аж. Гэтэл манайхны мэддэг хамгийн бага тун хэмжээ нь 100 граммаас эхлэх бөгөөд үүнийгээ “зуу татах” хэмээн “өхөөрдөнгүй” нэрлэцгээнэ. Яадгаа алдатлаа согтож, бие биедээ агсам тавьж, зодоон нүдээндээ тулах ч энүүхэнд.

Хүн амины болон танхай, дээрмийн хэрэг, элдэв хүчирхийллийн гол өдөөгч нь архидалт. Гудамжинд осгож үхсэн, унаж бэртсэн гэх мэт золгүй тохиолдлуудын гол шалтгаан нь ч бас л архидалт. Элэгний өвчлөл, хорт хавдар хийгээд ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг өвчнүүд, тархи мэдрэлийн доголдол ч бас л архинаас ихэвчлэн үүсдэг. Манай аймаг хавдрын тохиолдлоор улсдаа толгой цохиж байгаа. Үүний нэг гол шалтгаан нь ч өнөөх л архидалт.

Дорнод аймгийн “БД”, “Дорнод дээж”, “Анчир” зэрэг компаниуд өнгөрсөн онд 10 нэр төрлийн 21,8 мянган тонн архи үйлдвэрлэжээ. Шилээр нь тооцвол 38400 шил согтууруулах ундааг зах зээлд нийлүүлсэн байна. Гэвч энэ нь нийт борлуулалтын ердөө 1,6-хан хувийг эзэлдэг. Учир нь үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд маш “эрэлттэй”. Худалдааны төвүүдээр өнгөрсөн онд  2,4 сая ширхэг согтууруулах ундаа борлуулсан бөгөөд манай аймгийн 1 хүнд 30 шил согтууруулах ундаа ноогдож байгаа гэсэн судалгаа гарчээ. Нэг хүнд ногдох архины хэмжээ жилд 8 литрээс давбал үндэсний аюулгүй байдлын түвшинд яригддаг гэсэн. Тэгвэл Дорнодчуудын архидалт үндэсний аюулгүй байдлын хязгаараас хэд дахин давчихжээ.

Архины нийлүүлэлт ийм их байгаа тохиолдолд архиа больё, багасгая гэж энүүхэндээ яриад ч нэмэргүй. Энэ бол бодлого боловсруулах түвшинд хяналт, шахалт тавьж байж л шийдэх асуудал. Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчид нь өөрсдөө бодлогыг гартаа барьж буй учраас  хэрэгжиж чадахгүй л байна. Тэгвэл орон нутгийн хэмжээнд архи зарах цэгийн тоог цөөлж болох юм.

Манай аймагт Архи, согтууруулах ундаа худалдаалах албан ёсны зөвшөөрөлтөй 204 хүнсний дэлгүүр, 64 баар цэнгээний газар, нийт 268 цэг ажилладаг гэнэ. Эдгээрийн талаас илүү нь буюу 158 нь Чойбалсан хотод байдаг аж. Баянтүмэн хамгийн цөөн нь буюу архи зарах зөвшөөрөл бүхий 3 дэлгүүртэй байхад Баян-Уул, Дашбалбар суманд тус бүр 15 цэг ажилладаг. Чухам л хэрэглэгчдээ ойртсон үйлчилгээ гэгчээр хэн дуртай нь гүйж очоод архи аваад уучихад дэндүү хялбархан, дэндүү олон цэгүүдэд архи дарсыг замбараагүй худалдсаар байна.

Үйлдвэрлэл худалдааны яамны сайдын 2010 оны 110 тоот тушаалаар: 1000 хүн тутамд архи зардаг 2 цэг байх ёстой аж. Гэтэл Дорнод аймагт байгаа архи зарах цэгийн тоо тогтоосон нормативаас 1,7 дахин их байна. Засаг даргын дэргэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих ажлын хэсэг гэж байдаг. Замбараагүй зөвшөөрөл цацсанаараа тэд архидалтыг өөгшүүлж байна гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Дэлгүүрүүдийн хувьд хамгийн эрэлттэй, ашигтай бараа бүтээгдэхүүн нь энэ мөн боловч, хичнээн олон хүний нус нулимс, амь амьдралаар хоолоо олж буйгаа тэд ухаарч анзаарах л учиртай. Мөн архи зарахаа болилоо гээд дампуурчихгүй нь л лавтай юм.

Манай аймаг ням гарагт архи зардаггүй журамтай атал эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн тоо жирийн өдрийнхтэй ижил байдаг. Архины зөвшөөрлийг цөөлбөл энэ мэт хулгайгаар архи худалдагч, шаглагчид олширч мэднэ. Үүнд хууль хяналтынхан болоод иргэд олон нийт  идэвхи санаачилга, хараа хяналт л чухал.

Дөжиртлөө нэвширчихсөн энэ их архидалтыг багасгая гэвэл нийгэмд “цочроо” өгөх л хэрэгтэй. Тэр цочроо нь архи худалдаалдаг цэгийг багасгах явдал. Ингэснээр нэг хүний ашиг орлого багасч мэдэх ч нилээд олон хүний амь амьдрал эерэгээр өөрчлөгдөх нь маргаангүй юм.

DNews.mn


URL:

Сэтгэгдэл бичих