Оффист тухлах уу, эмнэлэгт эмчлүүлэх үү
-МАРГААНЫГ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВЛАА-
Тухайлбал, энэхүү барилгын зураг төсөв анх эмнэлгийн зориулалтаар хийгдэж, тоног төхөөрөмж нь суурилагдсан тул эмнэлгийг конторын зориулалтаар ашиглана гэвэл дахин зураг төсөв зохиож их хэмжээний нэмэлт зардал гарна. Мөн хууль зүйн салбарт тусгай эмнэлэг хэрэггүй гэж Засгийн газар үзэж байгаа бол уг эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, улсын мэдлийн тусгай зориулалтын эмнэлгийн хэлбэрээр ашиглах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. 1990 оноос хойш Улаанбаатарт болон улсын хэмжээнд ганц ч эмнэлэг бариагүй. Тиймээс эмнэлэг, нэн ялангуяа төрөх эмнэлэг хүрэлцэхгүй байгаа нь асуудал үүсгэж байгааг гишүүд онцоллоо.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.
З.БАЯНСЭЛЭНГЭ: АРД ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОХ НЬ ЧУХАЛ
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтыг өөрчлөх болсонтой холбогдуулж Төрийн албан хаагчдын эмнэл гийн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудаас удаа дараа манай байнгын хороонд хүсэлт гаргасан. Ингэхдээ баригдаж дуусах шатандаа яваа эмнэлгийг зориулалтаар нь байлгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас манай байнгын хороо авч хэлэлцэх нь зүйтэй. Хувь гишүүний хувьд харахад вирусын гаралтай халдварт өвчнүүд дэгдэх, 2008 оны оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр гол цөмд нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бүх арга хэмжээг авч, энэ эмнэлгийн эмч нар тэргүүн фронтод ажиллаж байсан шүү дээ. Тухайн үед эмч нар олон хүний амь насыг аварсан. Монголд өнөөдөр сургууль, цэцэрлэг, төрөх болон хүүхдийн эмнэлгийн асуудал хүнд байна. Үнэхээр уг барилгыг оффисын эсвэл эмнэлгийн зориулалтаар нь ашиглах уу гэдгийг жингийн туухай дээр тавиад үзвэл эмнэлэг нь илүү жин дарах болов уу. Хэрэв зориулалтаар нь ашиглавал өмнө нь үйлчилгээ үзүүлж байсан 300 гаруй мянган хүнээс хэд дахин илүү үйлчилгээ үзүүлж, нарийн мэргэжлийн оношлогоонд хамрагдах боломжтой болно. Үнэнийг ярьсан хүн улстөржсөн болж хувирч байгаа ийм үед аль болох ард иргэдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Энэ бол улстөр биш та бидэнд эмнэлэг хэрэгтэй шүү дээ.
О.БААСАНХҮҮ: БХЯ-НЫ ӨМНӨӨС ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЯРИАД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ
-Өнөөдөр Г.Уянга, Х.Тэмүүжин, Д.Арвин нарыг ард түмэн харж байгаа. Өнөөдөр их гоё хурал боллоо. Наймдугаар сарын 1-нээс хойш ийм гоё хуралд маш цөөхөн суусан. Ер нь улстөр гэдэгтээ биш улс орноо боддоггүй гэдэгт л асуудлын утга учир нь байгаа юм. Жинхэнэ улстөрч сонгуулиа боддоггүй, улс орноо боддог байх ёстой. Төсвийн тухай хуулийг тогтоолоор баталдаггүй юм. Төсөв бүхэн хуулиар батлагддаг. Энэ барилгыг барих төсвийг хуульчилж өгсөн. Тиймээс өнөөдөр сайдын багцад мөнгө нь явж байгаа юм. Хуулиараа бол Хууль зүйн сайд өнөөдөр 500 саяыг би зарцуулахгүй гэж хэлэх эрхгүй. Хууль зүйн сайд бид хоёрын ярианд зарчмын том зөрүү харагдаж байна. Эмнэлэг гэж нэг өөр, эмнэлгийн байр гэж нэг өөр ойлголт яваад байна. Энэ эмнэлгийг Батлан хамгаалах яам руу шилжүүлэх тухай ярилцаад шийдсэн юм билээ. Үүнтэй бид маргахгүй. Нөгөө талаар Монгол Улсад эмнэлгийн хомсдол үүсчихээд байна. Төрөх, хүүхдийн эмнэлэг ус агаар мэт хэрэгтэй байна. Би яагаад байнгын хороон дээр тодорхой хуулийн заалт яриагүй юм гэхээр дэндүү амархан болохоор нь хүмүүс үүнийг мэднэ гэж ойлгосон. Тодорхой хэлбэл, Төсвийн тухай хуулийн зургаа, 10, 16, 41 дүгээр зүйл, 16.5, 16.5.2, 16.5.3, 16.5.5, 16.4.18 заалтыг зөрчсөн. Хууль зүйн яаманд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга өмчөөр хуваарилагдаагүй. Гэтэл Батлан хамгаалах яамны өмнөөс Хууль зүйн сайд яриад байгааг ойлгохгүй байна.
С.ДЭМБЭРЭЛ: ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН НИЙГМИЙН ҮР АШИГ ГЭСЭН ХОЁР ТОМЬЁОЛОЛ ХООРОНДОО ТУЛЧИХААД БАЙНА
-Энэ бол нэг хэсэг нь эмнэлэгт хайртай, нөгөө хэсэг нь эмнэлэгт хайргүй тухай асуудал биш юм. Төсвийн тухай хуульд тухайн объект хуульд тусч батлагдсан бол зориулалтын дагуу ашиглах ёстой. Одоо Хууль зүйн байнгын хороогоор оруулж тогтоолын төслийг хэлэлцээд эмнэлгийн зориулалтыг өөрчилсөн үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг тогтооно. Хэрэв хууль зөрчсөн бол Засгийн газрын тогтоол буруу гэдэг нь батлагдана. Өнөөдөр Монголд эмнэлэг хэрэгтэй байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор яригдлаа. Хэлэлцүүлгээс харахад гишүүд мэдээлэл дутуу байна. Гэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчиж Засгийн газар шийдвэр гаргасан гэж би бодохгүй байна. Миний хувьд тогтоолын төсөл санаачлагчаас Төсвийн тухай хуулийн хэд дүгээр зүйлийг зөрчсөн юм гэдэг дээр тодорхой хариулт авч чадсангүй. Миний ойлгож байгаагаар Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд хууль зөрчсөн эсэхийг тогтоох хэрэгтэй. Үүний дараа Нийгмийн бодлогын байнгын хороогоор орж ирэх ёстой. Эдийн засгийн үр ашиг ба нийгмийн үр ашиг гэсэн хоёр томьёолол хоорондоо тулчихаад байна. Сонин хэвлэлээс харж байхад Засгийн газрын авах гэж байгаа арга хэмжээ эдийн засгийн үр ашиг талыг, харин тухайн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн тодорхой бүлгийн хувьд нийгмийн үр ашиг талаас нь асуудалд хандаад байх шиг байна. Тэгэхээр энэ хоёрын аль нэгийг нь гэхээсээ илүү аль алийг нь оруулсан шийдвэр гаргах ёстой.
Хэлэлцүүлгийн үеэр энэхүү эмнэлгийн асуудлаар гишүүд зөрүүтэй байр суурь илэрхийлж байлаа. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Г.Уянга:
-Энэ тогтоолын төслийг дэмжихэд надад мэдээлэл дутуу байна. Хууль зүйн сайдын салбарын шинэчлэлийн бодлогыг эмч нарын яриад байгаа асуудалтай туухайн дээр жинлэж үзмээр байна. Бид хууль зүйн салбарын шинэчлэлийг авч үзэх хэрэгтэй. Бүлэг дээрээ Хууль зүйн сайдын мэдээллийг сонсох шаардлагатай байна. Энэ асуудал дээр Хууль зүйн сайд болон тал талын хүмүүсийг оролцуулах хэрэгтэй гэсэн горимын санал гаргаж байна.
Ж.Батсуурь:
-Тогтоолын төслийг санаачлахдаа Засгийн газраас санал авсан уу. Би барилгын инженер мэргэжилтэй хүн. Эхнээсээ эмнэлгийн зориулалтаар баригдаж, улмаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгыг өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Тиймээс уг тогтоолын төслийг дэмжиж байна.
О.Баасанхүү:
-Г.Уянга гишүүнд хандаж хэлэхэд бүлэг дээр Хууль зүйн сайдыг дуудаад ирэхгүй байгааг та мэдэж байгаа. Өмнөх долоо хоногийн даваа гаригт сайд ирж мэдээлэл хийнэ гэсэн ч ирээгүй. Асуудлын гол нь сайдын эрх ашгийг хөндөөгүй. Зөвхөн Засгийн газрын бодлогын асуудал яригдаж байна. Засгийн газрын тогтоолыг өөрчлөх тухай ярьж байгаа болохоос Хууль зүйн сайдын тушаалыг өөрчлөх тухай яриагүй. Тиймээс заавал сайд энэ хуралдаанд оролцох эсэх нь харьцангуй юм. Ж.Батсуурь гишүүний асуултад хариулахад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дараа арваннэгдүгээр сарын 5-нд миний бие Засгийн газарт санал авахаар төслөө хүргүүлсэн. Арванхоёрдугаар сарын 8 гэхэд Засгийн газраас хариу ирээгүй. Дэгийн тухай хуулиар 30 хоногт багтаж хариу өгөх ёстой. Хэрэв хоног хэтэрсэн бол хууль зөрчсөн хариу гэж үзнэ. Тиймээс шууд УИХ-д өргөн барьсан. Монгол Улсад эмнэлэг хэрэгтэй гэдэг үүднээс уг эмнэлгийг барьж байгаа гэж ойлгож байгаа.
Ё.Отгонбаяр:
-Уг тогтоолын төслийг санаачлахдаа бид Хууль зүйн салбарын шинэчлэл, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Батлан хамгаалахын яаманд нэгтгэж байгааг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь тухайн барилгыг зориулалтын дагуу ашиглахыг хүсч байгаа. Тиймээс хууль зүйн салбарын шинэчлэлээ Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьдаг юм байгаа биз. Бид эмнэлэг хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг хэлэлцэж өгөхийг хүсч байна.
Ц.Нямдорж:
-Би энэ асуудлыг яригдаж эхэлснээс хойшхи хугацаанд ҮАБЗ-ийн гишүүд, Х.Тэмүүжин сайдтай уулзаж олон удаа санал солилцсон. Харамсалтай нь энэ барилгыг эмнэлгээр нь үлдээх шийдвэр гаргахгүй байгаа юм. Улсын прокурор, Хууль зүйн яаманд би 10 гаруй жил ажилласан. Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам аль аль нь боломжийн байртай. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг би эхлүүлсэн юм. Анх ажлыг нь эхлүүлж байхдаа таван хүнийг Япон уруу явуулж Токио хотын гурван том эмнэлгийг үзүүлж, тухайн эмнэлгийн зохион байгуулалтаар нэгдүгээр давхрын үзлэгийн өрөөний байршлыг хийсэн. Өнөөдөр Монголд байхгүй хоёр аппарат суурилуулсан. 2010, 2011, 2012, 2013 оны Төсвийн тухай хуульд Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зардалд зориулсан мөнгө суучихсан. Та бидний баталсан 2013 оны тогтоолд Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг барьж дуусгахад 500 сая төгрөг зарцуулна гээд заачихсан байгаа. Одоо зургаан давхар хүртэлх барилгын ажил дууссан. 1990 оноос хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Ийм байдлыг л Засгийн газар хараасай гэж бодох юм. /Энэ үеэр Х.Тэмүүжин сайд хуралдааны танхимд орж ирэв/
Х.Тэмүүжин:
-Уг асуудлыг өдөөн хатгасан хүн нь та шүү дээ.
Ц.Нямдорж:
-Өдөөн хатгасан зүйлгүй. Хууль зүйн сайд хариуцсан асуудлаараа УИХ-ын гишүүдийг загнах ёсгүй. Бид өөрийг чинь томилдог. Би ийм томилгоон дээр олон удаа суусан хүн. Тиймээс асуултад хариулна биз. Эмнэлэг хэрэгтэй юм уу, оффис хэрэгтэй юм уу гэдэг дээр УИХ шийдвэр гаргах цаг нь болсон. Намайг өдөөсөн гэнэ үү, турхирсан гэнэ үү дураараа л ярьцгаа. Монгол хүний эрүүл мэндийн эсрэг Монголын төр явах ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна.
А.Тлейхан:
-Асуудал нэлээд удаан яригдлаа. Энэ эмнэлгийг барих гэж 2010 онд 950 сая, 2011 онд 5.5 тэрбум, 2012 онд 7.1 тэрбум, 2013 онд 500 сая гээд нийтдээ 13 тэрбум орчим төгрөгийг дөрвөн удаагийн Төсвийн тухай хуулиар баталгаажуулж төсөлд тусгасан. УИХ дөрвөн жилийн Төсвийн хуульдаа эмнэлэг барина гэж тусгасан юм билээ. Хуулийн салбарыг шинэчлэх асуудал чухал. Гэхдээ нэг ажлыг нөгөөгөөр нь цохиж маргаан үүсгэх зохимжгүй гэв.
Ийнхүү гишүүд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффис болгох уу, зориулалтаар нь ашиглах уу гэдэг дээр санал бодлоо илэрхийлж, зарим асуудалд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүн Д.Арвин төсөл санаачлагчийг шүүмжилж “Төсвийн тухай хуулийн аль заалтыг зөрчсөн юм гэдэг дээр тодорхой хариулт өгөхгүй байна” гэв. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гаргасан “Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамт хуралдаж, уг асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй” гэдэг саналыг дэмжиж байгаагаа хэлсэн. Энэ үеэр Х.Тэмүүжин сайд “Төсвийн хуулийг зөрчинө гэдэг юу гэсэн үг вэ гэдгийг хараарай. Одоо төсвөөс зарцуулагдаж байгаа мөнгө энэ эмнэлгийн байшин гэдгээс өөрөөр зарцуулагдаж байгаа нэг ч мөнгө байхгүй. Хариуцлагатай хэлэхэд Төсвийн тухай хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй. Харин Засгийн газар, Хууль зүйн яам бүрэн эрхийнхээ хүрээнд батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа энэ чиглэлийн албан хаагчдын эрүүл мэндийн үйлчилгээг нь чанаржуулахын тулд эмнэлгийнх нь зохион байгуулалтыг өөрчилсөн шийдвэр гаргасан” гэв.
Ийнхүү хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орж ирэв. Тэрбээр “Нийгмийн асуудал хууль зөрчсөн асуудал энд яригдаж байна. Тэгээд Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн асуудлаа л ярина. Энд хууль зөрчсөн талаар ярихгүй. Энэ асуудлыг цэгцэртэл АН-ын бүлэг завсарлага авлаа” гэж зарлав. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Ийнхүү эрх мэдэлтнүүд оффист тухлах уу, ард иргэд эмнэлэгт эмчлүүлэх үү гэсэн хоёр сонголтоос алийг нь сонгохоо гишүүд дараагийн хуралдаанаар хэлэлцэх аж.
URL: