Туул голын сав газар дахь 23,2 га газрыг “Стандарт групп”ххк-д олгосон нь тогтоогджээ
Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Туул голын хойд далан дотор мод огтлон талбай гаргаж, барилгын суурь ухаж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу БОАЖЯ, холбогдох байгууллагуудын хамтаар хяналт шалгалт хийжээ.
Тодруулбал, өчигдөр Ойн газрын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасгийн дарга Ч.Ганбаатар, НБХГ-ын Ойн албаны дарга Ц.Байгальмаа, мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан ахмад Э.Батгэрэл нар дээрх газарт очин экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох хэмжилт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 23,2 га газрыг “Стандарт групп” ХХК-д орон сууцны хороолол барих зориулалтаар олгож, 0066303 тоот газрын гэрчилгээ олгосныг тодорхой болгожээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан ахмад Э.Батгэрэл үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Мөн иргэний мэдээллийн мөрөөр гуравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Байгаль хамгаалах газрын орлогч дарга Н.Батзаяа, мэргэжилтэн Ч.Дамбасүрэн, цагдаагийн гэрээт ажилтан дэд хурандаа А.Догмид, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Шижир нар газар дээр нь очиж танилцан, үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгсөн аж. Мөн сарын 31-ний өдөр Маршалын гүүрнээс Зайсангийн гүүрний хооронд бургас шатаасан байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батзориг, Г.Бат нартай хамтран дахин шалгалт хийжээ.
Газар дээр нь шалгалт хийхэд барилга барихын тулд байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон тул бургас огтлогдсон, түймэрт нэрвэгдсэн газрын экологи, эдийн засгийн хохирол тооцуулах талаар Нийслэлийн Байгаль хамгаалах газраас хүсэлт тавьж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар үнэлгээ хийж байгаа гэж байна.
Шатсан, огтлогдсон бургасны экологи, эдийн засгийн үнэлгээ тооцоологдсоноор цаашид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нөхөн төлбөр тавиулах арга хэмжээ авч ажиллах аж.
Э.Болор
URL: