Улаанбаатар үнсэнд “булуулах” нь
Нийслэлийн агаарын бохирдлыг өөхшүүлэгч бас нэгэн томоохон хүчин зүйл иргэдийн сэтгэгдлийг түгшээх боллоо. Нөгөөтэйгүүр утаанд хордож дуусах дөхөж байгаа бидний уушиг тун удахгүй үнсэнд багтарч үхэхэд ойртжээ. Тодруулбал дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа хэдэн мянган тонн үнс чухам хаачиж байна вэ, түүнийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар яаж булдаг вэ гээд цахилгаан станцуудын үнстэй холбоотой асуудлаар сурвалжиллаа.
Нийслэлийг өнөөдөр хоёр, гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станц халааж байна. Тэдгээрийн гол түүхий эд нь мэдээж хэрэг нүүрс. Ингэхдээ ихэвчлэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсийг гол хэрэглээгээ болгоно. Учир мэдэх хүмүүс эдгээр уурхайнуудын нүүрс бусад уурхайнуудынхыг бодвол харьцангуй чанар муутай, үнсжилт ихтэй байдаг талаар хэлж байсан. Бүр цацраг идэвхийн нөлөө ч нэлээд байдаг тухай манай сонин өмнө нь агаарын бохирдолтой холбоотой сурвалжилгаараа нийтэлж байсан билээ.
ДУЛААНЫ II ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ БАЙЖЭЭ
Цахилгаан станцуудын хувьд гаргасан үнсээ төдийлөн хол булдаггүй. Тухайлбал хоёрдугаар цахилгаан станц гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Нямжавын хэлснээр цахилгаан станцынхаа хажууд 500-600 метрийн зайд булдаг байна. Тэр булсан үнс нь хавар, намар хуурайшилтын, салхи ихтэй улиралын үед ойр орчимдоо хийсэн тардаг аж. Тэгэхээр сул үнс салхинд хийссэнээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Үнс нь хүний амьсгалын замын эрхтэнүүдийг гэмтээдэг хамгийн аюултай бодис. Үнсний нарийн ширхэг таны, миний уушгинд орсоноор хорт хавдрыг ч үүсгэж болно. Мөн химийн хорт элемент, цацраг идэвхит бодисын хэмжээ ч нэлээд байдаг аж. Ингэхдээ тухайн үнсний найрлаганд хэр хэмжээний аюулт бодис үлдсэнээс хамаараад агаарт дэгдэх, хөрсөнд тархах байдал нь өөр өөр. Түүнчлэн С.Нямжав байцаагчийн хэлснээр тус станц яндандаа утаа шүүгчгүй, үнс хөргөлтийн систем нь ч гэсэн хуучирсан байдаг гэнэ. Утаагаа 100 хувь шүүдэггүй юмаа гэхэд ядаж 50-60 хувь шүүчихдэг байвал нийслэлийн хөрсний бохирдол, агаарын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Нүүрснээс гарч буй үнс хүний эрүүл мэнд ч биш газрын хөрсийг бараг нөхөн төлждөггүй болтол устгах аюултайг энэ салбарынхан онцолдог. Нөгөөтэйгүүр дулааны хоёрдугаар цахилгаан станц өнгөрсөн хоёр онд дараалан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө мэргэжлийн хяналтын байгууллагад гаргаж өгөөгүй байна.
НАРИЙН, БҮДҮҮН ШИРХЭГТ ТООСОНЦОРЫН 10 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Тэгэхээр дулааны цахилгаан станцууд нийслэлийн агаарын бохирдол тэр дундаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой хэмээгээд буй нарийн, бүдүүн ширхэгт тоосонцорын яг хэдэн хувийг бүрдүүлээд байна вэ гэдэг нь хариулт нэхнэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Б.Энхжаргалын хэлснээр “Улаанбаатар хотын агаар дахь нарийн бүдүүн ширхэгт тоосонцорын найман хувийг дулааны цахилгаан станцуудын гаргаж буй үнс эзэлдэг” хэмээсэн. Уг нь тэдгээр станцууд шатаасан нүүрснийхээ үнсийг усаар шүршиж тусгай газар асгадаг гэсэн хариултыг өгдөг. Хамгийн гол нь үнсээ усаар шүршлээ ч гэсэн нар, салхинд өнөөх ус нь хатаж, ууршиж таарна. Гэвч харамсалтай нь цахилгаан станцуудын үнсээ асгадаг тусгай талбай нь стандартын бус, бүрхээсгүй, бусад орчинд тархахад ямар ч хамгаалалтгүй байдгийг мэргэжлийнхэн хэлсэн. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн баруун урд хэсгийн хөрс тэдгээр станцуудын үнснээс болж маш их эвдрэлд орсныг хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд хүртэл хэлж байлаа. Цаашдаа дулааны станцуудын үнсийг гадны хөгжингүй орнуудад хэрэглэдэг “Магалди” гэх технологиор саармагжуулах гэнэ. Гэхдээ энэ технологийг хэрэгжүүлэхэд өртөг өндөр гарах учраас одоо болтол санхүүжилтын асуудал төдийлөн тодорхойгүй байгаа аж.
Мөн энэ үеэр нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Батбилэгээс дулааны цахилгаан станцуудын үнсэнд хэр хяналт тавьдаг талаар тодруулахад “Бидний хувьд хувиараа үнс ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор ажиллаж байгаа. Гэхдээ энэ талаар яг тодорхой бодлого одоохондоо гараагүй л байна. Манайхаас дулааны цахилгаан станцуудын үнсний холбоотой асуудалд төдийлөн сайн хяналт тавьж ажлаагүй” гэсэн.
ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ ЖИЛД 250-300 МЯНАН ТОНН ҮНС ГАРГАДАГ
Дулааны цахилгаан станцуудын жилд гаргадаг үнсний хэмжээ, түүнчлэн хаягдал болж гардаг үнсээр мөнгө хийж болох талаар дараах мэдээллийг оллоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд жилд тухайлбал Багануур болон шивээ-Овоогийн ордын 2.5-3 сая орчим тонн нүүрсийг ашиглаж байгаа. Гэхдээ Монголын нүүрс дунджаар 10-20 хувийн үнсжилттэй байдаг гэнэ. Жишээлэхэд нэг сая тонн нүүрсийг шатаахад 100-200 мянган тонн үнс үлддэг. Дөрөвдүгээр цахилгаан станциас л гэхэд жилд 250-300 орчим мянган тонн үнс гаргадаг. Энэ үнсийг ашигладаггүй болохоор усаар угаан үйлдвэрээсээ 3-4 километрийн цаана байрлах үнсэн бассейн гэх том нууранд юүлдэг байна. Уг станцийн хамгийн сүүлд хийсэн үнсэн бассейн нь 1.4 сая метр.куб багтаамжтай аж. Хэдий энэ нь асар том бассейн ч гэлээ дөрөв, тавхан жилийн дотор дүүрч орхихыг мэргэжилтнүүд хэлж байсан. Тиймээс энэ бүхний эцэст дан үнсээр дүүрсэн талбай л хоцордог бололтой. Дүүрснийх нь дараа хөрсжүүлдэг боловч энэ нь ашиглах боломжгүй болон үлддэг. Тэгэхээр үнсээр мөнгө олж болох уу. Хариулт нь болно. Тухайлбал Шинжлэх ухааны академийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторын судлаач, доктор Ж.Тэмүүжин нүүрсний үнсийг ашиглаад геополимер бетон үйлдвэрлэх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Байгальд хор нөлөө үзүүлэх нь бага, эдийн засагт ч хэмнэлттэй. Нэг тонн цемент үйлдвэрлэхэд нэг тонн нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг. Тэгвэл шатаасан үнсийг дахин шатаахад ямар ч хий ялгарахгүй.
Гэвч эцсийн дүндээ шинэ технолгиудыг дэмжихэд төрөөс нь олигтой бодлого явуулахгүй болохоор нийслэл үнсний орон хэвээрээ байх болно. Ийн хэлэхийн учир нь дан ганц дулааны цахилгаан станцууд ч биш гэр хорооллын 185 мянган айлын үнс маш ихээр гарч байгаа учраас тун удахгүй бидний амьдарч буй хөрс үнсээр дүүрэх нь ойрхон боллоо.
Л.Баатархүү
URL: