Тавантолгойг хэн “дампууруулав”

tata“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлд оржээ. Энэ талаар Я.Батсуурь захирал он гарсаар УИХ-д мэдээлж, Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл хүссэн. Хэрвээ 200 сая ам.доллартай болчихвол компанийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлж, иргэдэд хувьцааны ногдол ашгийг хуваарилах боломжтой болох гэнэ. Гэхдээ одоо болтол 200 сая ам.долларын асуудал шийдэгдээгүй байна. Өмнөх Засгийн газрын зуурсан “бантан”-гийн үр дүнд ийнхүү Монголын ард түмний “Эрдэнэс Тавантолгой” ХК бараг л дампуурахдаа тулжээ. “Монголын нүүрс дэлхийн зах зээлийг зорилоо” хэмээн томоохон нээлт хийж, албаны хүмүүс бөөн баяр болж байсан нь хоёр жилийн өмнөх түүх. Бүр тодруулбал, 2011 оны есдүгээр сар. Тэр үед Хятадын “Чалко” компанитай хийсэн таван жилийн гэрээний хүрээнд Тавантолгойн нүүрс тонн тутам нь ердөө 70 ам.доллараар урд хөршийг зорьж эхэлсэн. Сайд дарга нар тухайн үед нүүрсний үнэ одоохондоо хямд байгаа ч улирал тутамд шинэчлээд явах боломжтой гэж ярьж байв. Харамсалтай нь бодит байдалд хэрвээ нүүрсний үнэ буурвал “Чалко” буурсан үнээр нь авч, үнэ өсвөл манайхан 70 ам.доллараасаа хэтрүүлэхгүй байх дэндүү “өрөвдөлтэй” гэрээг үзэглэсэн нь саяхнаас ил боллоо. Шинэ захирал Я.Батсуурь ажлаа авмагцаа “Одоогийн байдлаар нүүрсийг 60 орчим ам.доллараар гадагш нь гаргаж байгаа. Нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд тээврийн зардал, “Энержи ресурс”-ын замыг ашиглахад нийт 30 орчим ам.доллар төлдөг. Мөн нүүрсээ олборлож, газрын гадаргуу дээр гаргаж ирэхэд дахиад 30 орчим ам.доллар болж байгаа юм. Ийм байдлаар ямар ч ашиггүй ажиллаж байна” хэмээн хэвлэлд ярьсан.   Өнгөрсөн оны сүүл­чээр Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний үнэ хямдарсан нь 70 ам.доллараар хийсэн гэрээний үнийг ийнхүү бууруулжээ.

Гэхдээ компанийн нөхцөл бай­дал хүндэрсэн нь зөвхөн үүнтэй хол­боотой гэвэл дэндүү өрөөсгөл болно. Хамгийн гол нь “Эрдэнэс ТТ”-н хувьд “Чалко”-д нүүрсээ үнэгүй л нийлүүлж байгаа шүү дээ. Мөнгөө урьдчилаад авчихсан учраас тэр. Нээлт хийхэд 250 сая ам.доллар, дараа нь 100 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр Хятадын компаниас авчихсан. Тэгээд бүгдийг нь Хүний хөгжил санд төвлөрүүлээд, бэлэн мөнгө тараачихсан. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” нүүрснийхээ оронд авсан 250 сая ам.доллараа өөрсдөө захиран зарцуулсан бол бол тийм ч амар “дампуурчихгүй” байлаа. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд улстөрчид энэ компанийг бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлэх “гүүр” болгосоор ирсэн. Я.Батсуурь захирлын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК Хятадын компаниас урьдчилгаанд 350 сая ам.доллар авч, “Голомт” банкнаас 100 сая ам.доллар зээлсэн. Үүнээс ердөө 100 гаруй сая ам.доллар нь л компанид үлдэж, бусад нь намуудын амлалтыг биелүүлэхэд зориулагджээ. Үлдсэн мөнгөөрөө “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн оны наймдугаар сарыг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн гэнэ. Харин одоо “цагаан туг” өргөж, засгаас “бадар барьж” явна. Он гарсаар нүүрсний тээвэрлэлтээ зогсоосон нь үүний хамгийн том нотолгоо. Тээврийн компанид өгөх мөнгөгүйгээс болж, тээвэрлэлт зогссон гэж байна. “Тэг зогсолт” гэсэн үг. Энэ янзаар удвал “Эрдэнэс Тавантолгой” дампуурлаа зарлан, үүдээ барих нь. Улстөрчид үүнийг хүсэхгүй байх гэж найдаж байна.

Улс төрийн амлалт, бэлэн мөнгө тараалт гэх мэт хэрэггүй бодлогуудын л “харгай”. Намуудын амлалтууд, бэлэн мөнгө тараалт инфляци үүсгэж, ядуурлыг улам нэмэгдүүлж байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн турш улстөрчид ярьсаар ирсэн. Харин үүнээс болж одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар “хямрал” ирсэн нь “Тавантолгойн дампуурал”-аар  хэмжигдэж эхлэв үү гэж айх шиг. Хэрвээ монголчууд Тавантолгойгоо ашиглаж чадахгүй, компани дампуурвал ирээдүйн өндөр өсөлт, эдийн засгийн хөгжлийн талаар бодоод ч хэрэггүй болох биз. Өмнөх Засгийн газраас “Яагаад “Чалко”-той ийм муу гэрээ хийсэн юм бэ” гэж асуумаар байна. Тэгээд бас “Яагаад ийм муу гэрээ хийчихээд ичих ч үгүй Монголын ард түмнээс нууж, худлаа хэлэв” гэж асуух ёстой. Хэн хариуцлага хүлээх вэ. “Эхний ээлжинд “Чалко”-той хийсэн гэрээг цуцлах хэрэгтэй байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы танхимд хэлж байсан. Гэрээг цуцалсны дараа дахиад хэнтэй гэрээ хийх, ямар нөхцөлтэй байх, хэрхэн хамтрах вэ гээд олон асуудал ундарна. Цаашилбал, хэзээ, хэрхэн IPO хийж, иргэдэд олгосон хувьцаагаа үнэ цэнтэй болгох вэ. “Чалко”-той гэрээгээ цуцалбал, үндсэндээ бүгдийг шинээр эхэлнэ гэсэн үг. Гэтэл бүхнийг шинээр эхэлбэл, олон улсын зах зээлд хувьцаагаа гаргаж, ард түмнээ баярлуулна гэдэг бүр ч хэцүү болох биз. Ямартай ч Тавантолгойг хэн “дампууруулсан” бэ гэх асуултын хариулт нээлттэй хэвээр үлдэж байна.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих