Ким Кен Ун цөмийн хөтөлбөрөө шинэчилнэ

kimАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгост авч буй хориг арга хэмжээг чангатгах талаар НҮБ-д хандсан. Үүний дагуу гишүүн орнуудын ихэнх нь дэмжсэн шийдвэр гаргасан. Гэхдээ эцсийн байдлаар ямар хориг арга хэмжээн дээр чангатгах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Он гарснаас хойш ийнхүү Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр дэлхий нийтийн анхаарлын төвд эргэн орлоо. АНУ-ын дээрх алхамтай холбогдуулж, Пхеньян “Цөмийн хөтөлбөр, пуужингийн тусгалаа эрчимжүүлж хөгжүүлнэ” гэсэн байр сууриа илэрхийлэв.

Тодруулбал, Хойд Солонгосын зүгээс цэрэг армийн хүчээ зузаатгаж, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэх шийдвэр АНУ-ын шахалтаас үүдэл­тэй гэдгийг ч зарим эх сурвалж мэдээлж байна. Цагаан ордны зүгээс “Сансарын хиймэл дагуул нэрийн дор баллистик пуужингийн алсын тусгалыг туршиж үзэж байгаа” хэмээн буруутгасаар байгаа. Тиймээс олон улсын зүгээс Хойд Солонгост эхний ээлжинд эдийн засгийн, эрх зүйн хориг арга хэмжээг авахаар болсон талаар BBC агентлаг мэдээлэв. Эрх зүйн хориг арга хэмжээнд олон улсын гэсэн бүх арга хэмжээнд тус улсыг оролцуулахгүй, эрх зүйн үндэсийг нь түр хугацаагаар хаах талаар мэдэгдсэн аж.  Олон улсын яриа хэлэлцээр, зөвшилцөлд тус улсыг оролцуулахгүй байх бүхий л гарцыг энэхүү хориг арга хэмжээгээр хаах талаар НҮБ-ын Аюулгүй албаныхан мэдэгдсэн.

Хойд   Солонгосын   Гадаад  хэр­гийн сайдын зүгээс АНУ-ыг “Хоёр орны харилцааг улам дайсагнуулах үйлдэл хийж буйд харамсч байна” гэдгээ илэрхийлсэн юм. АНУ-ын зүгээс НҮБ-д хандсанаар зургаан талт яриа, хэлэлцээрийг үгүйсгэсэн алхам болсон гэдгийг ч зарим ажиглагчид тайлбарлаад буй. Харин Хойд Солонгос удахгүй сансрын хоёр дахь пуужингаа хөөргөх талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээж НҮБ-ын зүгээс үүнийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа.

Залуу удирдагч Хойд Солонгосыг бага, багаар өөрчилж байхад АНУ цөмийн хөтөлбөрийн асуудлаар НҮБ-д хандаж Ким Чен Уны олон улсын цэрэг армийн шийдвэрүүдийг хүлээж буй талаар “Guardian” онцлов.

АНУ-ын Станфордын Их Сургуулийн профессор Сэйфрид Хекер Хойд Солонгосын цөмийн байгуу-ламжийн талаар нарийвчилсан судалгаа хийж, өнгөрсөн жилийн намар танилцуулж байсан. Мэдээж Хойд Солонгосын хувьд дээрх цөмийн байгууламжийн байршлыг өөрчлөх хөрөнгө мөнгө байхгүй. Тиймээс ямар нэг цөмийн туршилт, баллистик пуужингийн туршилт хийхэд хэцүү. Станфордын Их Сургуулийн профессор 2010 оны арваннэгдүгээр сард С.Хекер Хойд Солонгост уран баяжуулах цөмийн хөтөлбөртэй танилцахаар уригдан очиж байсан нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хөөргөсөн Хойд Солонгосын хиймэл дагуулын дараа “НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан нь Сэйфрид Хекерын нөлөө байсан” гэдгийг Пхеньян онцолсон. Тиймээс ойрын жилүүдэд гадны ажиглагч, төлөөлөгчийг Хойд Солонгост нэвтрэхийг залуу удирдагч Ким Чен Ун хориглоод байгаа.

Өчигдөр Ким Чен Ун Солонгос гаралтай Америкийн иргэнийг “Пхеньяны хүндэт иргэн” болгосон талаар Ёнхап агентлаг мэдээлэв. Хэдийгээр НҮБ-ын хориг арга хэмжээ, цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн асуудал анхаарлын төвд байгаа ч залуу удирдагч улсын дотоод асуудалд анхаарлаа хандуулж байгаа бололтой. Өмнөд Солонгосын “Pyeonghwa Motors” компанийн гүйцэтгэх захирал Пак Сан Воныг Хойд Солонгосын эрх баригчид “Пхеньяны хүндэт иргэн” цолоор шагнасан нь Барак Обамаг гайхшруулсан талаар CNN агентлаг мэдээлсэн юм. Тодруулбал,  Пак Сан Воны тэргүүлдэг автомашины компани Хойд Солонгост автомашины үйлдвэртэй. Ким Чен Ун гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс Пак Сан Вонд энэхүү нэр хүндтэй шагналыг олгох шийдвэрийг гаргасан байна. Мөн залуу удирдагч улсынхаа дотоод арга хэмжээнээс гадна “Цөмийн хөтөлбөрт өөрчлөлт хийх цаг ирсэн” гэдгийг ч журмын нөхөдтэйгээ санал бодлоо хуваалцсан бололтой.

Хойд Солонгосын цөмийн зэвсэгийг анх 2006 онд зарлаж байсан. БНАСАУ олон улсын эсэргүүцлийн дор цөмийн хөтөл­бөрөө үргэлжлүүлсэн нь АНУ-ын шүүмжлэл дор “Цөмийн зэвсэг туршлаа” хэмээн зарлуулж байсан юм. Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир амьд сэрүүн байхдаа “Цөмийн хөтөлбөргүй улс орон байсан. Харин одоо бид хүчирхэг орон болж байна” хэмээн 2006 онд зарлаж байсан удаатай. Хэдийгээр Хойд Солонгосын тал үүнийг эсэргүүцдэг хэдий ч “Цөмийн хошуут пуужингуудыг БНАСАУ амжилттай туршсан” хэмээн өрнөдийнхөн эмээх болсон. Ингэснээр Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон болсон юм.

Хамгийн хачирхалтай нь АНУ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийх төлөв­лөгөөтэй байгаа гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Өмнөд Солонгос улстай хийхээр төлөвлөөд буй цэргийн сургуулилтийг Хойд Солонгос хэр­хэн хүлээж авсан нь одоогоор тодорхой бус байгаа юм. Ямартай ч, АНУ-ын 25 мянган цэрэг, мөн Өмнөд Солонгосын тодорхой бус тооны цэрэг оролцсон “Бүргэдийн зулзага 2” нэртэй хоёр долоо хоногийн хамтарсан цэргийн сургуулилт хийж магадгүй болоод байгаа аж. Өмнө нь “Бүргэдийн зулзага” нэртэй хамтарсан сургуулилт хийж байсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “хамтарсан сургуулилт цэвэр хамгаалалтын зориулалттай байсаар ирсэн, байх ч болно” гэдгийг онцолсон. НҮБ-аас Хойд Солонгост дахин пуужин хөөргөхгүй байх анхааруулга өгсөн ч тэд туйлын зорилгоосоо буцахгүй гэдгээ мэдэгдсэн. Нөхцөл байдал залуу удирдагч Ким Чен Ун болон Барак Обамагийн гадаад дахь бодлого ямар байхаас шалтгаалах бололтой.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих