Монгол Комментоос “хувьсгал” үнэртэх болов
Ард түмний санал сэтгэгдлийг ямар ч цензургүйгээр, шууд хүргэх ард түмний нэвтрүүлэг Монгол Комментын талаар хэлэх хэдэн үг байна. Таны бичсэн сэтгэгдэл тус нэвтрүүлгээр уншигдаж байсан эсэхийг мэдэхгүй юм. Гэсэн ч та үзээд л байдаг тийм үү. Таны сэтгэгдэл уншигдах болов уу, уншигдахгүй байсан ч өнөөдөр энэ нэвтрүүлгээр ямар асуудлыг ард түмэн бичих нь вэ гэх зэрэг сонирхсон хүмүүс энэ нэвтрүүлгийг тэсэн ядан үздэг. Баяраа Билгээ хоёр өнөөдөр юу ярих нь уу гээд ёстой л хэрэг дурт хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлэг бол Монгол Коммент. Ийм гоё ард түмний санал сэтгэгдлийг сонсдог нэвтрүүлгийг явуулдаг Баяраа Билгээ та хоёртоо баярладаг шүү. Амжилт хүсье гэж эхлэх хүмүүсийн сэтгэгдэл өнөөдөр улам бүр л хүчээ авчээ. Ганцхан хот ч биш хөдөө орон нутгийн ард иргэдийн сэтгэгдлийг сонсдогоороо уг нэвтрүүлэг олны таашаалыг хүлээгээд байлаа.
Гэтэл сонгуулийн сураг дуулдав уу үгүй юу улстөрийн намуудын харьцаа, дүгнэлтүүд тус нэвтрүүлгээс сүүлийн үед өдөр бүр ханхлах боллоо. Уг нь улстөргүй нэвтрүүлэг юм байх гэж бодоод нэг хэсэг их шимтэн үздэг байтал өнөөдөр бусад сайн нэвтрүүлгүүд хэрхэн үзэгчээ алдсан жишгээр улстөр лүү хазайж эхлэх нь тэр ээ. Улстөртэй холбогдсон нэвтрүүлэг бүр цаанаа удирдагчтай байдаг гэх нийт монголчуудын хардлага ч дахин энэ нэвтрүүлэг дээр илэрч эхлэв. Мэдээжийн хэрэг Монгол Коммент гэх сүр нэрний цаана Телевизийн тунхаг болсон МАХН далд байгааг үгүйсгэхгүй ээ. Үүнийгээ ч илэрхийлж буй мэтээр тус нэвтрүүлэгт нэг ч удаа МАХН-ыг муулж байсныг та лав санахгүй.
Улс төр ярьвал Ардын нам Ардчилсан намтай холбоотой энд тэнд нийтлэгдсэн нийтлэлүүд, эх сурвалжит мэдээллүүдийг л “комментлож” ярьдагаас биш МАХН-ын нэг ч үйлдлийг буруушааж байхыг мэдэхгүй юм. Хамгийн сүүлд улстөрийн үзэгдлүүдийн томоохон сенсааци болох алдарт эхчүүдийн өлсгөлөнг үүнд нэрлэж болно. Нэг удаа Билгээ Баяраа хоёр ээжүүдийг өмөөрөөд авч өгч байна аа. “Ээжүүдийг битгий улстөржүүлээрэй манайхаан, Энэ Х.Тэмүүжин сайд одоо болиосой. Н.Энхбаяр даргын гэргийгээс ирсэн мессежийг сүр болгоод л дэвэргээд олонд дэлгэсэн байх юм. Харин ч Х.Тэмүүжинд зөв үгийг мессежээр илгээсэн л байна шүү дээ, бараг түүнийг магтчихсан юм биш үү” гэж ирээд л хэлж байгаа нь үзэгчдийн дургүйг хүргэв. Тэр хоёр уг асуудлыг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж, хөөрхий улстөр битгий хийгээрэй гэсэн эхчүүдийнхээ өмнөөс “ам далдганах” хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.
Тэгээд улстөрийн ямар нэг үйл явдлыг хэн нэг сэтгүүлчийн бичсэнээр үзэгчдэд хүргэх нь өөрөө ташаа ойлголт, аливаа нэг сайт буруу ташаа мэдээлэл нийтэлсэн, баримт материал дээрээ алдаа гаргасан бол тухай бүрт нь засч залруулж, уншигчдаасаа уучлал хүсч, залруулга хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэтэл мань хоёр аль нэг веб сайтын онцолж буй материалыг ямар ч цензургүйгээр хүргэдэг нь үзэгчдэд улстөрийн буруу ойлголтыг өгч байж ч болзошгүйг нэг анхаараад үзэх нь уг нь хэрэгтэй юм шиг. “Ардчилсан нам тэгж суудлын наймаа Ардын намтай хийжээ” гэх мэдээллийг мань хоёр харин ч тоймгүй олон удаагийн нэвтрүүлгээрээ хөндөж ярьж байсан удаатай.
Анхандаа Монгол Комментод ирсэн захиа ихэвчлэн хэн нэгнээс тусламж ирсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн, аливаа зүйл дутагдаж гачигдсан зовлонгоо бичиж Монгол Коммент рүү илгээдэг байсан бол өнөөдөр тус нэвтрүүлэгт улстөрийн нам хүчнүүдийн талаар хэн нэгний байр суурь цаашлаад ямар нэг паппараци гэмээр үйлдлүүдийг захиа болгон бичдэг болж. Мөн зарим нь улстөрчийг өөрийн байр сууринаас хандан, шүүмжлэх, магтах, гүтгэх, үйл хөдлөл, үг яриаг нь дүгнэсэн байр сууриа илгээж байгаа нь улстөр өөрөө энэ нэвтрүүлгийг сонирхсон уу, нэвтрүүлэг өөрөө улстөрийг онилсон уу гэх эргэлзээг төрүүлж эхлээд байна.
Уг нь мань хоёр “Дуугүй өмнөхөө гудар” гэдэгтэй адил асуудлыг ард иргэдтэйгээ тулж ярьдаг шигээ өнөөгийн нийгмийн асуудлыг хөндөж түүгээрээ холбогдох албан тушаалтан, байгууллага, удирдлагуудад нь хаяглаж комментоо уншиж, ядаж нэг ч гэсэн траншейны нүхийг тагтай болгохын төлөө, байгууллагуудын соёл, үйлчилгээний доголдол, хүмүүсийн мессенжер сэтгэгдэл зэргээ уншиж танилцуулж байвал уг нь тэр хоёрын нэвтрүүлгийг цаашид улам нийгэмшүүлэх байлаа. Харамсалтай нь нийгэмшүүлж, ард иргэдтэйгээ илүү ойр байхаас илүүтэйгээр Монгол Коммент өнөөдөр улстөрлүү өөрөө хазайж эхлэж байна. Яагаад ганц ч болов нэвтрүүлэг улстөрөөс ангид байж болохгүй гэж. Би ийм л нэвтрүүлгийг хүсч байна. Тэрнээс биш хэн нэгний гар хөл болсон сэтгүүлчид, улстөрчийн нэвтрүүлгийн санаа, удирдлагатай дарлагдсан зохиолтой нэвтрүүлгийг үзэж ханалаа. Өчигдөр та хоёрын нэвтрүүлгээс ард түмэн үнэртдэг байсан бол өнөөдөр Улстөр ханхлах болж. Тэрдундаа Хувьсгалт нам ханхалж эхэлж байгааг нэг сануулах гэсэн юм. Цаашид анхаарна биз ээ.
Коммент бичсэн: Монгол овогт Иргэнхүү
URL: