Байлдагч би, эх орныхоо энхийн манаанд гарахад хэзээд бэлэн
Идэр есийн жавар хэдийнэ уярч, нарны илч бага ч болов мэдэгдэх болжээ. Нийслэл хотын жирийн нэгэн өглөө. Ажил, сургууль руугаа яаран алхах хүмүүс, утаан хөшиг гээд танил болсон дүр төрх. Гэхдээ бидний ажил энэ удаа арай өөрөөр эхэллээ. Цэргүүдийн алхааны жигд хэрнээ эрчимт хэмнэл, жагсаалын даргын команд гээд Хилийн 0164 дүгээр ангийнхны хувьд дасал болсон өглөөний ажлын нэгдэлт ч манай сурвалжлах багийнханд онцгой нэгэн өдрийн эхлэл болсон юм.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хилийн 0164 дүгээр анги өдгөө 100 гаруй алба хаагчтай бөгөөд хилийн ар тал, хангалт, тээврийн үүрэг гүйцэтгэж буй томоохон байгууллага аж. Тус ангийн захирагчаар хурандаа Д.Батцэнгэл ажиллаж байна. Энэ анги хилийн отряд, заставын хил хамгаалах үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай зэвсэг, техник, хоол хүнс, хувцас хэрэглэл гээд ар талын хангалтыг тасралтгүй явуулах зорилгоор Дотоод яамны хязгаарын цэргийн бэлтгэл хэлтсийн нэгдсэн агуулах нэртэйгээр анх 1938 онд байгуулагдсан гэдэг.
Тухайн үед хилийн цэргийн анги салбарууд шинээр байгуулагдаж, хангалтын хүрээ өргөжихийн хэрээр авто тээврийн хэрэгцээ ч нэмэгдсэн байна. Үүнээс улбаалан 1939 онд хязгаарын газрын авто гараашийг байгуулжээ. Ийнхүү ар талын хангалтын үйлчилгээ явуулах үндсэн хоёр салбар бие даан ажиллаж байгаад 1987 оноос нэг ангийн бүтцэд орсон аж. Өнгөрсөн хугацаанд нэр, дугаар нь өөрчлөгдөж байсан ч хилийн цэргийн отряд, заставын төвлөрсөн хангалт, захиалгат тээвэр үйлчилгээг хариуцах үүрэг нь хэвээр үлдсэн аж.
Шинэ байрлал, шинэлэг орчин-Эр цэргийн нэр төртэй үүрэг
Хилийн ар тал, хангалт, тээврийн анги найман үндсэн, 24 дэд албатай бөгөөд саяхнаас Ахмадын, Эмэгтэйчүүдийн, Ахлагчийн зөвлөл гээд олон нийтийн байгууллагуудтай болжээ. Үүнээс гадна ажилтан, алба хаагчдын чөлөөт цаг, бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч байгаа нь ч ажиглагдсан.
Цэргийн ангийн байрны хонгилоор явж байхад спорт заал, бялдаржуулах танхим, тэр ч бүү хэл билльяардын өрөө, өндөр хурдны интернет, соёлын төв, номын сан гэсэн хаяг харагдана. Хүчний байгууллагын хатуу дэглэм, загнаж зандарсан дарга нарын тухай төсөөлж очсон болоод ч тэр үү энэ бүгд сонирхол татаж, орж харлаа.
Хамгийн эхлээд номын сангаар ороход цаанаа л нэг халуун дотно орчин угтсан юм.
Ханаар нь эгнүүлсэн номын тавиурт байх хууль эрх зүй, цэргийн боловсролын талаарх ном, хэвлэл, дэлхийн сонгодог уран зохиолууд нүдэнд туссан. Номын санч бүсгүйн хэлснээр цэргүүд карт нээлгэж ном уншдаг бөгөөд Сервантесийн “Дон Кихот” хамгийн олон уншигчтай нь гэсэн. Мөн энтертайнмент сэтгүүл, өдөр тутмын сонинуудыг тогтмол захиалж, цэргүүддээ уншуулдаг юм байна.
Номын сангаас шууд спорт заал руу явлаа. Биднийг ороход бэлтгэлийн хувцас өмссөн хүмүүс шалгалтад орж буй бололтой “Би дүнгээ засуулмаар байна”, “А авахын тулд хэд суниадаг билээ” гэцгээж байв. Бас нэг хүн урт модон сандал дээгүүр ихэд хичээнгүйлэн харайх бөгөөд дэд хурандаа Д.Ганболдын хэлснээр, цэргийнхэн бусадтай адилгүй, биеийн жингийн индексийг ягштал баримталж, бие бялдраа гойд хөгжүүлсэн байх ёстой аж.
Тиймээс офицер, ахлагч болон алба хаагч, ажилтнууд байсхийгээд л “норм баримталсан” эсэхээ шалгуулдаг байна. Ер нь Хилийн 0164 дүгээр ангийнхан спортын амжилтаараа манлайлагчдын тоонд зүй ёсоор багтдаг. Тухайлбал, даян аварга Ц.Чимэд-Очир, хурц арслан Ц.Бадамсэрээжид зэрэг спортын алдартнууд энэ л ангиас төрж гарчээ. Мөн цэргийн ангиудын хооронд зохиогддог уралдаан, тэмцээнүүдээс шагналгүй буцаж байсан удаагүй юм билээ.
“Цэрэг эрс”-ийн бодит амьдрал
Бид цэргүүдийн өрөөгөөр зочиллоо. Давхарлаж эгнүүлсэн орнуудаа цэмбийтэл нь хурааж, дугаарласан шаахайнуудаа ирийтэл нь өрсөн цэргүүдийн өрөө цэмцгэр гэж жигтэйхэн. Чөлөөт цагийн үе таарсан болоод ч тэр үү цэргүүд нэгнийхээ орон дээр бөөгнөрөн сууж, гитар тоглон, ном, сонин эргүүлэх нь яг л “Цэрэг эрс” кинон дотор орчих шиг сэтгэгдэл төрүүлэв. Энд Архангай, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, нийслэлээс татагдан ирсэн цэргүүд байлаа.
Эх орныхоо торгон хил дээр зогсоогүй ч бие сэтгэл, ажил үйлсээрээ хилээ манаж яваа эр цэргүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
Би хуучин цэрэг болсон
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Сэлэнгээс татагдаж ирсэн, Г.Батмандах байна. Нутгаасаа гурвуулаа ирсэн. Ирэх тавдугаар сард халагдана. Сэлэнгэд дунд сургууль төгссөн.
-Цэргийн амьдрал ямар санагдав?
-Өө, анх ирж байснаа бодвол хамаагүй дадлагажсан. Би ч одоо хуучин цэрэг болж дээ.
-Хилээ хамгаалахад бэлэн гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Энд ирээд их зүйл сурч авлаа. Ялангуяа тэсвэр хатуужил, хариуцлагатай, сахилга баттай болсон гэж бодож байна.
Цэргийн алба хаах хэрэгтэй
-Хаанаас цэрэгт татагдаж ирсэн бэ?
-Намайг С.Бат-Эрдэнэ гэдэг. Өнгөрсөн аравдугаар сард ирсэн. Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат. Одоо 21-тэй.
-Чамайг гэр бүлтэй гэж найзууд тань ярьж байсан?
-Тийм ээ. Эхнэр, хүүхэдтэй. Миний хүү одоо найман сартай.
-Цэргээс халагдаад юу хийхээр төлөвлөж байна даа?
-Би мал маллаж өссөн. Цаашдаа ч малаа маллаж, сайхан амьдарна гэж бодож байгаа.
-Үеийнхэндээ хандаж юу хэлэх бол?
-Цэргийн алба хаах хэрэгтэй. Энэ бол эр хүний амжуулах ёстой ажил гэж боддог. Цэргийн алба хааж байх хугацаанд бодож байснаас олон зүйл сурч авдаг юм байна.
Зургийн үзэсгэлэн шиг цэргийн анги
Энд ирээд нэг зүйлд өөрийн эрхгүй анхаарлаа хандуулсан юм. Тодруулбал, цэргийн ангийн аль ч өрөө, коридорт нүд булаам уран зургууд байрлуулжээ. Өнгө будгаас нь харвал уг бүтээлүүд шинэхэн бөгөөд туйлын нарийн ур шингэсэн гэдэг нь шууд харагдана. Эдгээр бүтээлийн эзэн нь ахлагч Д.Гантулга. Зураач мэргэжилтэй тэрбээр өдгөө цэргийн хүн болжээ. Гэсэн хэдий ч, ур чадвараа энэ ажилдаа харамгүй зарцуулж байгаа нэгэн юм байна.
Тус ангийн удирдлагууд алба хаагчид, ажилтныхаа боловсрол мэдлэгт онцгой анхаардаг гэсэн. Тухайлбал, 2012 онд тус ангид бичиг үсэг мэдэхгүй найман цэрэг ирсэн бөгөөд өдгөө бүгд уншиж, бичиж сурсан байна. Эдгээр цэрэгт тусгай цаг гаргаж, хичээллэсэн нь ийнхүү үр дүнд хүрчээ. Үүнээс гадна тогтмол цагуудад олон төрлийн хичээл зааж байгаа нь цэргүүдийн боловсрол, мэдлэгт зохих нөлөө үзүүлж эхэлжээ.
Цэргийн ангийн алдартнууд
Дэд хурандаа Д.Ганболд бидэнд ангийнхаа шилдгүүдийг танилцуулсан юм. Жолооч, ахлах ахлагч Н.Эрдэнэмөнх, ахлах дэслэгч Н.Наранцэцэг, ажилчин Ч.Батсуурь, байлдагч Х.Буянжаргал, ахлах ахлагч Н.Гантулга, тогооч М.Оюунгэрэл, нягтлан бодогч С.Цээпилмаа, ахмад Т.Сандагдорж нар ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, бусдадаа үлгэр дуурайл болж байгаа эдгээр алдартны заримтай нь уулзаж, сэтгэгдлийг сонссон юм.
Ахлах дэслэгч Н.Наранцэцэг “Шилдэг офицер” болсон бөгөөд тэрбээр “Би 1996 онд МСҮТ-ийг бичээч, бичиг хэрэг, архивын мэргэжлээр төгссөн. 1998 онд ангидаа бичээчээр ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо Офицерийн албанд захиргаа, нууц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа.
Цэргийн хүний амьдралыг сонгох болсон нь аав, ээжтэй минь холбоотой. Аав маань Цагдаагийн академид насаараа ажилласан, ээж Батлан хамгаалах, Цагдаагийн академи, Цэргийн их сургуульд хятад хэлний багшаар олон жил ажилласан. Тиймээс цэргийн хүний амьдрал надад их ойр санагдсан юм. Тэгээд ч цэргийн амьдрал эмэгтэй хүнд хатуудна гэж боддоггүй. Харин ч ажлаараа бахархдаг” гэсэн юм.
Харин ахлах ахлагч Э.Эрдэнэмөнхийн хувьд “Шилдэг ахлагч” болсон аж. Тэрбээр “Би энэ байгууллагад 13 жил ажиллаж байна. Анх цэргийн алба хаагаад, тэгээд ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Аав минь энэ ангид хилчин жолоочоор ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Намайг удам дагасан хилчин жолооч гэж болно. Би багадаа аавыг дагаж олон газраар явсан.
Тиймээс энэ ажил миний мөрөөдөл байсан юм. Дуртай ажлаа урам зоригтой хийх нь амжилтын үндэс болсон гэж боддог. Ер нь, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй” гэлээ. Цэргийн ангийн тогооч М.Оюунгэрэл “Миний хувьд цэргийн хүн болоод найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ ажил хүнээс тэсвэр хатуужил, өндөр сахилга бат, хариуцлага шаарддаг. Ийм хүмүүстэй ажилладгаараа бахархдаг.
Энэ олон хүүхдийн ээжийн оронд ээж болж яваагийн хувьд сайхан хоол хийхийг маш их хичээж байна” гэсэн юм. Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга дэд хурандаа Ц.Лхагвасүрэн “Бид үндсэн үүрэг болох хангалт, тээврийн ажлаа чанартай, сайн, шуурхай биелүүлэхэд онцгой анхаарах ёстой. Ер нь, ажилдаа өөриймсөг хандаж байвал ажил урагштай, урагшилж л байдаг юм.
Манай ангийн хувьд бусдаас ялгарах гол онцлог нь ажилтан, алба хаагчдынхаа өдрийн амралтыг гойд үр дүнтэй байлгахыг чухалчилж, энэ тал дээр нэлээд ажил хийлээ. Энэ зорилгынхоо хүрээнд байнгын ажиллагаатай олон нийтийн байгууллагуудтай боллоо. Мөн Хил хамгаалах алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан бүтээлч 80 ажил хийхээр төлөвлөсөн.
Мөн “Их ойдоо барих бидний бэлэг” сэдэвт уралдааны болзлыг бүх, алба тасгийн дунд зарлан, хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Энэ онд бидэнд хийх ажил маш их байгаа. Бид өнгөрсөн зургаадугаар сард энд шилжиж ирсэн. Байр орчноо тохижуулах ажил нэлээд хийсэн ч дутуу зүйл бас бий. Тухайлбал, баатрууддаа хүндэтгэл үзүүлэх дурсгалын хөшөө, цогцолбор барьж байгуулах гээд ажил их байна” гэсэн юм. Өглөөний нэгдэлтээр ажил нь эхэлдэг шигээ орой бас жагсаж тардаг цэрэг эрсийн нэг өдөр ийн өнгөрлөө.
Сонинмн
URL: