Нэгдүгээр эгнээний “эрхийн бичиг” үнэ цэнээ алдаж байна
Э.Бат-Үүл баатар сонгогдсон даруйдаа иргэдийн таашаалд нийцсэн хэд, хэдэн шийдвэр гаргаж, талархлыг нь хүлээгээд байсан. Харин сүүлийн өдрүүдэд түүний гаргасан шийдвэр иргэдийн таашаалд нийцэх нь бүү хэл уур бухимдлыг нь бараад байгаа.
Буруу рультэй машин, ням гарагт гэрээсээ гарч гадуур явж болохгүй гэх тулган шаардалт шахуу шийдвэр нь Үүл баатрын иргэдээс олж авсан “базари” үнэлгээг “юүко” болтлоо бууруулчихсан. Гэхдээ л өмнөх удирдлагын адил гаргасан шийдвэр нь цаасан дээр биш газарт буусан нь том ахиц дэвшил юм.
Хоёр цагийн газрыг хорин минутад товчилж, гялайгаад байгаа зүйл байхгүй ч нэг үеэ бодоход хотын түгжрэл буурчихаад байна. Дугаарын хязгаарлалт хамгийн том түлхэц болж байгаа ч эгнээгээр ялгаж байгаа нь түгжрэл буурахад нөлөөлсөн байна.
Автобус, шаардлага хангасан такси, микро, тусгай дохиолол бүхий машин, хүүхдийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гарсанаар замын түгжрэл буурахад ахиц дэвшил гарсан гэхэд болно. Сүүлийн өдрүүдэд дуулдаж байгаа нэг таатай мэдээлэл бол хэвлэл мэдээллийн байгууллагын лого бүхий машинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гаргахаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зэхэж байгаа тухай юм.
Мэдээж цаг хугацаатай уралдаж, мэдээ мэдээллийн араас уралдаж байгаа хүмүүс мэдээлэл бэлтгэх газраа түгжрэлгүй очих нь талархууштай хэрэг. Иргэд ч энэ асуудалд бухимдахгүй нь мэдээж. Гэхдээ энэ асуудалтай холбоотой нэг ойлгомжгүй зүйл гарч байгаа нь хэвлэл мэдээлэл гэдэгт хэнийг хамруулсан бэ гэсэн асуудал.
Сонин, сайтын сэтгүүлчид тэр болгон машинтай “тансаглаад” байх нь ховор. Машинтай байлаа ч лого тэмдэг байхгүй хувийн голдуу машинаар ажлаа амжуулдаг. Харин энэ заалтад орсноор бол заавал логотой машинтай байх ёстой юм гэнэ. Тэгэхээр логотой телевизийн машин сүнгэнээд хувийн болон логогүй машинтай нөхдүүд хохь нь болоод мэдээллээс хоцрох сонголт хийх бололтой, янз нь.
Мөн энэ асуудлын хажуугаар жирийн нэг албан хаагч, энгийн иргэд хэвлэлийн лого ашиглахгүй гэх баталгаа хаана байна. Реклам сурталчилгаа хөгжчихсөн байхад захын хүн лого наачихаад давхиж явахыг үгүйсгэх аргагүй биз дээ. Хамгийн жижигхэн жишээ дурьдахад л байгууллагын сурталчилгааг чинь машиндаа нааж сурталчлаад өгье гээд телевиз, сонины лого нааж, түгжрэлгүй явахыг үгүйсгэж болохгүй юм.
Онцгой байдал, маяактай машинтай дарга, цэрэг, түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж яваа машин, хүүхдийн автобус, такси, автобус гээд сүүлдээ энэ эгнээнд явах машины цуваа хоёр, гуравдугаар эгнээнээсээ илүү болж эсрэгээрээ нэгдүгээр эгнээнд түгжрэл үүсдэг нөхцөл бүрдэх вий дээ.
Сайны хажуугаар саарыг нь ч гэсэн ярилцах нь зүйтэй. Их хотод нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой олон машин байгаа. Түргэн тусламж, гал команд, нийтийн тээвэр гээд тоолоод байвал барагдахгүй олон. Тэгэхээр хязгаар тогтоох ёстой байгаа юм. Маяактай, хар теньтэй машинд тухалсан дарга, Замын цагдаа, хөдөлгөөнт эргүүлийн машинтай эрхэм цагдаа ах нар ажлаасаа хоцрохгүйн тулд гэрлэн дохиогоо хангинуулаад нэгдүгээр эгнээгээр явж байгааг олон удаа харж, бас сонсч байлаа.
Гэрлэн дохиотой л бол нэгдүгээр эгнээ, телевизийн лого наасан бол нэгдүгээр эгнээ, гаднах үзэмж нь сайн такси бол нэгдүгээр эгнээ гээд л нэгдүгээр эгнээний учир холбогдол, ач тус нь бүдгэрч байна шүү, Хотын дарга аа.
Б.Тогтох
URL: