Эргэж очих эх оронтой хүндээ би…/баримтат эссэ/
/баримтат эссэ/
Манай Монголд бол тамгатай цаас юу ч биш. Харин маны өмнөх хэд хэдэн зуунд Чингис хааны “Алтан гэрэг”-ээс өгсүүлээд улаан шугамтай дардас, тамга тэмдэг бүхий цаас дор олон амьтан толгой бөхийлгөн, хүлээн авч, магадлан итгэмжилж, даган мөрдөж байсан цаг хэдийн түүх болон үлджээ. Харин тамгатай цаасны үнэ цэнэ, сүр хүчийг манайхан гадаад орны элчин сайдын яамдын босгыг элээж сэтгэл түгшин бас догдлон байж даруулж авсан виз хэмээх хүчтэй эдээр гүн мэдэрдэг цаг иржээ. Виз гарлаа. Бөөн баяр. Орон байр, эд хогшлоо барьцаалан, эсвэл ах дүү амраг саднаасаа гуйж гувшин ам шүдээрээ тангаргалан байж хэдэн цаас олоод харийн орныг зорих монголчуудын цуваа үл тасарна. Гааль дээр ирээд тасхийтэл дарах тамганы дуунаар сая л сэтгэл амсхийн харийн орны хилийн дээс алхах авч бүх юм санаснаар болохгүй. Гадаад оронд бичиг баримт гэгч өнөөх тамгатай цаасны сүр хүч, дарангуйлал дор амьдрахын төлөө ёстой л үзэж тарна даа. Ёс ёмбогор, төр төмбөгөрөө гэж… Гадаадад хулхидаж болохгүй, хуурамч бичиг цаас үйлдэж болохгүй, танил талаараа яриулж болохгүй, архи дарс, дээлийн өнгө, янчаан мөнгө өгч өгч аргалж болохгүй, тогос шиг гоёж очоод, хөхөө шиг донгодоод ч болохгүй олон юм бий. Гагц хуулийн дагуу бүх юм шийдэгдэнэ. Бид аль болох хуулийн гадуурх нүх сүвийг хайж эхэлнэ. Тамгатай цаас ихэнх өндөр хөгжилтэй оронд бол нууцлалын кодтой бичиг баримт энэ бол бидний хувьд оршин суух үнэмлэх, ажиллах эрх, нийгмийн даатгалын дугаар, ногоон карт гэхчилэн наад захын бичиг баримт юм. Одоо таны унших зүйл бол тамгатай цааснаас эхтэй монгол эмэгтэйн үнэн түүх юм шүү.
Чи Ази хүн
Налчгар хамартай, онигор нүдтэй, шар арьстай, намхан нуруутай би Ази хүн. Ази дотроо Төв Азийн цээжинд нутагтай жирийн нэгэн Монгол эмэгтэй. Намайг Нараа гэдэг. Амьдралын мөр хөөж наанадаж өөрийгөө цаанадаж газар дээрх ганц охиноо сайн сайхан явуулах гэж баруун Европын нэгэн орныг зорьсон нэгэн. Би орос, англи хэлний багш, сүүлд нь амьдралын шаардлагаар нягтлан бодох мэргэжил эзэмшсэн, Орос, Монголд гурван дээд сургууль төгссөн. Олон газар ажиллаж байсан. Энэ дундаас НҮБ-ын төсөл дээр ажиллахдаа их зүйлийг сурч, мэдэж авсан билээ. Үүндээ дулдуйдсан би бээр баруун Европод зохих түвшиний ажилд орно гэж найдаж байсан юм. Гэтэл бүх юм санаснаар болсонгүй. Энд ажилд ороход олон зүйлийг шаарддаг аж. Ажиллах эрх, визний төрөл, барууны орнуудад ажилласан туршлага, урьд нь ажиллаж байсан ажлын тодорхойлолт гээд бас дээр нь ярилцлаганд орж байж ажилд орох эсэхээ шийдүүлэх. Хамгийн эхний бэрхшээл бол би Ази хүн. Бусад бүх үзүүлэлт маань ОКЕЙ байсан ч Ази болохоороо миний нэр хүнд, боловсрол, эзэмшсэн мэргэжил маань нөгөө хошин шог дээр гардаг шиг газар дээр шороо бужигнуулаад л унана гэсэн үг. Хэдийгээр чи Ази гэж хэлээгүй ч ярилцагч этгээдийн нүүрэн дээр нь бичээтэй. Олон бэрхшээл туулж байж цэцэрлэгт багшаар орлоо. 9 сар энэ ажлыг хийлээ. Дараа нь нэгэн банкинд reseption хийв. Нийтийн жишгээр л цалингаас цалингийн хооронд амьдарч, бас өрөө дарах гэж хуруу хумсаа хуйхалхаас наагуур хэдэн цаас илүүчилж монгол руу илгээнэ. Тэгээд ажлаа солих гээд энд тэндгүй анкет бөглөж ажлын зараас салдаггүй байлаа. Хэд хэдэн газар ярилцлага өгсөнөөс хойш харин ярилцлаганд орох туршлага суугаад авлаа. Тэгж байж нэгэн Иран эзэнтэй газар ажилд орсон юм.
Бороотой өдөр ба асгарсан нулимс
Шинэ ажил маань Мотосервис компани. Машины стерео хөгжим, дохиоллын систем, цахилгааны гэмтэл, машины утас суулгадаг жижиг компани юм. Эзэн нь Иран хүн гэж би дээр хэлсэн. 30 жил энд амьдарч байгаа. Эндхийн иргэнтэй гэр бүл болсон нэгэн. Миний виз оюутны учир би эндхийн хуулиар долоо хоногт 20 цаг л ажиллах ёстой. Өмнөх ажил маань энэ хуулийг яс баримталдаг байсан юм. Харин шинэ эзэн намайг бүтэн цагаар ажиллахыг зөвшөөрч, харин цалинг хамгийн доод жишгээр тогтоолоо. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгдээ. Амралтын өдрийн мөнгийг төлж байгаа нь их юм. Бид оффистоо гурвуулаа. Босс, менежер бид гурав. Менежер бүсгүй их аятайхан ааштай, ховор барууны эмэгтэй. Надад их зүйлийг зааж сургасандаа. Харин эзэн бол цаг үргэлж хажууд минь зогсоод хийж байгаа юмыг маань нүд алдалгүй харж, болж л өгвөл уурлах гээд байдаг хүн. Менежерийг амралттай үеэр надад их дээрэнгүй ханддаг, юм л бол чиний хэл муу байна гэж дарамтлана. Харин үйлчлүүлэгчид миний англиар цэвэр сайн ярьдгийг магтан, бас гайхдаг байсаан. Нэг удаа оффисынхоо агуулахыг янзалж шороо тоосыг нь арчихдаа нэг муу хуучин алчуур байсныг нь хэрэглэн, дараа нь энүүгээр ер яахав дээ гэж бодоод хаяж орхисон юм. Гэтэл маргааш нь босс миний алчуур яасан гээд л нүд амаа гурвалжлуулаад уурлан нэхэж гарлаа. Би гэрээсээ шинэ алчуур авчирч өгч санаагийн нь амраасан юм. Энэ явдал сэтгэлд минь нэг л хар цэг буулгасан юм. Дараа нь бүр ч хачин юм болов. Би оройн цагаар боссынхоо ресторанд угаагч хийдэг байлаа. Ахуйхан хэдэн төгрөг олох л санаатай. Тэгсэн халуун газраас хөлстэй гарч гүйж байгаад хатгаа авчээ. Хоёр хоног нам хэвтээд аргагүйн эрхэнд ажлаа хийхээр очлоо. Хоёр хоногийн дараа дарга надаас 5 мянган еврогийн чекийг “чи банкинд хийсэнгүй” гэж нэхэж гарлаа. Би “та надад өгөөгүй” гэсэн чинь бүр галзуурахаас наахнуур юм болов. Иран хүний нүд том, сахал самбаатайг ч хэлэх үү. Муухай харцтайг ч хэлэх үү. Ёстой л цамнаж гарлаа. Харин менежер хүүхэн бүх юмнаас хайж байж нөгөө чекийг даргын шүүгээнээс олох нь тэр. Хэрэв олдоогүй бол яанаа. Би тэр их мөнгөний өрөнд орохгүй юу. Арай ч дээ гэж бодонгуут цээж рүү нэг юм өгсөөд ирлээ. Менежер маань миний байдлыг ойлгон “чи салхинд гараад ир. Битгий наашаа яараарай” гэж хэлэв. Гадаа бороо орж байлаа. Би асгартал уйлан гудамжаар алхаж явлаа. Бороо, нулимс хоёр минь холилдон энгэр рүү урсана. Заримдаа ам руу орно. Борооны ус амтгүй, харин миний нулимс шорвог байсан. Миний дургуй, зэвүү хоёр дээд цэгтээ хүрч би өөр ажил хайж эхэллээ. Нэг удаа ярилцлаганд орохоор чөлөө авах даа ямар өөр ажлын ярилцлаганд орлоо гэж хэлэлтэй биш. Би найзынхаа хүүхдийн багштай уулзах гэсэн юм. Хэлмэрчлэх юм гэсэн чинь “дахиж битгий ирээрэй” гэж хэлэв. Би дахиж ажилдаа очоогүй. Харин босс миний утас руу залгахад нь авсангүй. Тэр ажилаа ирж хийнэ үү гэсэн мессэж үлдээсэн байв. Ингээд л бас л ажил хайх, ажилгүй байхын олон бэрхшээл амсан байж нэгэн банкинд нягтлан бодогчоор орсон.
Тамгатай цааснаас болж сарнисан хайр минь
Энд ирээд өөрөө өөрийгөө сэтгэл санаагаар унагахгүй, уйдахгүйн тулд нэг найз бүсгүйтэйгээ хаяахан бааранд ордог байлаа. Ганц нэг хундага дарс ууж, хөгжим чагнаж, элдвийг хууч хөөрөхөд сэтгэл санаа нэг хэсэгтээ л уужирдаг байв. Би хүн амьтантай танилцаж үерхэхийг хүсэж байлаа. Гэвч сэтгэлд таалагдах хүн таарахгүй л байв. Нэг талаар Европчуудын сэтгэлээ биднээс огт ондоо. Нөгөө талаараа өнөө гутлаа чирснийг нь би тоохгүй, гунхсан сайхан нь намайг тоохгүй гээчийн үлгэр. Хамгийн гол юм нь үзэл бодол, танин мэдэхүйн их ялгаа байлаа. Гэтэл нэг өдөр санамсаргүй бааранд нэгэн залуутай танилцлаа. Энэ чинь Ази бүсгүй юу гэсэн дуу ард гарахад эргэж харвал нүдэнд дулаанхан эр зогсож байлаа. Танилцлаа. Ярьж хөөрлөө, бүжиглэлээ. Тэрээр Шведээс ирсэн аж. Лондонд ажилладаг юм гэнэ. Орой болж явах болоход түүнийг Майкл гээд нэрлэчихье. Майкл гэрт нь очиж аяга кофе уухыг санал болгов. Би эргэлзэж байсан ч дотоод сэтгэл минь чамд энэ залуу таалагдсан шүү дээ гэж хэлээд байлаа. Яах вэ гэж найз бүсгүй рүүгээ асуусан харцаар харвал тэр яв гэж зөвшөөрөн толгой дохиж харагдав. Найз маань би утас руу чинь байнга залгана. Юмыг яаж мэдэхэв гэж шивнэлээ. Намайг эргэлзээд байгааг мэдсэн Майкл хүсэхгүй бол секс хийхгүй байж болно ш дээ. Гагцхүү хамтдаа байж ярьж хөөрч сууя, маргааш амралтын өдөр шүү дээ гэв. Хөлсний тэргээр тэднийд ирлээ. Кофе уулаа. Дараа нь дарс ч уулаа. Яриа хөөрөө нийлж байна гэдэг хачин. Тэгээд тэгээд яахав … Хүн л юм чинь … Түүнтэй ор хөнжилдөө орсоон. Тэр өдрөөс хойш бид хоёр байнга утсаар ярьж, амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрөөдөг боллоо. Майкл ажлын шаардлагаас болж Лондонгоос нүүх боллоо. Хоёр сар тутам нэг удаа ирж байх юм гэнэ. Энэ цагаас хойш ирж очиж уулзаж, учирсаар л явдаг болов. Цаг хугацаа ч харвасан сум шиг л өнгөрч байлаа. Би дотроо ханьсахын их хүсэлд автан түүнийг надтай гэрлэнэ гэж боддог байв. Гарал, үүсэл, хэл ус, ёс заншил, шашин шүтлэг өөрч намайг ойлгож, хайрлаж байгаад нь би баярладаг байсан юм. Нэг удаа бид хоёр амралтаа тааруулан эндхийн үзэсгэлэнтэй газруудаар аяллаа. Энэ аялал надад хэзээ ч мартагддаггүй юм. Бид хоёр Giant Causeway нэртэй их сайхан газар ирлээ. Ресторанд орж хооллонгоо нэлээд ярилцаж байтал тэрээр надаас “чи визээ янзлуулсан уу” гэж асуулаа. Би огт юм бодолгүйгээр “үгүй ээ. Одоо ч бараг л хараллаа” гэж хэлтэл царай нь хачин болоод явчихав. Тухайн үедээ баярлаж хөөрсөн би юу ч анзаарсангүй. Маргааш нь тэр надад юу гэж хэлсэн гээч. “Чиний бичиг баримт зөрчилтэй учраас би чамтай цаашид холбоотой байж чадахгүй нь” гэж хэлсэн юм. Учир шалтгаанаа тоочоод ойлгосонгүй. Намайг нэг л гэмт хэрэгтэн шиг л санаж байв. Бид хоёрын сэтгэлгээний ялгаа үүн дээр маш тод илэрсэн юм. Тэр байгалийн үзэсгэлэнт сайхан газар, миний цээжин доторх гуниг хоёр даанч эрс тэс, цээжин дотор минь гал маналзаж, утаа уугиж, цас шууран, үер буух шиг л болсон. Үүнээс хойш тэр надтай зөвхөн сексийн хамтрагч байх хүсэлт тавилаа. Хэдийгээр доромж мэт санагдавч дассан сэтгэлийг яалтай билээ. Битүүхэндээ намайг ойлгож магадгүй гэх горьдлого цээжний мухарт хадаатай явсан. Одоо тэр өөр бүсгүйтэй сүй тавьсан. Бид хоёр холбоогоо бүрмөсөн тасалсан. Богинохон боловч сайхан хайрын минь эзэн тамгатай цаасаар намайг дүгнэсэн юм.
Эргэж очих эх оронтой хүндээ би
Би ганц охиноо яаж ийж байгаад энд аваад ирсэн. Сайхан байна. Бид хоёр ярьдаг юм. Мөнгөө хямгатай зарцуулж, хурааж байгаад Монголдоо нэг аятайхан байр худалдан авна гэж. Энэ бол охин бид хоёрын ойрын зорилго. Хэтийн зорилго охиндоо сайн боловсрол олгож, монголдоо хэрэгтэй, өөрт нь түшигтэй, амьдралд хэрэгтэй мэргэжил эзэмшүүлэх. Эндээс нэг л нартай өдөр явж эх орондоо харина, ээж аав элгэн садандаа очно гэж боддог. Ямар ч байсан эргэж очих эх оронтой хүндээ би. Надад энэ оронд ажиллаж амьдрахыг зөвшөөрсөн тамгатай цаас нь байхгүй ээ. Харин миний сэтгэлийн тамганы бичээс бол
Жаргалд орой гэж үгүй
Зовлонд ёроол гэж үгүй
Боломжид хязгаар гэж үгүй
Болж л өгвөл урагшаа зүтгэ.
Та нарт захихад хэнд ч бүү далан булчирхайгаа тооч. Хүний газар санаатай яваарай! Англи хэлийг уйгагүй үз. Сур. Англи хэл сайн сурвал наанадаад ажиллах боломж нэмэгдэнэ. Цаашдаа олон юмны үүд хаалга нээгдэнэ. Бас дэлхийн хүн амын 33 хувьтай нь энэ хэлний тусламжтайгаар ойлголцож чадна шүү дээ. Байгаа орныхоо түүх соёлтой сайн танилц. Ажил хийж зав зайгүй ядарч байгаа ч музей үзэж, түүх дурсгалын газруудаар явахад сайхан. Бие биендээ хүний газар түшиг болж, эд мөнгөөр биш ч сэтгэлийн их гэгээгээр дэм өгч байгаарай. Хамгийн гол нь эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ шүү дээ.
Чикаго хот. Намрын сүүл сарын сүүлийн долоо хоног
URL: