Харилцах дансны үлдэгдлийг ч даатгуулна
Саяхан батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар нийт хадгаламж эзэмшигчдийн 99.2 хувийнх нь багахан хуримтлал буюу 20 саяас доош төгрөгийг даатгуулж, эрсдэлгүй болгосныг олон нийт сайшааж байна.
Банкинд мөнгөө хадгалуулах сонирхол ч сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн гэнэ. Манай улсын дундаж давхаргынхны хуримталын төвшинг судлахад 715 мянган өрхийн дундаж хуримтлал нь ердөө 2.5 сая төгрөг. Харин 27 мянган өрхийн дундаж хуримтлал нь 54 сая төгрөг байдаг ажээ. Тэгэхээр шинээр батлагдсан энэхүү хууль нь нийт массыг хамарч чадахаар байгаад гол учир нь оршиж байгаа юм.
Хуульд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Иргэний хугацаатай, хугацаагүй мөнгөн хадгаламжаас гадна харилцах дансны үлдэгдлийг ч мөн даатгуулах үүргийг банк хүлээж байгаа. Банк нь харилцагчийн хадгаламж болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг даатгуулж, даатгалын хураамжийг нь төлнө. Хураамжийг Хадгаламжийн даатгалын үндсэн хорооноос баталсан журмын дагуу тооцох аж.
Ингэснээр Монголбанкнаас тухайн банкийг албадан буулгах шийдвэр гаргасны дараа харилцагч нь 20 сая төгрөг хүртэл нөхөн төлбөр авах эрх үүсэх юм байна. Ингэхдээ нэг хадгаламж эзэмшигч нэг банкнаас төгрөг, гадаад валютын харилцах болон хадгаламждаа нийт 20 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөрийг авах эрхтэй.
Хэрэв нэг банкинд хоёр буюу түүнээс дээш тооны хадгаламж болон харилцах данстай бол яах вэ. Ийм тохиолдолд тэдгээр дансан дахь мөнгөн хөрөнгийн дүнг нэгтгэн тооцох, банкинд эргүүлэн төлөх зээл, бусад төлбөрийг хасч бодох юм байна. Өөрөөр хэлбэл, банк нь нэг харилцагчийнхаа дансууд дахь мөнгөн хөрөнгийг нийлүүлэн бодож, хуульд заасан хэмжээгээр тооцон даатгуулна гэсэн үг.
Банкин дахь иргэдийн мөнгийг даатгах асуудалд төр оролцож байгаа нь буруу гэсэн шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үеэс багагүй гарсан. Учир нь татварын мөнгөөр бизнес эрхлэгчдийн эрсдлийг үүрч гардаг тогтолцоо байж болохгүй гэж байлаа. Энэ асуудлыг хаана, хаанаа эрсдэлгүй, найдвартай байдлаар шийдэхийн тулд Хадгаламжийн даатгалын сан гэдгийг байгуулж байгаа.
Банкуудаас төвлөрүүлсэн даатгалын хураамжийг тус санд төвлөрүүлэх бөгөөд удирдах эрх нь Хадгаламжийн даатгалын корпорацид байх юм . Энэ мөнгийг зөвхөн нөхөн төлбөр төлөх, чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, корпорацийн авсан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөх гэсэн дөрвөн зориулалтаар зарцуулахаар заажээ.
Хэрэв банкуудын төлсөн хураамж нь нөхөн төлбөр олгоход хүрэлцэхгүй бол Монголбанк, Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болон зээл авах эрх нь нээлттэй аж. 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуусгавар болсон. Тиймээс хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх эрхзүйн үндэстэй юм.
Б.Уран
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: