Эдийн засгийн хөгжлийн сайд дуугүй байх эрхгүй

ediiУИХ-ын гишүүн Н.Батбаяр Ардын их хурлын депутатаар сонгогдсоноос нь эхэлбэл Монголын улс төрд 20 гаруй жил “уяатай” яваа эрхэм билээ. Тэрбээр энэ жил шиг “дуугүй” байсан удаагүй. Эдийн засаг, санхүү, мөнгөний бод­лого, барилгажилт, хөг­жил, энэ бүхний талаар 20 жил “хашгирсан” Н.Батбаяр ардчиллынхан УИХ, Засгийн газарт олуулаа болоход сая л “амаа хамхина” гэж хэн санах вэ. Тэр тусмаа өөрөө Эдийн засгийн хөгжлийн сайдаар то-милогдмогцоо хэвлэлийнх­нээс дайжих болов.

Уг нь яг одоо л түүний дуугарах ёстой цаг юмсан. Монгол Улс Засгийн газрын баталгаатай 1,5 тэрбум бон­дыг арилжиж, түүнийхээ хүүд хоног тутамд 130-140 мянган ам,доллар төлж буй цагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт дуугүй байх эрх байхгүй. Түрүүч нь I нүүрт

 

Сангийн сайд Ч.Улаан өөрийн салбарт хамаарах бүх танилцуулга, тайлбар болон улсын төсвөөс зарцуулах санхүүжилтийн талаар олон нийтэд яриад “Үүнээс цааш Эдийн засгийн хөгжлийн сайд мэднэ” гээд орхисон.

Өнөөдрийг хүртэл уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага, тодруулга өгсөнгүй. Ямар нэг тайлбар хийх хүсэлт тавих бүрт “зугтсаар” байна. Хэлэх үггүй болчихсон юм уу гэхээр тийм биш бололтой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн тавьсан асуулт бүрт онц сурлагатан шиг товхийтэл хариулж “амыг нь таглаж” байгаагаар бол тэрбээр ажлаа сайн хийж байгаа аж. Улсаа хөгжүүлэх зорилгоор өндөр шалгууртай, их хэмжээний хүүтэй “өрийн бичиг” худалдаж хөрөнгө босгосон болохоор Эдийн засгийн хөгжлийн яам гялалзтал ажиллаж мэдээ, мэдээллээр “дарах” байх гэж төсөөлсөн ч тэгсэнгүй. Хатуухан хэлэхэд тус яам “унтаж” байна. Өмнө нь “Хөгжлийн банк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо ажил хийхгүй байна” хэмээн шүүмжлүүлж байсан ч арай ингэж удаан “унтаагүй” билээ. Иймд хэрэв Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр та цаашид энэ ажлыг хийхийг хүсэж байгаа бол “private” буюу хаалттай хэлбэрээр ажиллах хэрэггүй. Учир нь Монголын ард түмний эрх ашгийн төлөө, бидний ирээдүйг барьцаалж мөнгө зээлчихээд байхад чухам юу хийх гэж буйгаа ярихгүй байх эрх танд байхгүй.

Монгол Улсад Эдийн засгийн хөгжлийн яам анх удаа байгуулагдсан ч бүх яам нийлээд эдийн засгаа хөгжүүлэх гээд зүтгэсээр ирсэн. Тэгэхээр эрхэм сайд Н.Батбаяр гайхшираад, ажилтайгаа танилцаад байх зүйлгүй. Тэр өөрөө Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн түүх. Эдийн засгийн, бодлого төлөвлөлтийн, хууль тогтоомжийн ч лавлах болчихсон гэхэд хилсдэхгүй биз. Зүгээр л тэрбээр ихэрхсэндээ мэдээлэл хийхгүй байна. “Бүхнийг би мэдэж байна. Бондын хөрөнгийг миний эрх мэдлийн дор зарцуулна” гэсэн байдлаар ажиллаж байгааг тань ард түмэн мэдрээд байна шүү дээ. Их зүйл мэдээд, түүнийгээ нуухын  оронд юу ч мэдэхгүй хэрнээ ил тод ажилладаг хүнийг сайдаар тавьсан нь дээр. Өөрөөр хэлбэл бид нэгэнт ирээдүйгээ барьцаалсан тул хэн, хаанаас, ямар болзол нөхцөлтэй, үр ашигтай төсөл хэрэгжүүлэх гэж буйг мэдэх бүрэн дүүрэн эрхтэй. Үүнийг Ардчилсан намаас сонгогдсон гишүүний хувьд лав мартаагүй гэж найдъя.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих