Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй

65jhjhhjhjfАрдчилсан нам сонгуульд ял­лаа. Орон нутгийн сон­гуульд бүр ч сайхан тавилаа. Бие тавирч хөлс бурзайв. Эх орон маань одоо л “хүн шиг” удирдлагатай болох нь. Ард­­чи­лал мандтугай! Энэ комму­нистууд чинь экс болохоороо бүр баллаж тавьдаг улс бай­на. Сүү­лийн хорин жилд ард­чилсан бол­сон биш өнөө хэдийнхээ гарт улам лав­тай­гаар ардчилсан байдлаар ордог байх шүү. Ерэн оноос өмнөх ба хойших МАХН бол өөр ойлголт. Ерэн оноос өм­нө нийгмийг удирдан чиглүүл­нэ гээд Үндсэн хуулиндаа бичүүлчихсэн төржсөн аппа­рат байсан. Харин ерэн оноос хойш хонины арьс нөмөрсөн чоно болж өөрч­лөгд­сөн дөө. Нийгмийн хөгж­лийн дэвшил урагшлал бол­гоныг улдан чангаагч, төрийн нэрээр ул­саа тоногч, муу муухай бол­гоны үлгэр жишээ. Энэ нам байгаа цагт Монгол Улс нар өөд харахгүй гэж боддог бай­лаа. Ардчилсан хүчин 1996 онд ганц удаа ялсан боловч энэ өвгөн чөт­гөрийн дор ба­раг юу ч хийж чадаагүй. Сөнөх үйлтэй л юм байлгүй гэж бо­дож байсан. Гэтэл АН ахиад гараад ирлээ. Түрүүн орон нутгаар чөдөр­лүүлж байсан бол одоо гар ч суларлаа. Одоо ч давшихаар шийдсэн Мон­гол Улсаа, хөө хө хөө…!

 

Улс орны зам мөр юун түрүүн тухайн нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хуулиар хэм­жигдэнэ. Хууль тогтоож бай­гаа улс нь манай та­лын­хан… өөрөөр хэлбэл “хүнч” талын­хан. Гэтэл үгүй юмаа. Хорин жил өлсгөлөн явсан гудамж­ны харчуулын өшөө хорслоо авдаг газар болдог байгаа. Алив нийг­мийн тун цөөхөн хувь нь баялаг бүтээдэг, бусад нь тэр мөнгөн дээр нь ажил­ладаг. АНУ-ын нийт хүн амын ердөө таван хувь нь мөнгө хийдэг, үлдсэн ерэн таван хувь нь бараг л түүгээр нь тэ­жээлгэдэг. Баялгийг төр бү­тээ­дэг­гүй, нийг­мийн овсгоо­той цөөн хувь нь бүтээ­дэг. Үүний хүчээр нийгмийн үлд­сэн хэсэг нь дунд анги болдог. Дунд анги болж чадахгүй арчаагүй цөөн­хийг төр нь “авч явдаг”. Ердийн үнэн энэ л байна. Баялаг бүтээдэг хэсгээ гол гарга­чи­хаар нийгэм өөрөө ядуурдгийг зуун жи­лийн туршилт бүрнээ батал­сан. Оросоос эхлээд Хята­даар дамжаад Камбож, өнөө­гийн Хойд Солонгос хүр­тэл урт жагсаалт нэрлэж бол­но.

 

Өнөөгийн хүчирхэг Со­лон­госыг үнэндээ Солон­го­сын ард түмэн гэхээсээ Хюн­дай, Самсунг бос­го­сон юм шүү дээ. Тиймээс ч тэдний­гээ солон­госчууд хүндэтгэнэ гэж жиг­тэйхэн. Америкийг Карне­ги, Рокфэллэр, Морган гурав босгож ХХ зуунд хүчирхэг орны статусаар оруулж ирсэн гэж ярьдаг юм билээ. Энэ буухиаг нь Фордоос Гэйтс хүртэл дамжуулан авч явжээ. Эд­ний­гээ “самородок” гэж үздэг, нийгэмд хэдэн сая тут­маас нэг олддог үнэт эр­дэнэ. Ийм эрдэнэ заавал доктор профессор байх алба ч үгүй, харин ч урлаг шинжлэх ухаа­ны хөгжлийн цаад ивээн тэт­гэгч нь байдаг. Хант гэхэд ердөө дөрөв төгссөн гар бай­сан шүү дээ.

 

Тэв тэгш ядуу нийгмээс бид шалдан гуяа ганзагал­саар ХХ зууны төгсгөлд хор­воотой танил­цахаар орж ирлээ. Өн­гөр­­сөн 20 жилд бид юм юм үзсээр арай гэж нэг юм цэгц­рэх хандлага руугаа орж ирж байна. Эхэндээ ганзагын най­­маа­чид, зээлийн баячууд, хулхи жавьжлагчид гээд сай­хан гарууд­тай учрахаараа нэг болсон. Дараа нь авлига зал­гасан даа. Авлига төрийн хэмжээнд бараг л албан ёсны бизнес болсон. Гэсэн ч өс­сөөн. Дэвжсээн. Өлөн гэдэс зарж чаддаг нь улсдаа Билл Гэйтс бай­лаа. Дараа нь ноо­луур, тэгээд алт, удалгүй уул уурхай, холбоо, банк, барил­га гээд богино хугацаанд дээ­шээ гараад ирсэн. Мянгат мал­чин гээд орой дээрээ залдаг үлгэр жишээ байв. Одоо хар даа, бараг ядуу нь мянгахан малтай. Цаана чинь 15 мянган малтай хүн гараад ирж. Ноо­луур бол өнөөдөр дунд га­рынх­ны бизнес шүү дээ. Мон­голын ноолуурын нийт бизнес нь холбооны салбарын 30 хувьд ч хүрэхгүй байна. Ма­най нийгмийн нийт үйлдвэр­лэлийн 80 хувийг хувийн хэв­шил үйлдвэрлэж байна. Үлд­сэн 20 хувийг үйлд­­вэрлэж байгаа төрийн бизнесийн өртөг зарлага нь энэ 80 ху­вийн­хаасаа давна шүү дээ.

 

Ардчилсан нам төрийн эрх авуутаа нийгмийн бая­л­гийг бү­тээгч хэсэг рүүгээ дайрч эхэллээ. Хураана, боом­­илно, нураана, хөөнө тууна, зай­луулна гэсэн гол уриатай юмаа даа? Банкинд их мөнгө хадгалуулсан улс бол нийг­мийн паразит, зүгээр сууж байгаад их мөнгө хүү нэрээр гудардаг гэнээ. Ингээд тэд­нийг татвараар дарж ала­хаар ший­­дэв. Үнэндээ бол банк эдэн шиг тэнэг биш бо­ло­­хоор хадгалуулагчид зү­гээр мөнгө өгөөд байдаггүй, инфляци тэглэх нөхөн олго­вор өгдөг юм шүү дээ. Манай инфляци бан­кийг хүүгээс дав­чихаад байгаа. Хадгаламж эзэм­шиг­чид ч эдэн шиг маанаг биш болохоор татвар авах гэж байгаа бол яаж ийгээд л бултуулж таарна. Банкууд гол хадгалуулагчдаа алд­вал улс мөнгөгүй болно. Дэлхийн аль ч банкыг шал­гаад үзэхэд нийт хадгаламжийн дэндүү дийлэнх нь дэндүү цөөн хүнд хамаардаг. Нийг­мийн баялаг бүтээгч өнөө цөөнх шүү дээ.

 

УИХ шинээр байгуулагд­маг­цаа архи тамхины тат­варыг нэмдэг. Эд ч үүнээс ажлаа эхэллээ. Аминдаа нийг­­­­­мийг архи, тамхигүй бол­го­чиж байгаа юм биз дээ, чааваас. Үүнээс болоод инфля­­ци до­роо суга өслөө. Ерээд оны эхээр бид цөмөө­рөө өвгөнт найрка уудаг бай­сан. Одоо худалдаалагдаж буй архины 80 орчим хувь нь хяналтад орсон. Онцгой татвараа төл­дөг, ариун цэвэр эрүүл ахуй хүнсний аюулгүй байдал нь баталгаатай бол­сон. Үнийн гэнэтийн өсөлт хууль бус найр­каны зах зээл дахин сэргэх зам мөрийг чө­лөө­лөв. Монголд дэндүү олон проб­лем байна. Утаа, нийг­мийн тэгш бус хуваарилалт, байгаль орчин, шүүх, төрийн хүнд суртал, авлига гээд тоолж баршгүй. Харин Мон­голын төр тамхитай л тэмцэж байгаа.

 

Нефть импортлогчид хү­ний адаг болох нь илэрлээ. Нурууг нь хугалж зоосны нү­хээр махыг нь огтлоход ч багадам гэмт хэрэгтнүүд. Ха­рин тэд энэ бизнесээ төрд даат­га­чих юмсан гэж ярих юм билээ. Төр мэдэж квот ху­ваари­лах юм бол борлуулах хадга­лах гэх зовлонгүй шууд авч­раад л улсад бэлэн мөн­гөөр зарчихна. Гоё юм бол­но доо, төрөөс төрөх тэрбум­тан даж­гүй нэмэгдэнэ. Уг нь моно­поль­той тэмцэнэ гэдэг нь үн­дэс­лэлгүй үнэ буулгахтай тэмц­дэг юм билээ л дээ. Үнэ буулган дэмпинг хийж зах зээлийг дагнан эзэмшихээс сэр­гийлдэг аж, эрүүл газар бол. Өрсөл­дөөнийг нь харин улам дэмжиж, өрсөлдөөний хүчээр хэрэглэгч хождог. Үүний том жишээ бол дэл­хийд хамгийн хямдын нэгд тооцог­дох гар утасны монгол та­риф байна. Үнэгүй үйл­чилнэ гэж дайраад байсан Жи Мобай­лын жишээг санаж бай­­­­­на уу? Шанд нь гар утас­ны тоо нийт хүн амаасаа  бараг давах гэж байна. Гэтэл ганц гайгүй яваа холбооны бизнес рүү архи­ран дайрлаа. Үнийг секун­дээр нь тооц гэж зарлигдав. Хаана ийм на­рийн хэмжүүр байдаг юм бол? Секундээс цаана доли гэж нэгж бий шүү дээ. Утасны компаниудыг се­кунд доли хэмждэг нэмэлт хөрөнгө оруу­лалт хийж ядраах гэсэн л санаа л даа. Барьцаа авсан бол хүүг нь ард түмэнд өгч бай! Утасны компани банк хоёр нэгдлээ л дээ. Буруу үрүүлтэй машин хорих гэнэ. Төр зөв­шөөрсөн учраас оруулж ир­сэн юм байгаа биз дээ. Хилээр дахиж оруулахгүй л гэвэл болоо биш үү?

 

Шинэчлэлийн гээд өөр­с­дөдөө цол гуншин өгчихсөн энэ засгийн үед ард түмэн хямд гурил идэж засаг төрдөө баярлан догдолж байх ёстой юм байна. Гурилын компа­ниу­дад бодвол бондын мөн­гө бололтой зээл олгоод ха­риуд нь гурилыг зах зээлийн үнээс хямдаар барьж байх үүрэг даалгавар өгөв. Өрсөл­дөөн байхгүй болгож байгаа хэрэг. Ингээд л гурилын үнэ нэмэгд­вэл хөрөнгийг нь ху­раа­на. Зөрүүд эзнийг нь амь­тан бол­гож ардын дайснаар тодруул­на. Энэ бол ердөө эхлэл. Цааш энэ нь шүдэнз, зүү хүр­тэл үргэлжилнэ. Одоо юу ч гэсэн Ерөнхий сайдын нэрэм­жит үнэгүй шахам нүүрс ажил­лагаа их моодонд бай­гаа. Нам засагтаа баярлалаа, Засгийн газартаа гялай­­­­лаа. Түм нас­лаг, түм наслаг дараа заавал ахиж сонгоно оо!

 

Монголын баячууд дот­роо хоёр ангилагдана. Тат­вараа өгөөд ил тодоор биз­нес хийг­чид бол бүтээн бай­гуу­лагчид. Улс орныг эд л чирч авч явдаг. Зөвхөн MCS компани гэхэд улсын төсөвт жилд 250 тэрбум төгрөг өгч байна. Үүгээр бид хооллож хувцаслаж байгаа. Үүгээр төрийн түшээд цалин­жиж, гадаад дотоодгүй хэсэн хөөс са­хар­тал жавьждаж яваа. Нөгөө хэсэг нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Эд бол нийг­мийн дайсан, гэмт хэрэгт­нүүд, есөн эрүү тулгамаар адаг шаарууд. Төрийн том төлөө­лөгч нэгний гэрийг саяхан хулгайч ух­жээ. Сэйфийг нь онгойлгож чадах­гүй боло­хоор дамжлаад аваад явчиж. Хээр аваачиж онгойлгох гэж бай­гаад баригдсан байна. Төрийн төлөөлөгчид ирж “албан ёсоор” онгойлготол дотроос нь 30 сая юань, таван сая доллар бэлнээр гарч ирж дээ. Албаныхан эзэнд нь буцаа­гаад л өгчиж. Таг чиг, энэ тухай. Ингээд л болоо. Баялаг бүтээг­чид рүү биш баялаг хул­гай­лагч нар руу л сүгсэлзвэл уг нь зүгээрсэн. Бас нэг нөхрийн гэрийн ха­жуух гараашнаас 17 сая дол­лар бэлнээр олжээ. Бас л таг чиг. Гишүүдийн нү­дэн дор болоод бай­гаа хэрэг шүү дээ. Энэ хулгайч нар арчаа муу­тай­даа бэлнээр нь хад­галж байж. Үүнээс дээгүүр сүйхээ­тэй нь хулгайн бараа­гаа га­даа­дад үл хөдлөх хө­рөн­гө болгон хувиргаж байна. Ний­тийн баялгийг хамгаа­лах л чухал. Олон жил өлсгөлөн явж жагсаал цуглаанд туйл­дан ядарсан бол өш хон­зон­гоо баялаг бүтээгч­дээс биш хул­гайч дээрэмчдээс авах ёстой бус уу? Гутлыг нь өм­сөөд эзнийг нь өшиглөөд байх хэрэг байна уу?

 

Сүгсэлзүүрүүдийн дараа­гийн бай нь бидний хамгийн үнэт зүйл болох эрх чөлөө болж таарч байна. Монголын 2,7 сая иргэдийн бүх мэдээл­лийг ил болгохоор дайрав. Гэрийн хаяг, регистрийн бо­лон паспортын дугаар, гэр бүлийн байдал гэх мэт. Ил тодын тухай ярихдаа хаана ч төрөөс л ийм юм шаарддаг. Төр бол нийт ард түмэнд ха­маа­тай учраас ил тод, со­хор зоос ч юунд зарцуулснаа тайлаг­надаг байхыг шаард­даг. Ард түмэн төрийг шилэн хаалганы цаана илээр үйл ажиллагаагаа явуул гэж шаар­­дахаар урдаас нь тэгвэл чи бандаашаа тайлаад шалд­­­­лаад ир гэсэнтэй утга нэг бус уу? Иргэд хувийн нууц­тай байх эрхтэй төдий­гүй энэ эр­хийг Үндсэн хуулиар ба­тал­гаажуулж өгсөн юм шүү дээ. Монголын ард түмэн тэртээ 23 жилийн өмнө сон­гож авсан үндсэн зарчмыг энэ засаг “шинэчлэлийн” бол­гох гээд байнаа даа, аан?

 

Таалагдаагүй зурагтуудаа хааж эхэллээ. Хөөрхий улаан хацарт зурагтаа боомилуул­чихсан, дараа­гийн баахан нь тэнсэн аваад хү­лээж байгаа. Телевиз бол хортой хүнс биш, төрийн оролцоо зөв­шөөрөл энэ тэр хэрэгтэй л юм байх даа. Үндсэн хуулийн эсрэг, нийгмийн тогтворгүй байдал дайн зэргийг нийтэд сурталч­лахыг тэртэй тэргүй хуулиар хориглосон байгаа. Улаан­баатарт гэхэд тавь га­руй суваг монгол хэлээр нэвт­­рүүлэг явуулдаг. Зах зээ­лийн утгаа­раа тааруу хэрэг боловч мөн л зах зээлийн өрсөлдөөний журмаар аян­даа хэвэндээ орно. Зурагтын удирдлагын гар хэрэг­лэг­чдэд өөрт нь бий. Тэр гаран дээр “skip” гэсэн товчлуур бий. Тэрийг дараад л дургүй хүргэ­сэн сувгийг өөрийн зурагтаас эгнэгт хөөн зайлуулж болно. Нийгмийн сэтгэл зүйг хянах гэж байгаа бол хаагаад л устгаад л байж болно л доо.

 

Сайтууд руу дайрч эхэл­лээ. Өнөө ил тод болгосон гэрийн хаяг гэр бүлийн бай­дал гадаад паспор­тын дугаа­раа тавьж байгаад сэтгэг­дэл бичих гэнэ. Цаад шалтгааныг нь мэдэх үү? Өндөр дээд нэгэн эрхмийн эхнэрийн тухай үнэ­хээр ч сэжиг хүрэм баахан сэтгэгдэл ноднин нэ­гэн сай­тад бичигдсэн юм. Гомдож зайлуул, хариуг нь ийм мангар аргаар авч байгаа юм. Өдгөө жагсаал цуглаанд яагаад олон хүн ирэхээ боль­чихсон юм бэ? Ард олны бухимдлыг хүлээж авдаг зу­раг­тын олон үйлчилгээ бай­на. Тийш нь утасдаж баахан харааж ерөө­гөөд л тайвшир­чиж байгаа хэрэг. Нийгэмд илүүдэл хийгээ гаргадаг нүх сүв заавал хэрэг­тэй. Сэтгэг­дэл бол тийм нүх­ний нэг. Сэтгэцийн өвчтэй сэтгэг­дэл­чин цөөнгүй бий. Нүхийг нь бөглөчихвөл нэг л өдөр хутга шөвөг бариад бо­соод ирнэ. Доромжлол гүтгэл­гийн ха­риуц­лагыг редакц хү­лээх бо­ло­хоос төрд ямар хамаа бай­наа. Нөгөөтэйгүүр хэвлэлийн эрх чөлөө нэрэн дор хөлсөөр ажил­­лаж байгаа сэтгүүлч нэртэй нэгэнд хамаг эрх мэд­лийг олгох тухай ярих боллоо. Янз бүрийн үзэл бо­дол­той мэдээллийн хэрэгс­лэлүүд зэрэгцэн оршихыг хэв­­лэ­лийн эрх чөлөө гэдэг болохоос хүний хөрөнгөн дээр дураар туу­чиж сүгсэл­зэхийг хэлдэггүй байх аа.

 

Монголын төр эрхэм дээд удир­дагч байсан хүмүүсээ гэнэт хайр­лан энхрийллээ. Мал төрийн хам­гаа­­­­лалтанд байдаг болохоор. Дээгүүр алба хашиж байсан хүмүү­сийн тархи маш үнэтэй учраас тө­рийн хамгаалалтанд авч га­даа­­дын империалис­туу­даас тусгаар­лах гэнэ. Сайхан жи­шээ байна гэнэ, тухайлбал Бямбасүрэн гуай 80 мянган төгрөгийн тэтгэвэр аваад жар­гаж байна гэнэ. Гэтэл Бага­банди гадаадын ком­панид ажил­лаад сард 20 сая төгрөг авч байна. Эднийгээ хайрлаж эх орныхоо бүтээн байгуулал­тад зүтгүүлье. Хууль гараад байгаа цаад жинхэнэ шалт­гаан уул нь Багабандийн 20 сая төгрөг л дөө. Гадаад эхнэр нөхрийг ч хөөн гаргах тухай ч буурьтай хэлэлцэж эхэллээ. Ир­гэний үндсэн эрх рүү халд­сан энэ явдал дөнгөж эхлэл нь. Өнөө­дөр Багабандиас эхэлж бай­гаа бол маргааш чам руу ор­но. Нацизмын үед гарсан нэг алдартай ишлэл бий шүү “Нацистууд жүүд на­рыг ба­рив­чиллаа, би жүүд биш боло­хоор дуугарсангүй. Да­раа нь тэд коммунистуудыг ба­ривчиллаа, би коммунист биш болохоор дуугар­сангүй. Харин дараа нь гэмгүй на­майг баривчлахад дуугарах хүн олдсонгүй”.

 

Францын парламент 577 ги­шүүн­тэй. Хууль өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Заавал арван хувь буюу 58 гишүүн нийлж байж хууль өргөн барих эрх үүсдэг. Энэ нь бие даасан нэр алдарт дуртай сүгсэлзсэн юмнуудаас сэр­гийлэх сайн механизм.

 

Ийнхүү хэт зүүний ком­мунист угшилтай МАХН-ан МАН-ыг Мон­гол оронд эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хүний үндсэн эрхийг авчирсан Ардчилсан нам зүүн талаар нь гүйцэж түрүүл­лээ. Дараагийн зорилтод Хойд Солон­госыг зүүн талаар нь гүйцээд авбал ч учир бий дээ.

2013.1.19

inet


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих