МАН-ын залуус намаа шинэчлэхээр нэгдэж эхэлжээ
Ардын намын зарим гишүүн, дэмжигчид намаа шинэчлэх жигүүр хөдөлгөөнүүдийг сүүлийн үед олноор байгуулж, намынхаа удирдлагуудыг хурцаар шүүмжлэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт тус намын залуус хуралдаж, УИХ-ын сонгуульд намаа ялагдал хүлээхэд хүргэсэн удирдлагуудыг болон орон нутгийн хурлын сонгуулиар ялагдал хүлээсэн намын дарга Ө.Энхтүвшинг огцрохыг шаардаад байгаа билээ. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Ардын намын дэд дарга Ш.Сайхансамбуу ч тэдэнтэй агаар нэгэн зүйлийг сүүлийн үед цөөнгүй ярих боллоо.
Ардын нам дахь Анхны жигүүр, Ардын дугуйлан, Ардын жигүүр, Шинэ үе, шинэ бодлого, “Хүн чанар” зэрэг жигүүр, хөдөлгөөнийхөн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намаа хэрхэн шинэчлэх талаар ярилцсан байна. Тэд хамтарч хуралдсаныхаа үр дүнд тусдаа, салангид үйл ажиллагаа явуулах нь үр дүнд хүрэхгүй гэж үзэн нэгдэж, гишүүдийн зөвлөл гэгчийг байгуулахаар болсон байна.
Үүнд “Анхны жигүүр”-ын Удирдах зөвлөлийн гишүүд болох Ардын намын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар үүрийн дэд дарга Д.Идэрзаяа нар санал нэгдсэн гэнэ. Мөн “Ардын дугуйлан”-гийн үйл ажиллагааг зохион байгуулдаг Хан-Уул дүүргийн ИТХ-д Ардын намаас нэр дэвшсэн М.Болдбаяр Г.Батсайхан нар хамтрахаа мэдэгдээд байгаа аж. Үүнээс гадна хамгийн сүүлд дуу, шуугиантайхнаар байгуулагдсан “Ардын жигүүр”-ийн тэргүүн Ц.Энхбаатар, “Шинэ үе, шинэ бодлого” бүлгэмийг санаачлагч Ардын намын гишүүн Ш.Батсайхан нар ч хүч хавсрахаар болоод байгаа юм байна. Харин “Хүн чанар” фракциас Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн БЗД-ийн дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Алтансүх, Ардын намын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл ч нэгдсэн гэсэн.
Ардын намыг шинэчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа тэднийг нэр төр, хэргэм зэрэг горилогчид хэмээн гоочлох хүн ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал, Ардын намын хууччуул тэднийг “Тодорч гарч ирэх гэсэн хэсэг залуус” гэж нэрлэж байгаа бол бусад нь “Цахим ертөнцөөр хэлэлцүүлэг өрнүүлэхээс өөр зүйл хийж чадахгүй” хэмээн дүгнэжээ.
Харин бусад намынхан “Ард” гэдэг үг бол ядуус гэсэн үг. Тиймээс Ардын нам гэдэг нь ядуусын нам болж таараад байгаа юм. Үнэн хэрэгтээ Ардын намд ямар хүмүүс байдаг билээ. Гэтэл энэ намыг шинэчлэхээр гарч ирж байгаа хүмүүс нь нэрнээсээ эхлээд шинэчлэлийг авчирж чадахгүй байна. Нөгөө л ард гэдэг үгээ хэрэглэсээр байна шүү дээ” гэсэн дүгнэлтийг өгч байгаа юм.
Ямартай ч намдаа шинэчлэлийн “салхи сэвэлзүүлэх”-ээр эрмэлзэж байгаа залуус байна гэдэг нь Ардын намын давуу тал. Харин тэд зорилгодоо хүрч чадах эсэх нь цаг хугацааны асуудал болж хувираад байгаа юм.
Р.Сарангоо
URL: