Оршуулгын газрын ойролцоох айлуудыг нүүлгэнэ

ooНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотыг хэсэгчлэн хөгжүүлэх 12 төлөвлөгөөг бэлтгэж энэ сарын 31-нд болох НИТХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар болжээ.  Ингэхдээ тус төлөвлөгөөний газраас оршуулгын газар, жалга далан гууны аманд байрласан айлуудыг нүүлгэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс нийслэлийн удирдлагуудаар батлуулахаар зэ-хэж байгаа гэнэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Баянхошуу,  мөн тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр их, бага Наран, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Алтан-Өлгийн  оршуулгын газруудын ойролцоо үнэндээ үлдэгсэд, үхэгсэд нь хаяа холбон амьдарч буй. Гэвч оршуулгын газрын дэргэд айлууд ингэж амьдарч байгааг зохицуулах талаар нийслэлийн өмнөх удирдлагууд ам дуугарч байсангүй. Үхсэн хүний хүүрнээс өчнөөн төрлийн хорт бодис ялгардаг талаар мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Тухайлбал нас эцэслэсэн хүн ямар ч өвчнөөр хорвоог орхисон байж болно. Учир нь тэр хүн ямар нэгэн халдварт өвчинтэй байсан бол оршуулсных нь дараа цогцосноос нь нянгууд ялгарч агаарт дэгдэх магадлал хамгийн өндөр байдаг гэнэ. Нөгөөтэйгүүр дулааны улиралд борооны уснаас үүдэн шарилаас гарах олон төрлийн бактерууд хөрсөнд шингэж доошилсноор гүний усанд шингэж болзошгүй байдаг аж. Тэгэхээр нийслэлд 185 мянган гэр хороолол байдаг. Тэдний мэдээж хэрэг ихэнх нь гаднаа бие засах газар барьж, мөн хөрсөн дээр ил задгай бохир усаа асгадаг. Эцсийн дүндээ хүний ялгадас, бохир гээд бүгдээрээ газрын хөрс рүү шингэж орох нь тодорхой. Харин хөрсөнд шингэсэн,  хүний бие махбодод сөргөөр нөлөөлөх бодисууд цаг уурын нөлөөгөөр агаарт дэгдэж эргээд хүний амьсгалаар дамжин өвчин үүсгэдэг байна. Эдгээрээс үүдэн нийслэлчүүдийн ундны усны 3-4 хувьд цацраг идэвхид бодис байдаг талаар манай сонин өмнө сурвалжилж байсан билээ.

Улаанбаатар хотыг хэсэгчлэн хөгжүүлэх 12 төлөвлөгөөнд гэр хорооллын найман газрыг хэрхэн хөгжүүлэх тухай нийслэлийн удирд­лагуудад Ерөнхий төлөв­лөгөөний газраас ирэх долоо хоногт танилцуулах аж. 2013-2014 онд тус газар 100 айл, Баянгол дүүргийн арын дэнж, Дэнжийн мянга, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, “Дамбадаржаа”, Чингэлтэй дүүргийн зарим хороодод гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж НИТХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Ингэхдээ тус бүрдээ 10-14 га талбайг хамруулан 87-200 айлтай хэсгүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэх ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих