Өрнийн уут буюу “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”
“Эрдэс таван толгой” гэдэг нэртэй учиргүй сайхан том компани байгуулж, нүүрсийг сая сая тонноор нь өндөр үнээр зарж, тэндээс олсон ашгаа иргэн бүртээ хувааж өгнө гэж амласан Засгийн газрын амлалт өнөөдөр “Зангууны үлгэр” болон замхарч, ноогдол хувь горьдсон иргэдийн мөрөөдөл зүүд болон арилж байна. Монголчуудыг баяжуулах эрхэм зорилготой “Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит компанийн захирал нь хэн байх, яаж энэ суудлаас ашиг хонжоо олох бэ гэж улс төрчид тархиа гашилгаж байгаагаас бус харин эндээс хэрхэн мөнгө босгож, иргэддээ хувааж өгөх вэ гэж бодох хүн нэг ч алга байгаа бололтой. Энэ байгууллага байгуулагдсан цагаасаа юу хийсэн нь тодорхой бус, их өр тавьж, их мөнгийг тендер нэрээр салхинд хийсгэж байгаа нь л харин тодорхой болоод байгаа юм.” Эрдэс таван толгой”-д өнөөдрийн байдлаар долоон тэрбум төгрөгийн үнэтэй ямар ч хэрэггүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тогтоогдоод байна. Нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 машиныг зүүн Цанхийн уурхайд нийлүүлсэн нь ашиглагдахгүй эд байжээ. Үүнээс гадна 5 тэрбум орчим төгрөгний дугуй авсан боловч 3,6 тэрбум төгрөгийн үнэтэй дугуй нь нь хэмжээ таарахгүй, өөр размерийнх байсан бөгөөд бас л хог новш болон үлдэж байна. Олон зуун тэрбумаар тоологдох өртэй болчихсон хэрнээ 7 тэрбум төгрөгийн ямар ч хэрэггүй бараа авч, хэн нэгний шахааны бизнесийг дэмжиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр гацаанд ороод байна. Тус компани өмнө нь урьдчилгаа болон зээл хэлбэрээр 580 орчим сая ам.долларын санхүүжилт авсан ч дахин 200 сая ам. доллар хэрэгтэй болжээ. Хятадын “Чалько” компанитай гэрээ байгуулан 350 сая ам.долларыг урьдчилгаа авсны дээр 131 сая ам.долларын Голомт банкнаас зээлж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан нь саяхан. Гэвч энэ мөнгөнөөс 170 орчим сая ам.долларыг компанид нь үлдээн бусдыг нь Хүний хөгжил сан руу татаж иргэдэд тараан өгсөн юм. Үлдсэн 170 орчим сая ам.доллараар өнгөрсөн оны наймдугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж, Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар зээлж дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Харин цаашид үйл ажиллагаа явуулахад санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул зээл авах асуудлаар Засгийн газарт ханджээ. Одоо Хөгжлийн банкнаас дахин 200 сая ам.долларын зээл шийдэх хүрээнд асуудал яригдаж байгаа бөгөөд энэ зээлийг авчихвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, улмаар хөл дээрээ зогсох боломжтой юм байна. Тус компанийхан зээл өгчих юм бол үйл ажиллагаагаа хэвийн явуулаад иргэн бүрт ногдож байгаа 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн тархийг угааж байгаа сурагтай.
shudarga.mn
URL: