Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Ерөнхий сайд бараалхав

2013-01-21pm_bigБүгд Найрамдах Польш улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын Ерөнхий сайд Доналд Туск бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Туск хэлэхдээ, “Монгол-Польшийн харилцаа баялаг уламжлалтай. Ойрын ирээдүйд энэхүү баялаг харилцаа маань улам өргөжинө гэдэгт бид итгэлтэй байна. Бид танай улсын эдийн засгийн өсөлт, эрх зүй, шударга ёсны салбарт олж байгаа амжилтаар бахархаж баяр хүргэж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУлстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаад Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш улстай харилцахад Монгол Улс чухал ач холбогдол өгч байдгийг онцлов.
Мөн Ерөнхийлөгч Польш улстай барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, туршлага суралцах эрмэлзэлтэй байгааг хэлээд хоёр талын батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдсан юм. Монгол, Польшийн харилцааны нэгэн чухал гүүр болсон боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолж байв.

URL:

Сэтгэгдэл бичих