Ч.Хүрэлбаатар: Тэгвэл олон тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг яагаад байлгаад байгаа юм бэ

hurelll63369369УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль зөрчиж, иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж үзэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгох шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Мөн СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, тус тойрогт 28-аас дээш хувийн санал авсан дараагийн хоёр нэр дэвшигч УИХ-д орж ирэх боломжтой болох юм байна.Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Чойжилсүрэн гишүүн та хоёрын УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад байна. Цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?
-Ардчилсан намын нэхэмжлэлтэй Увс аймгийн УИХ-ын сонгуулийн 15-р тойргийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд болж, бидний талд шүүхийн шийдвэр гарсан. Харин АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар өнгөрсөн одоо хоногийн лхагва гарагт бидний эсрэг шийдвэр гарлаа. Шүүхийн маргаан үргэлжлээд явж байна. Бид хяналтын шатны шүүхэд хандана. Дараа нь шийдвэр гаргах дээрээ тулбал СЕХ яаж шийдвэр гаргах нь ойлгомжгүй байгаа. Тойргийн хороо нь татан буугдчихсан гээд яривал их юм байгаа л даа. Анхан шатны хурлын шийдвэр гарсны дараа Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын талд эрх баталгаажчихаад байхад тухайн үед шүүхийн шийдвэр АН-д гарчихсан юм шиг news.mn дээр худлаа мэдээлсэн. Мөн Ийгл телевизээр худал мэдээлэл гарсан л даа. Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийн хэрэгслүүд ард талдаа эзэнтэй. Улс төрийн хүчинд зүтгэдэг гэдгээ баталгаажуулж, худал мэдээлэл олон нийтэд цацсан. Гэхдээ бид бууж өгөхгүй. Шүүхийн үйл ажиллагаа үргэлжлээд явж байна. Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд ард түмэн сонгууль өгөхдөө улс төрийн хүчний ирэх дөрвөн жилд ямар бодлого явуулах вэ гэдгийг нь харж байгаад сонгодог. Сонголтыг хэн ч өөрчилж болдоггүй л дээ. Тэгвэл өнөөдөр ард түмний сонголтыг эрх баригчид уландаа гишгиж байна. Хэд, хэдэн жишээ хэлэхэд, сая орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Үүнээс манай намын зургаан аймгийн Засаг дарга нарыг баталгаажуулаагүй байна. Тухайн орон нутагт амьдардаг ард түмэн МАН-ыг сонгоод саналаа өгчихсөн байхад эрхийг нь баталгаажуулахгүй байна шүү дээ.Хүссэн хүн юм хийдэг. Хүсээгүй хүн шалтаг хайдаг гэдэг агуулгаар хандаж байна. Дээр нь Өвөрхангайн тойрог дээр манай хоёр хүн 2-3 мянган саналаар ялсан юм билээ. Гэтэл томоомон архи, пиво үйлдвэрлэгч банкны эзэд орж ирээд сууж байна. Шүүх, хууль гээд бүхий л хүчин зүйл эрх баригчдын талд байна шүү дээ.

-Та үнэхээр хууль зөрчөөгүй юм уу?
- Би арван мянган хүний саналаар тасарч гарсан. Үнэхээр энэ бол ард түмний сонголт. Эрх барьж буй нам ард түмний сонголтыг үл тоож, ардчилалын үндсэн зарчимуудаа гээж, дарангуйлалын систем тогтоож, хэнтэй ч хамтрахгүй гэсэн улайрал, өөрсдөө дангаараа засаг авах гэсэн шалтаг нь явж байна. Тайлбар шалтаг нь гоё. Юу ч ярьж болно. Хачир дээрээ ард түмний сонголтыг үл хүндэтгэж байна шүү дээ. Улс төрийнхөн бие биенээ дарах маягаар явдаг гээд ойлгочихсон хүмүүс АН-д олон байна. Ер нь улс төрд байгаа хүмүүс нь зөвөөр зөвшилцөж, ойлголцож Монгол Улсад хөгжил ирнэ. Аль нэгийг нь хойш нь татчихаад явдаг байж болохгүй шүү дээ. Тэрэн дээрээ тулбал, өртэй хүн УИХ-д өрсөлдөж болохгүй шүү дээ. Гэтэл Б.Гарамгайбаатар гэдэг хүн Монгол Улсын банкны системд арав гаруй тэрбумын өртэй атлаа УИХ-д сууж байна. Үүнийг яагаад хууль хяналтын байгууллага нь ярихгүй байгаа юм. Мөн А.Бакей гишүүнийг яагаад татахгүй байгаа юм. Төрийн албанд ажиллаж байгаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн шүү дээ. А.Бакей, Б.Гарамгайбаатар нарыг тэгвэл татах хэрэгтэй шүү дээ. Яагаад тэр хууль нь хэрэгжихгүй байгаа юм. Нэг ёсондоо ардчилсан нийгэм биш дарангуйлалын систем болчихоод байна.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын нээлттэй хуралдаан боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Ер нь Засгийн газар байгуулагдсан цагаасаа дорвитой ажил хийж чадсан уу?
-Улс төрийн шоу биш байгаадаа л гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу мөн үү, биш үү гэдгийг цаг хугацаа харуулна биз. Одоо Засгийн газрын хамгийн том ажил энэ бондын асуудал байгаа шүү дээ. Төсөл нь бэлэн болоогүй. Юунд зарцуулахаа тодорхой болгоогүй. Ядахдаа юу хийхээ шийдээгүй байж баахан мөнгө оруулаад ирсэн. Өдөрт 275 сая төгрөг хүүнд нь төлөөд сууж байна шүү дээ. Монголбанк хариуцаж байгаа юм шиг зүйл яриад байх юм. Монголбанк гадны банк биш биз дээ. Тэгэхээр бодлогоо зөв болгохгүй бол төрийг хүнд байдалд оруулах вий дээ гэж бодож байна. Гэхдээ Засийн газрын үр дүн гарах болоогүй байхад наана нь түрүүлээд дүгнэлт хийх нь хаашаа юм. Гэхдээ хэд, хэдэн асуудал болохгүй байгаа. Нэгдүгээрт, буруу рультэй машиныг хориглох нь буруу. Хуруу хумсаа хуйхлан байж авсан машиныг нь хориглох гээд байна. Энэ хүний төлөө шийдвэр мөн үү. Хоёрдугаарт, манай нам хэзээ ч сайтууд дээрх сэтгэгдлийг хориглож байгаагүй. Гэтэл бүр болиулах гэж байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ. Үнэн худлыг нь салгаад л явах хэрэгтэй шүү дээ. Дандаа хорино, хаана гээд л байдаг болчихсон. Тэгэхээр ардчилсан комунист засаг ажиллах гэж байна уу даа л гэж харж байна.

-Х.Баттулга сайд “Монголын төмөр зам”-ын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлж дөнгөлөө. Гол шалтгаан нь нарийн, өргөн царигтай төсөр замын асуудал. Таны бодлоор алийг нь тавьбал Монгол Улсад ашигтай вэ?
-Нэгдүгээрт, Х.Баттулга Зам тээврийн сайд биш шүү дээ. Эсвэл энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайд болчихсон юм уу. Өөрийнхөө хариуцсан салбараа л аваад явах хэрэгтэй шүү дээ. Энэ төмөр замын асуудлыг хариуцаагүй бол бусадтайгаа адилхан дуугай л явах хэрэгтэй. Хоёрдугаарт, төмөр замын асуудалд хувийн хэвшлийнхэн орж үйл ажиллагаа явуулах ёстой. Баахан бонд гаргаж ирээд л түүгээрээ төмөр зам барьчихдаг байж болохгүй шүү дээ. Царигийн асуудал дээр эдийн засгийн хамгийн үр ашигтай чиглэлийг авч явах хэрэгтэй. Нарийн царигийг барихаар хятадууд танктай урдаас орж ирээд Монгол Улсыг эзэлнэ гэж ярьдаг шүү дээ. Одоо үед тийм юм байхгүй. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд тэрийгээ л барьж явах ёстой. М.Энхсайханы хэлсэн зүйл дотор одоогийн засгийн газар тусгаж авч ойлгохоор зүйлүүдийг хэлсэн байна билээ. М.Энхсайхан Ерөнхий сайд хийж явсан хүний хувьд их л нуруутай, Монгол Улсынхаа эрх ашигт нийцсэн зүйл ярьж байна гэж харсан.

-Та аль байнгын хороонд харъяалагдаж байгаа вэ?
-Миний үндсэн мэргэжил эдийн засагч. Ленинграндын эдийн засгийн сургууль болон Автралийн Седней их сургуульд макро, микро эдийн засгаар мастерийн зэрэг хамгаалж ирсэн хүн. Мэргэжлийнхээ дагуу эдийн засаг болон төсвийн байнгын хороонд орно гэдэг өргөдлөө гаргасан. Гэтэл АН-ын гишүүд 2-3 байнгын хороонд байгаад байдаг манай намынхан нэг, нэг байнгын хороонд чигчилдээд орчихсон. Энийг УИХ-ын дарга З.Энхболд янзалж, цэгцэлж явах ёстой шүү дээ. Зарим гишүүд цөөхөн, зарим нь олон байнгын хороонд харьяалагддаг асуудал парламентын түүхэнд байгаагүй. Хүссэн хүнд засахад амархан, хүсээгүй хүнд маш олон шалтаг тайлбар гарна. Энийг засах байх гэсэн гордилго байна. Гэхдээ хэзээ засах юм бол доо. Намайг өргөдлийн байнгын хороонд оруулсан гэсэн.

ЦАГ МН


URL:

Сэтгэгдэл бичих