Монголчууд Хятадуудад өртэй юу

527-1358828919527-1358818127china_flagМонгол наймаа
Монголчууд хятадуудад 300, Оросуудад 100 шахам жил нухлуулсан гэдэг. Монголд 1990 онд “Ардчилсан холбоо” гэдэг байгууллага үүссэнийг барууныхан баяр хүргэж хоёр хөрш маань зэвүүцэж байсан гэдэг.
Өнөөдөр монголчууд хэнээр ч заалгахгүй төрөө дуртай хэлбэрээр байгуулж байна. Харин хөршүүдтэйгээ эрх чөлөөт орон шиг наймаа хийж чадахгүй 24 жилийн нүүр үзжээ. Өмнөд хөршдөө юу хүссэнийг нь өгч, юу өгснийг нь авна. Хойд хөрш маань юу ч авахгүй боловч өгч байгаа ганц бараа болох түлшээ дурын үнээр өгнө. Үүнийгээ хөршүүд маань бүрэн эрх тусгаар улстай эрх тэгш, харилцан ашигтай наймаа хийж байна хэмээн зарлана.
Харамсалтай нь дэлхий үүнд нь итгэдэг гэнэ. Өнөөгийн даяаршсан ертөнцөд АНУ-аас өөр улс оронд зэвсэглэн халдах явдал бараг үгүй болсон. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь эдийн засгийн бие даасан түвшингээр л хэмжигдэнэ. Тэр тусмаа иргэдийн орлогоор хэмжигдэнэ. Гэтэл дэлхийд нэг хүнд ноогдох баялгаараа өдөр ирэх тусам бусад улс орноос тасарч байгаа монголчуудын 40 хувь нь ядуу 92 хувь нь хангалтгүй орлоготой иргэд гэж тооцогдож байна.
Дэлхийн хамгийн баян орны иргэдийн арван хүн тутмын ес нь ядуу байгааг барууны ертөнц ойлгохгүй байна. Дэлхийн II дайны дараа Герман, Японы хүн амын 40 хувь нь л ядуурч, доройтсон гэдэг. Эндээс бидний амьдралын түвшин дайнд хамгийн их хохирол амссан орнуудаас яагаад дор орчихов гэсэн асуулт гарна.Олон улс төрчид монголчууд залхуугаас ядуурч байна хэмээн тайлбарладаг. Харин гадныхан эдийн засгийн алдаатай бодлогын улмаас гэдэг.
Тэгвэл миний нэгэн танилын эмээ бараг гучин жилийн өмнө энэ бүхэнд хариу өгсөн байна. Найзын маань аав хөдөөдөө бол томхон коммунистад тооцогдоно. Харин найзын маань эмээ нийслэлд амьдардаг бөгөөд бурхан шүтээн залж, хүүгээ нүүр хийх газаргүй болгоно. Эмгэн монголчуудыг манж, оросууд 400 шахам жил дарлаж байгааг аймшиггүй хэлнэ.
Гэхдээ буу сэлэмээр далайлгахгүй байгаа барааг нь хямдаар авч өл залгуулах замаар л тэднийг эрхшээлдээ оруулна.Монголчууд өл залгаж байгаагаа оройн дээд очир ламтай адил амьдарч байна хэмээн сэтгэнэ. Хятадууд хямд түүхий эд авахдаа “Маргааш юу ч болоо билээ. Өнөөдөр идэх хэрэгтэй” хэмээн ухуулна. Нөгөө дэлхий гэдэг шиг ухуулга хийнэ.
Эндээс “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн үг гарсан байж магадгүй гэнэ. Хөгшний хамгийн сүүлийн хятадын тухай яриаг ач нь санаж байгаа гэнэ. Тэрээр “Хятадуудтай наймаа хийхийн тулд өөр нэг наймаачин олох хэрэгтэй” гэж ярьжээ. Өнгөрсөн хугацаанд монголчууд хятадын өрнөөс дансыг шатааж байж салсан түүх байдаг.
Харин 70 жил модон мориор амьд морио сольсны эцэст арван тэрбум ам.долларын өрөнд орсон байдаг. Оросын парламент өнөөг хүртэл өргүй гэсэн бичиг бидэнд ирүүлээгүй л байна. Өнөөдөр хятадуудад түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин хямд нийлүүлж байна. Оросоос дэлхийн зах зээлээс 30 хувь өндөр үнээр авч байна.
Монголчууд хоёрхон саалийн үнээтэй. Таван толгойн нүүрсийг барьцаалаад 300 сая ам.доллар зээлсэн. Таван толгойн эзэн байж 300 сая ногооны өрийг дарж чадахгүй бол ичгүүртэй хэрэг болно. Хүнд үед нам аврах зориулалтаар зээлсэн тэр өрийг Таван толгойгоос төлчихөд монголчууд харуусаад байх зүйл байхгүй. Харин ойрын таван жилд Таван толгойгоос гарсан нийт нүүрсний 80 хувийг тал үнээр нь хятадуудад өгөх гэрээ нь дэндсэн хэрэгт тооцогдоно.
Энэ гэрээг хийсэн эрхэмүүд өнөөдөр хаана явна гэдэг нь сонирхол татна. Тэд хэний эрх ашигт нийцүүлсэн гэрээ хийсэн гэдгээ тайлбарлах ёстой. Мөн Төмөртэйн ордод хятадуудтөмөр зам тавьчихсан монголоос гарах төмрийн хүдрийн үнийг тогтоогоод сууж байна. Хэн тэдэнд орд эзэмших зөвшөөрөл өгсөн, ямар эрхтэйгээр тэд төмөр зам барьсан, яагаад тэд төмрийн хүдрийн үнийг тогтоогоод байгааг О.Магнай шалгаж чадах болов уу гэж Сэлэнгийн нэгэн иргэн ярьж сууна.
Хоёр дахь саалийн үнээ болсон Оюу толгой удахгүй ашиглалтад орно Дэлхийд хэрэгцээ нь өсч байгаа зэсийн баяжмалаа тэд бас хятадуудад өгөх гэрээтэй. Хэдэн жил өгөх нь таавар. Учир нь цахилгааны төлбөр нь зэсийн баяжмалаар хийгдэнэ. Бид өөрсдөө цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр бариагүй болохоор Оюу толгойг буруутгах аргагүй.
Эндээс харвал бид хаашаа ч харсан хятадуудад ашигтай наймаа хийнэ. Хятадууд хариуд нь хоногийн хоол л залгуулна. Энэ бүхнээ мэддэг хятадууд үнэ буулгана, төлөөлөгчөө суурьшуулж орд эзэмшинэ. Хятад иргэд Монгол төрийн цагдааг зодож болно. Монгол охидыг доромжилж болно. Монголчуудыг машинаар нядааж болно.
Яагаад хятадууд даварсан бэ
Монголын эдийн засаг хятадын түүхий эдийн хавсрага мэт зохион байгуулагдаж байна. Энэ байдал хэзээ үүссэн, хэн зохион байгуулсан гэдэг нь ойлгомжгүй. 1990 оноос хойш хилээр зорчих эрх нээгдсэнээс аажмаар Монголын эдийн засаг хятадчилагдсан гэнэ. Гэхдээ энэ бүхнийг Монголын эдийн засгийг өдий зэрэгт хүргэсэн ганзгын наймаачид бүтээн босгосон гэвэл хэн ч итгэхгүй.
Харин төрөөс явуулах ёстой гадаад худалдааны олон туйлт бодлого өнөөг хүртэл хэрэгжээгүй гэвэл үнэнд нийцнэ. Өөрөөр хэлбэл манай төрийн бодлого хятадуудтай наймаа хийхээс өөр эрх ард түмэндээ олгоогүй гэж хэлж болно. Монголчууд Орос руу визгүй зорчдог байхад олон иргэд барууны бараа импортолдог байсан. Өнөөг хүртэл Хятад руу визгүй зорчдог боловч Орос руу орохдоо багаар тооцоход 30 ам.доллар төлнө.
Ингэснээр орос бараа болох 30 ногоон хятад бараа болж, Хятадын эдийн засгийг дэмжинэ. Мэдээж энэ бол жижиг асуудалд тооцогдоно. Учир нь том наймаа бол байгалийн эрдэс баялаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа барууны компаниуд ил тод байдаг. Бид тэдний данс тооцоог харж чаддаг.
Харин албан ёсоор тоологдоогүй боловч Монголын талыг бүрхсэн хятадууд уул уурхайн орд эзэмшээд зогсохгүй монгол төрийн түшээдийг босго давуулахгүй байх нь олонтаа. Дэлхийд өдөр ирэх тусам үнэд орж байгаа бүхэн манайд хоногоор биш цагаар нэмэгдэж илэрч байгаа. Энэ бүхэн өнөөдрийн дэд бүтцийн тогтолцоогоор бол ямар үнэгүй хятадуудад очно.
Учир нь байгалийн баялагийг үнэд хүргэдэг төмөр зам нь Хятад руу орох зориулалтай. Хятад руу орсон түүхий эд эсвэл солигдож, эсвэл үнэ буурдаг жишиг тогтсон гэнэ. Байдал ийм байхад нэгэн төрийн терминатор хочтой улстөрч өдөр шөнөгүй Хятад руу үнэгүй урсч байгаа Монголын баялгийг төмөр замаар нүүлгэх арга бодож олов. Ганц төмөр замаар урсаж байгаа Монголын эрдэс, баялаг хятадуудад багадаад байгаа гэнэ. Хямд бараа хэзээ ч илүүддэггүй гэсэн хятад үг байдаг гэнэ.
Ганц худалдан авагчтай худалдаачинд сонголт байдаггүй. Түүнтэй адил монголчууд 24 жил хятадаас өөр хэнд ч түүхий эд, эрдэс баялгаа худалдаагүй. Энэ хэрээрээ хятадууд үнэ тогтоосоор ирсэн. Энэ хэрээрээ Эрээн дэвжиж, Замын үүд уушигны аранга болж хувирсан. Одоо Сайншандыг элсэн хорго болж хувиргахад баялгаа урагш нь зөөсөн тогтолцоог хэвээр хадгалахад хангалттай.
Мундаг улстөрч эрдэс баялгийг төмөр замаар Орос руу гаргах боломжийг гоё үгээр үгүйсгэж байна. Түүнийгээ төрд тулгах бололтой юм. Төр нураасан туршлага түүнд хангалттай бий. Түүнийгээ тэр туршлага мэдлэг гэж нэрлэдэг. Ганзагын наймаачнаас дээргүй сэтгэлгээтэй тэрээр монголчууд хятадуудад өртэй юм шиг аашилж байна.
Ганзагчид түүний оронд улс төрд байсан бол хятадуудтай биш, Зүүн өмнөд Азийн орнуудтай монголчууд наймаа хийж байх ёстой байсан. Эхорон ард түмний төлөө гэх түүний үг үнэн хэрэгтээ хятадуудын ашгийг нэмж монголчуудыг ядууруулах бодлогыг хэрэгжүүлж байна.
Х.Баттөгс 
Эх сурвалж: “Нийслэл таймс”

URL:

Сэтгэгдэл бичих