Мухаммед Мурси: Сөрөг хүчнийхэн ард түмнийг хувааж байна

muahhЕгипетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси сүүлийн үед болоод байгаа жагсаал, парламентын шинэчлэл, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчдийн талаар “www.beta.tradearabia.com” сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.

-Египетийн ард түмний хувьд шинэ Ерөнхийлөгч, шинэ Засгийн газар, ер нь улс төрийн шинэчлэл төдийлөн сэт­гэлд нь хүрэхгүй байгаа болол­той. Мэдээж энэ асуулт он гар­санаас хойш танай улсад болж буй жагсаал цуглаанаас гарсан. Энэ талаар таны байр суурь?

-Шинэчлэл нэрийн дор Египет улсыг тархай бутархай болгох, ард түмнийг эрх баригч ямар ч хүчний эсрэг турхирах, улс төрийн үйл ажиллагааг доголдуулах гадны бодлого цаагуураа явуулж буй нь илт байна. Манай улсын ард түмэн ардчилсан сонгуулиар хүссэн хүндээ саналаа өгсөн. Өөрсдийн ирээдүйг сайн улстөрч, сайн хүний гарт өгсөн. Харин хэн тэднийг төрийн эсрэг, өөрсдийн сонгосон хүний эсрэг турхираад бодол санааг нь өөрчлөөд байна гэдэг том асуудал. Миний хэлэх гээд байгаа зүйл бол тун энгийн. Шинэчлэлийн дараа бүгд сэтгэл хангалуун байдаггүй. Тодорхой хэмжээний хүмүүс үзэл бодлоороо, үйл ажиллагаагаараа зөрчилдөж байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Жагсаал цуглааны үр дүн нүдэн дээр хараг­даж байна л даа. Өмнө нь манай улсын төрийн эрхтэн дархтанууд “төмөр нударга”-аар асуудлыг шийдэж, хүчний байгууллагаар бүхнийг зохицуулдаг байсан. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн. Ард түмний өмнө хариуцлагатай байж, улс орны хөгжилд бүхий л анхаарлаа хандуулах чухал мөч ирээд байна. Жагсаал хийгээд байгаа хүмүүс ямар хүмүүс юм, ямар зорилготой жагсаал хийгээд байгаа юм, хэнийг унагах, дараа нь хэнийг дэмжих гээд байгаа бүх зүйл тодорхой байна шүү дээ. Сөрөг хүчнийхэн үүнийг хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэд ард түмний тархийг угааж, дахин өмнөх үе шиг харанхуй, авлига, хээл хахуултай орон болгохыг хүсэж байна. Сөрөг хүчнийхэн ард түмнийг хувааж байна.

-Таныг эрх мэдлээ зузаатгаж бай­гаа талаар зарим нь шүүмжилж байх юм?

-Армийн командлагч, Батлан хамгаалахын сайд Мохаммед Хуссейнь Тантавиг ажлаас нь чөлөөлж, цэргийн бодлогын тухай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хучин төгөлдөр болгох шийдвэр гаргасаныг ийнхүү “Эрх мэдлээ зузаатгасан” хэмээн ярих болсон. Өмнөх гэсэн бүхнийг шинэчлэх ёстой гэдгийг бас л буруугаар ард түмэнд ойлгуулах гэж байгаад харамсч байна. Шинэчлэлийг дагаж шинэ бүхэн зайлшгүй ирдэг. Армийн хуучин дарга нар байсаар байх юм бол утгагүй. Тиймээс л би дээрх шийдвэрийг гаргаснаар зарим хүний эрх ашгийг хааж, ард түмний эрх чөлөөг нээж буй. Сүүлийн 20 гаруй жил Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байгаа Тантави болон Ерөнхий жанжин штабын дарга Сами Анан нарыг албан үүргээс нь чөлөөлсөн нь буруу шийдвэр биш.

-Та өмнө нь израйльчуудыг “цус сорогчид” гэж байсан. Чухам юунаас болоод ингэж хэлсэн юм бэ?

-Яг үнэндээ 2010 онд хийгдсэн бичлэгийн үеэр би таны хэлсэн үгийг хэлж байсан юм. Харин ямар замаар явж байгаад намайг Ерөнхийлөгч болсоны дараа цацагдаж байгаа нь хачирхалтай. Израильд хандсан өөрийн үгэндээ тэднийг “цус сорог­чид” гэсэн үг оруулсан. Би “америкчууд, сионистуудын үүс­гэсэн цус сорогчид, балиар амьтдын үр сад” гэж хатуухан хэлж байсан. Одоо ч хэлж чадна. Тиймээс Израилийн эрх баригчидтай хийх дурын хамтын ажиллагаа, хэлэлцээр бол ердөө л цаг үрсэн дэмий зүйл. Манай ард түмэн ч үүнийг мэднэ. Мэдээж Израиль, Палестин хоёрын хооронд энхийн хэлэлцээр хийхэд зуучлагчийн үүргийг ам-жилттай гүйцэтгэсэн гэдэгт баяртай байгаа.

-Сөрөг хүчний зүгээс өмнө нь Үндсэн хуулийн талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулах, мөн Үндсэн хуулийн тун­хагийг хүчингүй болгох шаард­лага тавьсан. Энэ асуудал удахгүй дахин хөндөгдөх талаар эх сурвалжууд онцолсоор байгаа. Энэ тал дээр та юу гэх вэ?

-Би татгалзаж байсан. Улс орны хагарал, сөргөлдөөнийг эцэс болгохын тулд, ард түмнийг нэгтгэхийн тулд бид сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээр хийх ёстой. Гэхдээ ямар яриа хэлэлцээр хийх нь чухал. Ард түмнийг эргүүлээд харанхуй ангал руу, ядуурал, ажилгүйдэл рүү түлхэх утга агуулсан бол би хатуу хориглоно. Надад тийм эрх байгаа.

-Оны өмнө та сөрөг хүчний шинэ Үндсэн хуульд ард түмнийг санал өгөхгүй байхыг уриалсан. Бараг л дийлэнх нь санал хураалтад ороогүй. Энэ мэт ард түмнийг хагаралдуулсан үйл ажиллагаа сөрөг хүчнийхэн явуулсаар байна. Цаашид ямар арга хэмжээ авах талаар бодож байсан уу?

-Ард түмэн өөрсдийн сонголтоо хийсэн байхад, сөрөг хүчнийхэн хүчээр тэдний саналыг нэг тийш шийдэх гэсэн оролдлого хийсээр байна. Энэ нь зөрчлийн гол зангилаа. Шинэ хуулийн талаар гэвэл Үндсэн хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж буй Ассамблэйн гишүүдийн ихэнх нь исламын шашинтай хүмүүс. Тиймээс тэднийг исламын шашинтнуудын эрхийг Үндсэн хуульд илүү тусгасан гэж үзэх хүмүүс олон бий. Сөрөг хүчний удирдагчид “Хэрвээ Үндсэн хуулийн санал асуулга эрх баригчдын хяналт дор бүрэн зохион байгуулагдаж, аюулгүйн албаныхан батлан дааж байгаа үед бид саналаа өгөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих