Монголын эмнэлгүүд “сүйрч” байна

emneeӨвлийн улиралд нийслэлийн томоохон эмнэлэг гэхээсээ илүүтэйгээр дүүр­гүүдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалал­тай бай­даг. Бүр коридор­тоо хүртэл ор бэлдэн өвчтөнөө хүлээж авах тохиолдол ч элбэг байдаг. Мөн ачааллаа дий­лэхгүйгээсээ болж эм­чилж байсан өвчтөнийгөө эм­чил­гээ нь дуусаагүй байхад гар­гаж, дараагийн өвчтөнөө авдаг. Үүний улмаас бүрэн эмч-лэгдээгүй өвчтөний бие муудсан байх жишээтэй. Ямар­тай ч өнөөдрийн байдлаар дүүргүүдийн нэгдсэн эм­нэл­гийн хүүхдийн тасаг хэр ачаалалтай байгааг сонирхо­хоор зарим эмнэлгээр орсон юм.

 

 

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ТӨВ ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ АЧААЛАЛТАЙ БАЙВ

 

УБТЗ-ын Төв эмнэлэг нь хүүхдийн төвлөрсөн тасагтаа 39 ортой юм билээ. Гэвч ханиад томуу их байгаа энэ үед таван ор нэмж, өвчтөнөө хэвтүүлэн эмчилж, нийт 44 ортой нэлээд ачаалалтай ажиллаж байсан юм.

Ямартай ч тус эмнэлгийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, хүүхдийн эмч Ж.Соёл-Эрдэнээс бага насны хүүхдэд халдварлах томуугийн өвчлөл хэр байгаа болон ямар эмчилгээ хийж байгаа талаар тодрууллаа.

-Хүүхдүүдэд тусах томуугийн өвчлөл хэр байна вэ?

-Хүүхдийн өвчлөл хүйтний улиралд  ихэсдэг. Ялангуяа өмнөх жилүүдтэй энэ жилийг харьцуулбал хүүхдийн өвчлөл ихэссэн. Яагаад гэвэл орчны бохирдол маш их байна. Өмнө нь хамрын ханиад тусчихаад л зүгээр өнгөрдөг байсан бол одоо цагт хамрын ханиад орчны бохирдолтойгоо нийлэхээрээ амьсгалын замын өвчнийг улам хүндрүүлдэг.  Гэхдээ энэ жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг өнгөрсөн жилтэй харьцуулбал ачаалал харьцангуй бага байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралт эхэлсэнтэй шууд холбоотой. Сургуулийн хүүхдүүд амарснаар эмнэлэг болоод эмч нарын ачааллыг арай багасгаж байгаа.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнг хэд хоног эмчилдэг вэ. Зарим хүмүүс “Хүүхдийн маань ханиад нь бүрэн эдгээгүй байхад эмнэлгээс гарчихдаг. Тэгэхээр ханиад нь хүндрээд буцаад л эмнэлэгт хэвтэх шаардлага гардаг” гэж хэлж байсан?

-Аливаа хүүхдийн өвчнөөс шалтгаалж, эмчлэх хугацаа янз бүр байдаг. Мөн өвчний эдгэрэх хугацаа бас өөр байдаг. Хатгаа аваад эмнэлэгт хэвтэхээр ирсэн хүүхдийг 10 хоног, биеийн эсэргүүцэл сайтай бол долоо хоног, ларангит буюу хоолой боох өвчтэй хүүхэд хоёр, гурав хоноод л эмнэлгээс гарах тохиолдол байдаг. Тэгэхээр ямар өвчтэй гэдгээс хамаарч хэдий хугацаанд эмчлэхээ тогтоодог. Ерөнхийдөө манай эмнэлэг дундаж ор хоногтоо тааруулж эмчилдэг. Хүүхдүүд эмнэлгээс гараад өвчин нь хүндрээд байна гэсэн зүйлийг хүмүүс маш их ярьдаг. Хатгаа авсан хүүхэд эд эсийнхээ төвшинд сарын дараа эдгэдэг. Тэгэхээр эмнэлгээс гарсны дараагаар нөхөн сэргээх эмчилгээ гэж ярьдаг асаргаа сувилгааг эцэг эхчүүд маш сайн хийх ёстой. “Хүүхэд маань эмнэлгээс гарлаа. Өвчин нь бүрэн эдгэчихлээ” гээд тоохгүй бол орчны бохирдол их байгаа энэ үед буцаад өвдөх магадлал маш өндөр.

Ямартай ч УБТЗ-ын Төв эмнэлэг хүлээн авч эмчлэх ёстой хүмүүсээ эмчилж нэлээд ачаалалтай ажиллаж байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг хэр ачаалалтай байгааг сонирхохоор очсон юм.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ 125 ОРТОЙ Ч 170 ӨВЧИНТЭЙ БАЙВ

 

Тус эмнэлгийн хүүхдийн тасаг нь 125 өвчтөн хүлээж авах хүчин чадал бүхий 125 ортой. Их ачаалалтай үедээ 170 өвчтөнг хүлээж авах боломжтой юм билээ. Өчигдрийн байдлаар тус эмнэлэг их ачаалалтай буюу 170 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байсан юм. Тус эмнэлэг нь байх ёстой хэмжээнээсээ даруй 45-аар  илүү гарсан ч “Үнэхээр ханиад нь хүндрээд хэвтэх шаардлагатай өвчтөн ирвэл хүлээн авч хэвтүүлнэ” хэмээн  хэлж байсан юм. Гэхдээ 170 гаруй өвчтөн байгаа ч өнгөрсөн жилийнх шиг коридортоо ор гаргаж өвчтнүүдийг угтахдаа тулаагүй байсан.

Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс өвчин нь хүндэрсэн өвчтөнгүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн эмчилдэг. Тус эмнэлэгт өчигдрийн байдлаар хүүхдийн тасагт нь 49 өвчтөн хэвтэн эмчлүүлж байлаа. Уг нь 40 ортой, 40 өвчтөнг эмчлэх ёстой ч бусад эмнэлгүүдийнхээ адилаар орны хүрэлцээ тааруу байсан юм. Мөн нярайн тасаг ч ачаалалтай байв.

Нийслэлд маань гарын арван хуруунд багтах улсын эмнэлэг бий. Гэвч захын гурван эмнэлгээр ороход өвчтөн хүлээж авах хүчин чадлаасаа давчихсан ачаалалтай ажиллаж байсан. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр эмнэлгийн тоо, хүртээмж, хүчин чадал дутмаг байгаагийн илрэл юм. Эмнэлэг болох гэж буй барилгаа “офисс”-ын зориулалттай болгоно гэж байхаар эрдэнэт хүний эрүүл мэнд амь насыг авран хамгаалдаг эмнэлэг барьж байгуулбал нийслэлийн иргэдэд маш их хэрэгтэй байна.

 

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих