“МИАТ” ХК-ийн захиргааны багийнхан үндсэн цалингаа чамлаж таван сая төгрөг нэхжээ
-А.ГАНСҮХ ДЭД САЙДААР АЖИЛЛАЖ БАЙХДАА “МИАТ” ТӨХК-ИЙН УДИРДЛАГУУДЫГ ШАЛГУУЛАХААР ХУУЛИЙНХАНД ХАНДАЖ БАЙЖЭЭ-
Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн твийтр хуудаснаа “МИАТ” ТӨХК-ийн зарим дарга нар 1,2 сая төгрөгийн цалинг голж таван сая төгрөг нэхэж байна. Гэтэл МИАТ алдагдалтай ажиллаж байна” хэмээн бичжээ. Тус салбарын нэг том зорилт нь энэ онд багтаан агаарын тээврийн салбарт шинэчлэлт хийхээр зэхэж буй. Учрыг тодруулбал “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн тухайд захиргааны ажилтнуудын үндсэн цалин нь 1,2 сая төгрөг аж. Харин өнгөрсөн жилүүдэд компанийн удирдлагуудын зүгээс захиргааны ажилтан цөөн тооны хэдэн хүнд тогтоосон цалингаас нь гадуур таван сая хүртэлх төгрөгийг тогтмол өгдөг байж. Мэдээж энэ зардал компанийн хөрөнгөөс гардаг бөгөөд тухайн ажилтнууд ч “үндсэн цалин” мэт аваад сурчихсан юм билээ.
Ингээд “амташсан” дарга нар сүлжээгээр тогтоосон төрөөс олгох цалинг чамлаж “илүү”-г нэхэж байгаа нь энэ. Харин дадлага чадварын хувьд гологдоод байгаагаа тэд хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайлбал захиргаа, санхүү, бодлого төлөвлөлтийн ажилтнуудын ажлын чанар сул, бичиг баримт боловсруулалтаас эхлээд төрөөс, салбарын яамны шинэ бодлогод нийцэхгүй байгаа талуудыг нь тоочоод баршгүй. Гэтэл тус компани алдагдалтай ажилласаар ирснийг олон нийт мэдсээр байгаа ч төрийн өмч оролцож байгаа тохиолдолд ашигтай ажиллаж чадахгүйгээ өнгөрсөн он жилүүдэд харуулсан билээ.
Энэ байдлыг өөрчлөх нь шинэчлэлийн Засгийн газар, Зам тээврийн яамны томоохон зорилтуудын нэг учраас зоригтой ажиллаж эхэллээ. Эхний ээлжинд “МИАТ” ТӨХК-ийн гадаад дахь Төлөөлөгчийн газруудын бүтцэд өөрчлөлт хийж зардал хэмнэж байна. Энэ ажлын хүрээнд гадаад дахь Төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан нийт 13 хүнийг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Үүний үр дүнд 660 сая ам.доллар хэмнэжээ. Тухайлбал Герман дахь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөгчийн газар найман ажилтантай байснаас үүрэг роль багатай дөрвийг нь чөлөөлсөн байна. Герман дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалинд доод тал нь 2800 еврог зарлагаддаг байсан. Мөн тэдний орон сууц, бусад хангамжид зарцуулсан хөрөнгө гэвэл бүр ч талийж өгнө. Энэ зардал мөнөөх л “МИАТ”-аас гарч байсан гэсэн үг. Гэтэл Улаанбаатар-Берлиний чиглэл нь хамгийн ашиггүй чиглэлүүдийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 12 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж. Энэ мэтчлэн зардал хэмнэсэн бодлого явуулаад эхлэхээр олон жил “МИАТ”-ийн буянг дааж ядан амьдарч байсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж наанаа зарчмын асуудал яриад байгаа мэт боловч цаанаа хувийн ашиг сонирхлоор шинэчлэлийн бодлогыг шүүмжилж эхэллээ.
Уг нь Зам тээврийн яамнаас агаарын тээврийн салбарт цогц шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. “МИАТ” ТӨХК-ийн тухайд боловсон хүчний шинэчлэл хийхдээ гол фокусаа захиргааны ажилтнууд дээр тааруулаад байгаа нь цаанаа учиртай. Олон жилийн турш улс төрийн томилгоо, “МИАТ”-ийнхны удам дамжсан “цус ойртолт”-ын дүнд захиргааны ажилтнуудын боловсон хүчний нөөц, ур чадвар тун хангалтгүй бөгөөд хязгаарлагдмал байсаар ирсэн. Үүний нэг жишээ нь дээр дурьдсанчлан ажлын үр бүтээлтэйгээ дүйцэхийн аргагүй өндөр цалин нэхэмжилж буй явдал юм.
Нислэгийн багийнхан, инженер техникийн буюу “үйлдвэрлэлийн салбарын” ажилтнуудын хувьд ур чадвараар гологдохооргүй гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр аль улс орны техник, технологийг ашиглаж байна, тэнд бэлтгэсэн мэргэжилтэнг л ажиллуулахаас өөр аргагүй болчихоод байна. “Изинис” авиа компани л гэхэд нисэгчдээ 18-20 мянган ам,долларын цалин өгч, жилд хоёр удаа “бизнескласс” ангиллаар үнэгүй зорчуулан нутагт нь амраах, Монголд ажиллах хугацаанд нь өндөр үнэтэй зочид буудалд байрлуулан тансаг нөхцөлд ажилуулдаг. Гэтэл манай “том” онгоцны нисэгчид 10 сая гаруй төгрөгийн цалин авдаг ч тэдэнтэй барьцах аргагүйгээ мэдэрдэг, ажилдаа хариуцлагатай ханддагийг нь олзуурхууштай. Харин онгоцны дарга нар гэж “дархан цаазтай” бараг гуйлгаж ажилладаг хүмүүс байдаг аж. Тэднээс хувийн авиа компаниуд “сорчилж” авсан гэх бөгөөд одоогоор “МИАТ”-д 12 онгоцны дарга хэрэгтэй байгаа гэж бодоход яг 12 онгоцны дарга л ажиллаж буй. Хэн нэг нь өвдсөн, ажлаас чөлөө авсан тохиолдолд өөр хэн нэгийг нь “гуйж” ажиллуулдаг аж. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй улс оронд суралцаж төгссөн цөөн хэдэн боловсон хүчинг эс тооцвол “Оросын бүтээгдэхүүн”-үүд л гол үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхээр цаашид боловсон хүчин бэлтгэх талаар анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Олон жилийн туршид Иргэний нисэхийн ерөнхий газар гэдэг том байгууллага зөвхөн агаарын тээврийн салбарыг хариуцсаар ирсэн. Өөрөөр хэлбэл нислэгийн аюулгүй байдал талаас нь гол анхаарлаа хандуулж үйлчлүүлэгчдийн тав тух, ашигтай ажиллах менежментийн талаар төдийлөн санаа тавьдаггүй байв. Тиймээс ч хувийн авиа компаниудын өрсөлдөх чадвар муу, өрсөлдөөний стратеги нь ч хоцрогдсон байна. Харин Зам тээврийн яамнаас баримталж буй бодлогын хувьд энэ байдлыг өөрчилж өрсөлдөөний стратегийн гол фокусаа олон улсын зах зээлд чиглүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар нэлээд хэдэн хувийн авиа компани ИНЕГ-аас зөвшөөрөл авснаас зөвхөн дөрөв нь л нислэг үйлддэг. Монголын агаарын тээврийн зах зээл жилд ердөө 400 мянган үйлчлүүлэгчтэй гэсэн тоо бий. Гэтэл нийт 1,2 сая зорчигч тээвэрлэх хүчин чадал бүхий хувийн авиа компаниуд тэдэнд үйлчлэх гээд хоорондоо “үзэлцээд” байдаг. Гэхдээ зөвхөн дотооддоо шүү дээ. Ингээд Зам тээврийн яамнаас энэхүү “чөтгөрийн тойрог”-оос салахын тулд хувийн авиа компаниуд нэгдэн тодорхой хуваарь, бодлого, төлөвлөлттэйгээр дотоодын нислэгээ чанартай гүйцэтгэх, харин “МИАТ” гадаадын нислэгээ зөв менежменттэй зохион байгуулж, гаднынханд зах зээлээ алдахгүй байх бодлогыг баримталж байгаа аж.
Хэдийгээр салбарын яамны хувьд “МИАТ”-ТӨХК-ийн экс захирал Ц.Орхоны багийнханд “аллергитах” бус харин ч хамтарч ажиллахыг хичээж байгаа боловч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх эрхгүй. Тиймч учраас “Ц.Орхоны” хүмүүсийн нэг болох гавьяат нисэгч Г.Жаргалсайхантай гар нийлэн ажиллаж эхэлсэн. Харин эдүгээ дуулиан үүсгээд байгаа “700 сая ам,долларыг угаасан” гэх хэргийн хувьд одоогийн Зам тээврийн сайд А.Гансүх тухайн үед дэд сайдаар ажиллаж байхдаа буюу 2011 оны нэгдүгээр сард хуулийн байгууллагад шалгуулж байсан гэдэг. Харин одоо шалгалтын дүн гарч хэргийн ээдрээ тайлагдаж эхлээд байгаа нь энэ.
У.Оргилмаа
URL: