Хог ачигчийн цалинг 800 мянга, жолоочийнхыг нь саяд хүргэх бодлого баримтална

0055858UYJUJYНийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн Хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуунтай ярилцлаа.

-Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хог тээвэрлэлтийн судалгааны дүн ямар гарав?
-Манай байгууллага Хот тохижилтын газартай хамтарч бүх бүсүүд, дүүрэг, хороодоор явж иргэдийн санаа, бодлыг сонсч санал асуулга явуулсан. Санал асуулгаар иргэдийн 63 хувь нь хог хаягдлаа сард хоёр удаа ачуулсан, 70 орчим хувь нь ойр орчмын ил задгай хог хаягдал багассан гэж үзсэн. Харин хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг 88 хувь нь дэмжсэн.

-Тэгэхээр хог тээвэрлэлтийн менежментийг цаашид үргэлжлүүлэх үү?
-Энэ асуудлыг нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Дараа нь 2013 оны нэгдүгээр улирлыг дуустал буюу гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтсон.

-Хог хаягдлын тээвэрлэлтэд нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулдаг уу?
-Хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөрөөр санхүүжүүлж, харин төвлөрсөн цэгийн хог хаягдлыг хөрсөөр дарж хучих зардал, нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг.

НИТХ-ын 2006 оны 182 дугаар тогтоолоор хогны төлбөрийг орон сууцанд амьдардаг нэг өрх сард 2000 төгрөг, гэр хороололд амьдардаг айл өрх сард 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхэд нэг метр квадрат нь 50 төгрөг байхаар тогтоосон байдаг. Харин байгууллага аж ахуйн нэгжүүдийн хогны төлбөрийг сард үүсгэж байгаа хогны хэмжээнээс хамааран НИТХ-ын 2009 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан тонн, километрээр тооцдог хог тээврийн тарифыг үндэслэн хог тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ байгуулан тээвэрлэдэг.

-Айл өрхийн хогны хураамж нэмэгдэх үү?
-Одоогоор шийдэгдээгүй байна. Цаашдаа хогны хураамж нэмэгдэнэ. Яагаад гэвэл 2006 онд гарсан тариф шүү дээ. Тэгэхээр бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа учир хогны хураамж нэмэгдэх шаардлагатай байна. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.

-Тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Зарим гуу жалгын хогийг ачихгүй үлдээд байна гэх юм?
-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2012 оны аравдугаар сард шийдвэр гараад 11 дүгээр сараас эхлэн гэр хорооллын айл өрхөөс гарч буй хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах механизмийг өөрчлөх шийдвэр гарсан. Урьд нь ямар байсан гэхээр дүүрэгт тээвэрлэгч байгууллага буюу ТҮК нь дангаараа айл өрхийн хогийг тээвэрлэдэг байсан. Хог хаягдлыг ачаагүй тохиолдолд тухайн тээвэрлэгч байгууллагад гүйцэд хариуцлага тооцож чаддаггүй байсан.

Харин энэ тогтолцоог 11 дүгээр сарын 1-нээс өөрчилсөн. Мэргэжлийн бүх хог тээвэрлэгч байгууллагуудыг хооронд нь өрсөлдүүлээд тухайн нутаг дэвсгэрийг хоггүй болгож, хог тээврийн хуваарь гаргаад тогтмол тээвэрлэх, гэр хорооллын айл өрхүүдэд сардаа хоёроос доошгүй удаа очиж хогийг нь авч чадна гэсэн шаардлагыг үндэслээд тээвэрлэгч байгууллагыг сонгон шалгаруулаад гэрээ байгуулсан. Тээвэрлэгч байгууллагатай дүүрэг, хороод хамтарч ажиллаж байгаа. 11 дүгээр сарын 1-нээс өмнө гуу, жалгын хогийг ачдаггүй байсан гэж хэлж болно. Харин үүнээс хойш сонгон шалгараад гэрээ байгуулсан компаниуд тухайн хариуцсан нутаг дэвсгэрээ хоггүй байлгах, тээвэрлэсэн хогны тонн тутамд тодорхой тариф гаргаад санхүүжүүлээд эхэлсэн.

Тэгэхээр хэн хамгийн их хог тээвэрлэнэ, тэр хэрээрээ мөнгө авна гэсэн үг. Ингэснээр гэр хорооллын гудамж гуу жалганд ихээр хуримтлагдсан хог, хаягдал байхгүй болсон. Хогийн цэгүүдэд хаясан хог өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн дүн гарсан. Тэгэхээр хур хогуудаа цэвэрлэсэн байна гэсэн үг. Гэхдээ зарим нэг хэсэг нь уулын орой дээр буучихсан, хог тээвэрлэх боломжгүй, машин, техник орох, гарах гарц байхгүй газруудын хог үлдчихээд байгаа юм.

-Хог ачигч хийх хүн ховор байдаг. Тиймээс цалинг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах уу?
-Айл өрхөөс авч байгаа мөнгө нь бага учраас зардал нь их гараад байгаа юм. Өндөр цалин амлаж ачигчаа тогтоох нь тухайн компанийн шийдэх асуудал. Хэн илүү ажиллана, тэр хэрээрээ цалин авна гэдэг шударга тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Нийслэлийн бодлогоор цаашид ачигчийн цалинг 800 мянга, жолоочийнхыг нь саяд хүргэх бодлого баримтална.

-Цаашид хог хаягдлын менежментийг илүү боловсронгуй болгох санал боловсруулсан уу?
-Хог тээвэрлэх ажлыг сайжруулахын тулд гэр хорооллын хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд нь хог хаягдлыг тээвэрлэсэн өрхүүдээс гарын үсгээр баталгаажуулалт хийлгэж, бүртгэл хөтлөх. Гэр хороололд үүссэн хур хогийг тээвэрлэхээс илүүтэйгээр айл өрх бүрийн хог хаягдлыг сард 2-3 удаа тээвэрлэх графикийг гарган айл өрх, албан байгууллагуудад мэдэгдэж, дүүргийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг даргаар батлуулан мөрдлөгө болгон ажиллах санал тавьсан. Мөн гаргасан хуваарийг өрх бүрт тараах ажлыг тээвэрлэгч байгуулага хороотой хамтарч зохион байгуулж, графикийн хэрэгжилтэд Хот тохижилтын газар, хорооны Засаг дарга хяналт тавих юм бол тээвэрлэлт сайжирна гэж үзсэн. Хамгийн чухал нь энэхүү графикийн хэрэгжилт айл өрхийн баталгаажуулсан гарын үсгийн баталгаагаар түүвэр судалгаа явуулан давхар хяналт тавьж санхүүжилтийг олгож байхаар санал оруулсан байгаа.

-Одоогоор тээвэрлэгч байгууллагуудын санхүүжилт хэвийн явагдаж байгаа юу?
-Нийслэлийн төсвөөс гэр хорооллын хог тээвэрлэлтэд гарах санхүүжилтийн тооцоог гаргаад айл өрхөөс авч байгаа хогны төлбөр нь хүрэлцэхгүй байгаа учраас илүү гарч байгаа мөнгийг төсвөөс санхүүжүүлж байгаа. Тэр утгаараа тээвэрлэлтийн санхүүжилт боломжтой явагдаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих