“Баганат-Өргөө” компанийн балгаар нэгэн залуу гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ

baganat orgooОБЕГ-ын аврах тусгай ангийн тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга Н.Очирбат өнгөрсөн оны аравдугаар сард даргынхаа тушаалаар “Баганат-Өргөө” компанийн барилгад ажиллахаар явсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Учир нь түүнийг барилгын дөрөвдүгээр давхарт ажиллаж байхад арванхоёрдугаар давхраас төмөр унаж, толгой, нүдийг нь гэмтээсэн байна. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан ч тархи болон нүдний эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай болсон аж.
Ингээд Н.Очирбатын гэр бүлийнхэн Энэтхэгийг зорихоор шийдэж, олон хоног Элчин сайдын яамны хаалгыг сахисны эцэст визээ гаргуулжээ. Харамсалтай нь Энэтхэгийн эмч нар “Хугацаа алдсан учраас зүүн нүдэнд хараа орох боломжгүй. Өөр оронд очсон ч ийм л хариу хэлнэ” гэжээ. Тэдний гэр бүлийнхэнд “хугацаа алдсан” гэдэг үг хамгийн хатуу сонсогдсон гэдгийг түүний эхнэр Б.Хулан хэлж байсан.
Учир нь “Баганат-Өргөө” компанийн удирдлагууд ослын дараа усанд хаясан чулуу шиг алга болсон байна. Энэтхэг Улсад эмчилгээ хийлгэх гэж буй талаараа тус компанийн удирдлагад дуулгахад эмчилгээний төлбөрийг их байна хэмээн цааргасан тухай эхнэр нь хэлэв. Тиймээс Н.Очирбатын гэр бүлийнхэн банкнаас зээл авах, хамаатан саднаасаа тусламж гуйх зэрэг байж болох бүхий л аргыг хэрэглэн байж Энэтхэгийг зорьжээ.
Тэнд нарийн оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 20 сая төгрөг зарцуулсан байна. Харин одоо зүүн нүд эмчлэгдэхгүй гэсэн хариутай, бөөн өртэй хоцорсон тухайгаа түүний эхнэр учирлаж байна. Банкнаас зээлсэн мөнгөний хүү өдрөөс өдөрт нэмэгдэж, бүтэн нойртой амарч чадахгүй байхад хариуцлага алдсан “Баганат-Өргөө” компани юу ч болоогүй мэт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр.
Нөгөө хууль журам, шударга ёс хаана байна вэ хэмээн тэдний гэр бүлийнхэн халаглаж сууна. Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд Шадар сайд Л.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Н.Ганбаатар гээд иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч магадгүй гэж итгэсэн эрх мэдэлтэн болгонд өргөдөл өгчээ. Даанч тэдний хэн нь ч өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна.
Ослын дараа Н.Очирбат болон түүний эхнэр ажлаасаа гарчээ. Цаашдаа өрхийн орлогогүй хэрхэн амьдрахаа төсөөлөхөд бэрх байгааг ч хэлж байсан. Эрүүл саруул, ажил төрөлтэй, бусдын адил амьдарч байсан залуу гэр бүлийн амьдрал ийн орвонгоороо эргэсэнд хэн хариуцлага хүлээх вэ. Эл хэргийн шүүх хурал цагаан сарын дараа Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болох юм байна.
Н.Очирбатын эхнэр Б.Хулангаас цөөн асуултад хариулт авлаа.
-“Баганат-Өргөө” компанийн удирдлагууд та хоёртой уулзав уу? 
-Уулзаагүй. Бид чинь монгол хүн шүү дээ. Ганц аяга цайны сүү бариад бие нь яаж байна гээд ороод ирвэл баярлана. Гэтэл дэндүү хүн чанаргүй аашилсан. Бид хоёр залуу хүн, ид ажиллаж хөдөлмөрлөх насандаа яваа. Гэтэл эрүүл мэндээрээ хохирчихоод сууж байна. Үзэх ёстой амьдралаа үзээд, хийх ёстойгоо хийчихсэн бол хамаа алга. Дөнгөж эхэлж байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихлээ.
Охин минь бага, би жирэмсэн. Гэтэл хоёулаа эрхэлсэн ажилгүй болчихлоо. Нөхрөө осолд орсноос хойш таван сарын турш ажлаасаа чөлөө авсан. Саяхан захирлаасаа уучлал гуйгаад ажлаа хүлээлгэж өгсөн. Хариуцлага алдсан барилгын компанид гомдолтой байна. Хяналт тавих ёстой байгууллагууд яагаад энэ компанид хариуцлага тооцохгүй байгаа юм.
-Цаашид ямар эмчилгээ хийлгэх вэ. Хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ? 
-Нүд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх гэхээр донор олдохгүй байна. Зүүн нүд нь хараагүй байгаа. Гэхдээ бүр ширгэчихвэл хүүхдүүд нь харсан ч хэцүү шүү дээ. Тиймээс гоо сайхны хагалгаанд оруулах хүсэлтэй байна. Энэ чиглэлээр хагалгаа хийдэг Солонгосын хэд хэдэн эмнэлгийг судалсан. Ойролцоогоор 35 сая төгрөгийн өртөгтэй юм билээ.
Бид “Баганат-Өргөө” компанид Энэтхэгт үзүүлсэн эмчилгээний зардал болон Солонгост хийлгэх мэс ажилбарын төлбөрийг танилцуулахад “Ямар үнэтэй юм. Дэлхий дээр ийм үнэтэй хагалгаа байдаг юмуу. Төлбөрийг нь өгч чадахгүй. Хуулийн дагуу шийднэ” гэсэн хариу өгсөн.
-Танай нөхөр ажил үүргийнхээ дагуу барилга дээр ажиллах нь зөв юм уу. Тушаал өгсөн даргынх нь буруу юм биш үү? 
-Сэтгүүлч, зураглаачийг дарга нь тийм мэдээнд яв гэвэл чимээгүй л үгэнд нь орно биз дээ. Би тийм мэдээнд явахгүй, ийм мэдээнд явна гэж том дуугарах эрх байхгүй. Үүнтэй л адилхан дарга тушаасан л бол биелүүлэх ёстой. Тиймээс нөхөр маань барилга дээр ажиллаж байсан. Гэхдээ би нөхрийнхөө ажлын газрыг муулахгүй. Хэдийгээр нөхөр маань ажиллаагүй ч цалинг нь өгч байгаа. Нөхрийг минь хэвтэрт байхад ажлынхан нь эргэж тойрч байсан.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих