Баасан гарагийг архигүй өдөр болгох шийдвэрийг иргэд дэмжлээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллах үеэр архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зодоон цохион, хохирол их гарч байгаатай холбогдуулан баасан гарагт архи худалдаалахгүй байх санал гаргасан билээ.

Тэгвэл иргэд, ялангуяа залуус үүн дээр ямар бодолтой байгаа талаар санал бодлыг нь сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Отгон: Нууцаар архи зардаг дэлгүүрт хяналт тавимаар байна

-Дэмжиж байна. Архины хэрэглээ, худалдаа хэрээс хэтэрсэн байна шүү дээ. Энэ үед ганц өдөр ч гэсэн архи зарахгүй байвал уг нь хэрэгтэй юм. Гэхдээ тэр нууцаар архи зардаг газарт бас давхар маш сайн хяналт тавих хэрэгтэй. Архи зарахгүй өдөр гаргаад байдаг. Тэгсэн хэрнээ хамаг хүмүүс нь нууцаар архи зардаг дэлгүүр мэддэг, тэр газраас авч уугаад байвал ялгаагүй юм болно.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Баясгалан: Архи бол сэтгэлийн асуудал  

-Архи уухгүйгээр хүн сайхан амьдарч болно. Ер нь архи гэлтгүй тамхи ч хэрэггүй юм байгаа шүү дээ. Архи ууна гэдэг сэтгэлийн л асуудал. Заавал тэрийг их хэмжээгээр уугаад хэрэг төвөгт ороод байх хэрэггүй шүү дээ. Тэгэхээр залуучууд өөрсдөө маш ухамсартай байх хэрэгтэй байна.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Пүрэвсамбуу: Залуучууд архийг тааруулж хэрэглэх нь чухал  

-Зөв шүү дээ. Залуу хүний хувьд маш их дэмжинэ. Ер нь хараад байхад миний үеийн, надаас жаахан охид, хөвгүүд архи тамхи хэрэглээд явж байна. Үнэхээр харамсмаар. Жаахан юм байж архи тамхи хэрэглэнэ гэдэг эцэг эхийн хүмүүжил ямар вэ гэдгээ л харуулж байгаа. Мэдээж залуу хүн бол огт хэрэглэхгүй байна гэж үгүй. Хамгийн гол нь тааруулж хэрэглэх нь чухал.

Чингэлтэй дүүргийн иргэн А.Мөнхбат: Гуйгаад болохгүй бол гуядах хэрэгтэй

-Дэмжиж байна. Иргэд өөрсдөө архины хэрэглээгээ зохицуулж чадахгүй бол төр засгаас зохицуулах нь зөв. Ер нь гуйгаад болохгүй бол гуядаад шийдвэрлэнэ гэдэг чинь л зөв байх. Уг нь өөрсдөө л зохицуулж шийдэх ёстой шүү дээ. Гэтэл өөрсдөө архины хэрэглээгээ зохицуулж чадахгүй төр засгаар шийдвэрлүүлнэ гэдэг бас нэг ёсны эмгэнэл л байх даа.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Болорцэцэг: Архидалтын хэмжээ аймшигтай болжээ  

-Монголд архидалтын хэмжээ үнэхээр аймшигтай төвшинд хүрсэн байна. Энэ үед нэг өдөр ч гэсэн эрүүл саруул сайхан байвал хаа байх вэ. Зарим хүмүүс долоо хоногийн төгсгөл, тэгээд ч маргааш амрах юм чинь архи уусан ч яадаг юм гэдэг. Гэхдээ амралтынхаа ганц өдрийг эрүүл саруул гэртээ өнгөрөөвөл хэрэгтэй шүү дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн А.Амгаа: Залуус боловсон шоудаж сурч байна

-Дэмжиж байна. Залуучууд боловсон соёлтой шоудаж сурсан гэж боддог шүү дээ. Тийм болохоор баасан гарагт архи зарахгүйгээр шоудсан ч болохгүй гэх газаргүй. Би өөрөө клубт дижи хийдэг. Орж ирж байгаа хүмүүсийг харахад шинэ үеийн залуус үнэхээр боловсон шоуддаг болсон нь мэдэгддэг. Зарим нэг боловсрол муутай хүмүүс л архи ууж агсардгаас биш одоо харьцангуй соёлтой болсон. Дээр нь дэмжээд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаад зохицуулалт хийгээд байхад болохгүй гэх газаргүй. Түүнээс биш заавал 00.00 цагаас хойш баарнуудыг хаана гэх мэт хэт хатуу шийдвэр гаргах шаардлагагүй.

Баянзүрх дүүргийн иргэн Г.Тэмүүлэн: Нэг өдөр ч гэсэн хаа байх вэ  

-Архи зардаггүй өдөр хэдхэн байгаа энэ нөхцөлд нэг ч гэсэн өдөр хэрэгтэй шүү дээ. Ялангуяа баасан гараг гэж, тэр чигээрээ шоудаад, архи ууж мансууран амьдралдаа өчнөөн алдаа хийж байгаа. Тэгэхээр ялангуяа энэ айхтар архидалтыг хазаарлахын тулд баасан гарагт архи зарахгүй болбол нэлээд түлхэц болно.

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Дашзэвэг: Баяр ёслол их болсон цагт зөв зүйл юм

-Ер нь зөв гэж бодож байгаа. Одоо хэрэгтэй хэрэггүй олон баяр ёслол гарсан энэ үед хэрэгтэй санал гэж үзэж байна. Тэртэй тэргүй бараг худалч хүнд сар бүр нэг баяр болж, тэр бүрт далимдуулан архи ууж, гэмт хэрэгт холбогдох болсон шүү дээ. Тийм болохоор залуу хүний хувьд зөв зүйтэй санал гэж бодож байна.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих