Х.Тэмүүжин: II Эмнэлэгт ганцхан Энхбаяр биш бусад хоригдлууд ч эмчлүүлнэ
Тэрбээр мэдээлэлдээ:
-Сүүлийн 10-аад хоног хуулийн байгууллагуудаар бужигнаантай, УИХ дээр нэр бүхий гишүүдийн идэвх санаачлагаар манай яамны харьяа газруудаар хоёр ч удаа шалгалт хийгдлээ. Шалгалтын дүн нь нэг талаас харахад хүний эрхийн асуудал ч юм шиг, нөгөө талаас харахад хувь иргэнд зориулагдсан юм шиг үр дүнтэй байгаа. Олон нийт эндээс бодитой мэдээлийг шаардаж байх шиг байна.
Н.Энхбаяр гэдэг хүнийг суллуулах, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр цөөнгүй эх өлсөж байна. Өлсгөлөн зарлаж байгаа иргэд эх хүн гэдгээ илүү тодорхой хэлж байгаа. Энэ асуудлууд дээр би Хуульзүйн сайдын хувьд тодорхой байр сууриа илэрхийлье. Өнөөдөр хорих ял авсан хүний хувьд аль нэг намын дарга Н.Энхбаяр, тэр дундаа гуравдагч Ерөнхийлөгч Энхбаяр гэсэн ойлголт байхгүй.
Шүүхээс ял авсан болохоор хоригдол, ялтан Энхбаяр гэсэн ойлголт байгаа. Дээд шүүхийн шийдвэр гарсан, бүх шатандаа иргэний давж заалдах эрх бүрэн хангагдсан. Шүүхээс буруутай нь тогтоогдож, ял эдлэхээр хүргэгдэж очсон. Хүргэгдэж очсонтой холбоотойгоор Монгол Улсад ял эдэлж байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль сахиулах үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Энэ үйл ажиллагааг явуулахын тулд бид хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ялтнаа хуулийн дагуу хорих байгууллагын эмнэлэг рүү шилжүүлсэн. Одоо бол урьдчилан хорих төвд ял эдэлж байна. МАХН-ын байранд нэр бүхий иргэд өлсгөлөн зарлаж байгаа. Ялтан Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх хүсэлтийг тэд тавьсан байсан. Хуульзүйн сайдад хаягласан албан ёсны бичиг ирээгүй гэдгийг энд хэлье.
Хэвлэл мэдээллээр дамжуулж мэдээллийг авч байна. Тэдний тавьсан хоёр дахь шаардлага нь ялтан Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шоронгоос суллаач гэсэн хүсэлт тавьж байгаа юм билээ. Энэ шаардлага дээр хууль дүрмээрээ боломжгүй. Яагаад гэвэл Хуульзүйн сайд шүүхийн шийдвэрийг өөрчлөх ямар ч боломж байхгүй.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар гүйцэтгэх эрх мэдэл болон шүүн таслах үйл ажиллагаанд эрх мэдлийг тус тусад нь эрх үүргээр нь зааглаж өгсөн байгаа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг Хуульзүйн сайд өөрчлөх ямар ч эрхгүй. Харин шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх гүйцэлдүүлэх эрх мэдэл надад байгаа.
Тийм учраас энэ хүрээнд бусад ялтантай адил ял эдлүүлэх үүргийг ханган ажиллаж байна. Хууль бус шаардлага тавьж байгаа иргэдийн шаардлагад хуулийн байгууллага орох ямар ч боломжгүй. Монгол Улсад үйлчилж байгаа эрүүгийн хуулийг өөрчлөөч гэсэн ард иргэдийн саналыг хэлэлцуүлж болно. Шүүхээс гарсан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд албан тушаалтан, иргэн, гадаадын иргэн хэнбугай ч байсан дагаж мөрдөж, хүндэтгэлтэй хандах үүрэгтэй.
Тийм учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед танил талаараа ч тэр, өлсгөлөн зарлаад шаардсан хэн ч өөрчилж чадахгүй. Үүнийг өөрчлөх бол байцаан шийтгэх, давж заалдах, хянуулах эргээд шүүхийн журмаар явдаг. Харамсалтай нь Энхбаярыг суллах асуудлаар зөвхөн иргэд бус эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна. Одоо ч дарамт үзүүлж байна.
Албан үүргээ хувийн зорилго, явцуу хүрээнд ашиглах бол Ашиг сонирхлын болон Авлигын хуулиар хориотой зүйл байдгийг давхар хэлье. УИХ-ын нэр бүхий гишүүд хорих байгууллагуудаар хоёр удаа шалгалт хийсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон шалтгалт хийсэн. Тэд ял эдэлж байгаа хоригдлуудыг тодорхой өвчний заалтаар ялаас нь чөлөөлдөг.
Дээрх өвчлөлийн тоог нэмье гэсэн санал гаргасан. Ялаас чөлөөлөгдөх журамд заасан зүйлүүд бусад улс орнуудын жишгээр явж байгаа. Энэ жишиг дээр нэмж тодорхой өвчлөлийг оруулах санал гаргасан. Дээрх өвчин хүний амь насанд нь шууд аюул занал учруулдаггүй, хорих байгууллагуудын эмнэлгийн түвшинд эмчлэх боломжтой учир жагсаалтад оруулах боломжгүй гэдгийг прокурорын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хэлсэн.
Онц хүнд, хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг гадагш гаргаж эмчлүүлэх, шинжилгээ хийхтэй холбоотой журам байсан. Энэ журмыг хүний эрх зөрчиж байна гэсэн үндэслэл гаргасан. Хуульзүйн яам энэ үндэслэл дээр прокурор, шүүхийнхэнд хандсан. Үнэхээр онц хүнд гэмт хэрэгтнүүд эмчилгээгүйгээс болоод нас барах тохиолдолд гардаг байсан. Тиймээс тэднийг хүлээж авах эмнэлгийг гаргах гэтэл байдаггүй.
Гэтэл ЭМ-ийн сайд дангаараа шийдвэр гаргасан байсан. Хорих байгууллагад хоригдож байгаа эхний ээлжийн 20 хүнийг хүлээж авах эмнэлэг алга, харин Н.Энхбаярыг хүлээж авах эмнэлэг байсан. Энэ талаар ч ЭМ-ийн сайдад хэлсэн. Эрүүл мэндийн сайд хоригдлуудыг харьяа аймаг, нийслэлийн эмнэлгээр үйлчлүүлэх тушаал гаргасан байсан. Эдгээр эмнэлгүүдэд харуул хамгаалалтыг нь хоригдлуудын хоригдож байгаа дэглэмийн дагуу аюулгүй байдлыг нь хангуулахаар заасан байсан.
Бид олон эмнэлэгт хамгаалалт тавьж, чангатгаж чадахгүй. Хоригдлуудыг эмчилж байгаа эмч, сувилагч, эмчлүүлж байгаа хоригдлуудыг бие биенээс нь хамгаалж аюулгүй байдлыг хангах ёстой. Бас ял эдэлж байгаа нөхцөл байдлыг харгалзах ёстой. Иргэдэд эмнэлэг нь хүрэлцээгүй байхад булааж авч болохгүй. Тийм учраас нэг эмнэлгийг зааж өг гэсэн.
Гэтэл Энхбаяр даргыгаа хоёрдугаар эмнэлэг, бусад хоригдлыг бусад эмнэлгүүдэд хэвтүүлэх шийд гаргасан байсан. Энэ бол боломжгүй гэдгийг хэлсэн. Н.Удвал сайд хоёрдугаар эмнэлгийг зааж өгсөн. Гэтэл хоёрдугаар эмнэлгийнхэн эсэргүүцсэн. Эмнэлэгийнхэн хоригдлуудыг үзэхгүй, Энхбаярыг үзнэ гэсэн. Хууль зүйн сайдын хувьд хоригдол бол хоригдол ялгаварлаж болохгүй гэсэн.
Хоёрдугаар эмнэлгийнхэн хоёрхон хоригдлыг эмчилнэ гэнэ. Гэтэл цаана нь 20 хоригдлыг яаралтай эмчилгээнд оруулах хэрэгтэй байна. Нэг хүнд зориулсан хууль дүрэм ямар их хор уршиг тарьдаг вэ гэдэг нь үүгээр тод харагдаж байгаа байх. Уг нь өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хүний эрхийг хангахаар хоригдлуудыг эмчилдэг эмнэлэгтэй больё гэж хэвлэлээр шаардаж байсан.
Хоригдлуудыг эмнэлэгтэй болгосон ч тэд өлсгөлөнгөө зогсоосонгүй. Хоёрдугаар эмнэлэгт хоёр өрөөг шоронгийн стандартын дагуу тохижууллаа. Иргэдэд аюул учруулахаас хамгаалж, оргож зайлахаас хамгаалж цонхнуудыг нь торолсон. Одоо прокурор шалгаж үзнэ. Гэхдээ энэ эмнэлэгт ганцхан Энхбаяр хэвтэхгүй, бусад хоригдлуудч эмчлүүлнэ. Энхбаяр энд эмчлүүлэх өвчний шаардлага хангаж байгаа эсэхийг эмчийн дүгнэлтээр тодорхойлно.
Хоёрдугаар эмнэлгийнхэн амь насанд нь халтай өвчний дүгнэлттэй байгаа гэсэн бол шүүхийн шийдвэрийнхэнд амь насанд нь халгүй гэж өвчнийг нь оношилсон. Эцэст нь өлсгөлөн зарлаж байгаа иргэддээ хандан хэлэхэд “Асуудал хуулийн дагуу явж байгаа. Хүн бүр хуулийн өмнө ижил тэгш үүрэгтэй байдаг улс орны иргэд учраас хэн нэгэн даргынхаа төлөө амь насандаа аюултай хэлбэрээр шаардлага тавих нь зохимжгүй.
Тийм учраас өлсгөлөнгөө зогсоогооч ээ” гэдгийг албан ёсоор хэлье гэлээ. Хуульзүйн сайдын мэдээлэл үүгээр зогссонгүй. Сүүлийн үед Монгол Улсад мөнгө угаахтай холбоотой асуудал хүндэрсэн талаар сөхөгдөх болсон. Олон улсын экспиртүүд ч сануулга өгсөөр байгаа. Хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаахтай холбоотой хэрэгт тусгай мөрдөх алба байгуулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.
МИАТ-аар дамжуулж мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулан эдүгээ зургаан хүн саатуулагджээ. Тэдэнд холбоотой нийтдээ 5-6 сая ам.долларын хэрэг үүсгээд байгаа юм байна. “МИАТ”-аас мөнгө угааж гаргаад, эргээд хувьчилж авна гэж байхгүй” гэдгийг Хууль зүйн сайд мэдээллийнхээ үеэр хэлсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Танд хаягласан захидал, мессэжний асуудал юу болсон бол?
-Зөвхөн надад ч бус, Хууль зүйн сайд бүрт заналхийлсэн захидал ирдэг байх. Өмнөх Хууль зүйн сайдууд энэ асуудлаар элдэв зүйл гарна гээд дэлгэдэггүй байсан байж магадгүй. Би ил тод байх нь хэрэгтэй гэсэн үүднээс зарим зүйлийг дэлгэсэн. Эхнийх нь эзэн холбогдогчоо нууцалсан захидал байсан. Хоёр дахь нь мессэжээр ирсэн. Өмнө нь над руу залгасан байсан. Миний үр хүүхэдтэй холбоотой асуудал ярих гэж оролдсон учир би утсаа салгасан.
Дараа нь надад дөрвөн мессэж ирсэн. Хамгийн зөөлнийг нь би твиттерт тавьсан. Өмнөх захидлыг хуулийн байгууллагаар шалгаж байгаа. Би мессэжийг заналхийлсэн гэхээсээ илүүтэй саналаа хэлсэн гэдгээр нь ойлгосон. Гэвч харамсалтай нь үр хүүхэд рүү халдсан учраас заналхийлэл гэж ч ойлгож болохоор. Хараал ерөөл хэлсэн байсан. Би мухар сүсэгт итгэдэггүй учраас үүнийг гүнзгий хүлээж аваагүй.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхэнтэй холбоотой асуудал шийдэгдсэн үү?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бол цэргийн эмнэлэг. Цол зэрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор цэргийн анги нэгтгэл, байгууллага дотор хуулиар зөвшөөрснөөс бусад цуглаан жагсаал зохион байгуулахыг хориглодог. Цэргийн анги нэгтгэл дотор өлсгөлөн зарлах, удирдах албан тушаалтны эсрэг босохыг шууд хориглодог.
Энэ асуудал хүндэрвэл хуулийн дагуу шийднэ. Цол зэрэгтэй хүн өлсгөлөн зарлавал шууд баривчлагддаг. Жагсаал цуглаанд оролцвол цолоо хураалгадаг. Үүнтэй холбоотой асуудал жанжин штаб дээр яригдаж байна. Амь насаараа дэнчин тавиад гал руу орж байгаа, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа 20 мянган алба хаагчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээг хариуцсан эмнэлэг.
Харамсалтай нь өнгөрсөн 14 жил албан бусаар хувьчлагдсан, үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан. Хоригдлуудыг эмчлэхтэй холбоотой чиг үүрэг нэмэх гэсэн чинь түүнийг хэрэгжүүлэх бололцоогүй байсан. Тийм учраас Хууль зүйн яамны харьяанд байгаа эмнэлгээ шинэчлэн зохион байгуулж, үндсэн үүргийг нь хэрэгжүүлэхтэй холбоотой бүтцийн шинэчлэл хийж байгаа.
Энэ өөрчлөлтийг хувьчилж авах гэж байгаа хүмүүс эсэргүүцэж байна. Хэрвээ цэргийн анги нэгтгэл дотор энэ асуудал гарвал юу болох вэ. Зарим нэг хилийн анги цэргийн аюулгүй байдлыг хангахын тулд шилжилт хийх гэж байна. Тэд эсэргүүцвэл яах вэ. Цалингаа авахдаа, одон зүүхдээ баяр хөөртэй авчихаад албан үүргээ гүйцэтгэх болохоор эсэргүүцэж байгаа хүмүүстэй цаашид төр тушаал өгч ажиллах боломжгүй болж байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: