Нээлттэй байна гэдэг бүх зүйлээ нээнэ гэсэн үг биш шүү Ч.Сайханбилэг сайд аа
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд маргалдаж, улмаар Ч.Сайханбилэг сайд Ж.Энхбаяр гишүүнийг заамджээ. Тэрхүү асуудал нь Монгол Улсын иргэдийн хувийн мэдээллийг ил гаргах асуудал. Иргэн гэр бүл, ажил мэргэжил, яс үндэс, шашин шүтлэг, харилцах данснаас эхлээд өвчний түүх бүхий л мэдээлэл Монгол Улсын нууцад хамаардаг.
Энэ бүхнийг ил болгоно гэдэг хуулийн төслийг Ч.Сайханбилэг сайд оруулж ирсэн. Нөгөө хуулийн төсөл нь Монгол Улсын газар нутгийг нарийвчлан буулгасан 1:100.000 масштабтай газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах. Энэ бол улсын онц чухал нууцад хамаарах асуудал юм.
Эдгээр асуудал нь нилээн маргаан дагуулж байгаа бөгөөд зөвхөн хоёр нам биш мөн АН-ын дотор ч үүнийг эсэргүүцэж байгаа гишүүд олон ажээ. Монгол улсын нууцуудыг ил гаргах нь Ч.Сайханбилэг гишүүний хувийн бизнестэй холбоотой ч гэсэн мэдээ гараад байна.
Карл Попперын бичсэн “Нээлттэй нийгэм түүний дайснууд” номын гол санаа юу вэ гэхээр “ардчилал, эрх чөлөө, нээлттэй байдал, олон ургалч үзэл” яриад бүх зүйлээ нээж ил болго гэсэн үг биш шүү. Харин дайснууд чинь нээлттэй бай, нээлттэй бай гэж тархийг чинь угаанаа. Битгий тархиа угаалгаж бүх зүйлээ нээгээрэй гэсэн л анхааруулга. Хэрэв бүх зүйлээ нээчих юм бол дайснууд чинь бүх нууцыг чинь мэдчихнэ гэдгийг хэлсэн. Нэгэнт нууц үгүй тул ямар ч хамгаалалтгүй дайсандаа ялагдана гэдгийг тэрхүү номоороо хэлсэн.
Аливаа улсад нууц гэж заавал байдаг. Глобалчлал яриад л, энхтайван хэмээн орилсон ч аливаа үндэстэн өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдалдаа анхаарсаар л байх болно. Бөөсөө гаднаа байлгаж, бодлогоо дотроо нууцалсаар байх ёстой. Ч.Сайханбилэг сайд сүүлийн үед иргэдийн эсрэг зүйлүүд санаачлах донтой болчихсон юм шиг байгаан. Хэн нэгний захиалгаар хийгээд байна уу аль эсвэл өөрийн ашиг сонирхлын үүднээс хийгээд байна уу? Энэ улсад оролдож болдоггүй, нээлттэй болгож болдоггүй зүйл гэж байдаг юм даа.
/Цагтөр.мн/
URL: