Орон байр, автомашины хулгайн хэрэг өссөн байна
Цагаан сарын баяр ойртсонтой холбогдуулан хулгайн хэрэг өсчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн тасгийн байцаагч Э.Төгсбаяраас тодруулсан юм.
-Тэмдэглэлт баяр дөхөхөөр гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Танайд ихэвчлэн ямар төрлийн хэрэг бүртгэгдэж байна вэ?
-Баяр ёслолын үеэр нийслэлд хулгай, танхайн хэрэг, орон нутагт мал, махны хулгай өсөх хандлага гардаг. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд нийслэлд 52 хэрэг бүртгэгдсэний 20 гаруй нь хулгайнх байсан. Харин ням гаригт 33 гэмт хэрэг гарсан. Сүүлийн үед орон байр болон машины эд зүйлсийг хулгайлах хэрэг өсөх боллоо. Үүнээс гадна гэр хорооллын айлууд хулгайд өртөх нь элбэг. Иргэд ууц, бууз, баншаа баталгаагүй газар хадгалснаас болж алдах тохиолдол жил бүр гардаг. Тиймээс гэр хорооллын иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Иргэд бууз, баншаа алдчихаад тэр болгон цагдаад мэдэгддэггүй. Энэ төрлийн хэргийн эзэн холбогдогч нь олддог уу?
-Иргэд буузаа алдчихаад цагдаагийн газарт мэдэгдэхгүй өнгөрөх нь бий. Хэтэрхий хэнэггүй байна. Хэргийг шуурхай мэдэгдэх тусмаа хурдан илрүүлнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бууз , баншны хулгайг ихэвчлэн тухайн айлыг мэддэг, таньдаг хүн хийсэн байдаг. Хэдийгээр цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй ч иргэд эд хөрөнгөдөө эзэн байх хэрэгтэй. Цагдаа хамгаална гээд хамаг эд зүйлээ дэлгэж хаячихаад суугаад байж болохгүй.
-Автомашины хулгайн хэрэгт вьетнам авто засварын газрууд холбоотой байдаг гэсэн. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст автомашин бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа. Энэ төрлийн хэргийг шалгах явцад вьетнам засварын газрууд автомашины хулгайтай холбоотой болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас хулгайн хэргийг нөхөн илрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн цагаан сарын баяртай холбогдуулан цагдаагийн алба хаагчид дотоодын цэргийнхэнтэй хамтран уртасгасан цагаар харуул хамгаалалтад гарч байна.
URL: